А.Мөнхөө: Хоёр зүйлийг амьдралдаа хэрэгжүүлбэл ямар ч өвчин эдгэрнэ

 Өвөрмонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор, профессор А.Мөнхөө “Саруул ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекцээ ирэх сарын 2 буюу ням гарагт 10.00 цагаас “UB palace”-ын их танхимд олон нийтэд зориулан уншина. Саруул ухаанаар эрүүл биеийг хэрхэн бүтээх талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

БИ 30 ЖИЛ СУДАЛГАА ХИЙЖ ЭРҮҮЛ АМЬДРАХ АРГА УХААНЫ СИСТЕМЧИЛСЭН ЦОГЦ БҮТЭЭЛ ГАРГАСАН

-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг хүмүүс “Эрүүл энх амьдрах арга ухаанд суралцаж, илрээгүй өвчнөө эдгээж, өөрийгөө эрүүлжүүлэх шинэ арга зам” цогц хичээлийн зохиогч, эрүүл мэнд, сэтгэл зүй, эрүүл хооллолтын зөвлөх багш гэдгээр нь сайн мэддэг. Би 1981 оноос хойш анагаах ухаанд суралцаж, ажиллаж, судалгаа хийж байна. 1995 оноос өмнө мэс заслын эмчээр ажилласан. Ямар нэгэн өвчин тусаад эмнэлэгт хандсан хүнд мэс засал хийдэг, огтолдог, болохгүй бол эд эрхтнийг нь тайрдаг байлаа. 1980-1990 оны үед эмч нарын ур чадвар нэмэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмж хөгжиж, олон төрлийн эм, тариатай болсон. Үүнийг дагаад хүм амын өвчлөл багасах учиртай. Гэтэл бодит байдалд багасах нь битгий хэл улам ихэссэн. Сүүлийн үед элдэв шинэ өвчин бий болж хүн амын эрүүл мэнд улам ээдрээтэй болж байна. Тиймээс би энэ байдлыг өөрчлөх ёстой гэж үзэн хүн бүр өөрийн бие, сэтгэл, гараараа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг бий болгох цогц хичээл бүтээсэн юм. Гэхдээ зүгээр сууж байгаад бүтээчихээгүй. Цогц хичээлтэй болохын тулд 30 жил судалгаа хийсэн. Үүний үндсэнд эрүүл амьдрах арга ухааны системчилсэн цогц бүтээл гаргасан.

-Сүүлийн үед янз бүрийн өвчин бий болж буй нь эрүүл мэндийн салбарынхан төдийгүй олон нийтийн сэтгэлийг түгшээх болсон. Ямар шалтгаанаар янз бүрийн өвчин бий болоод байна вэ?

-Эмнэлэг хүнийг өвдсөнийх нь дараа эмчилдэг. Энэ газарт гадна талын шарх, зүрхний шигдээстэй, тархинд нь цус харвасан, амьсгал нь тэмцэж байгаа гэх мэт яаралтай, түргэн тусламж авах шаардлагатай хүмүүс хандах ёстой. Гэтэл өнөө үед халдварт бус өвчин туссан хүн эмнэлэгт хандаж, эм, тариа хэрэглэдэг болсон. Өнөөдрийн нийгэмд хүн амын дунд халдварт бус өвчин давамгайлах боллоо. Өөрөөр хэлбэл, бид зөв амьдраагүйгээс өвчин тусч байна гэсэн үг. Хамгийн гол нь тухайн өвчнийг юу үүсгэж байгааг тодорхойлох хэрэгтэй. Хүн их идэх, бага хөдлөх, уурлах гэх мэт буруу дадал зуршлыг бий болгосноор өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Хүн уурлах үед үүнийг дагаад тархи нь хямардаг. Түүнийг дарахын тулд илүү их иддэг эсвэл хөнжлөө нөмрөөд хэвтдэг. Ийм байдлаар өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж эцэст нь өвддөг.

-Тэгвэл өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлэхгүйн тулд бид яах ёстой вэ. Ямар арга зам байна вэ?

-XXI зуун бол эрүүл мэндийн зуун. Энэ зуунд зөвхөн өвчнийг эмчлэх биш, харин урьдчилан сэргийлэхийг илүү чухалчлах ёстой. Хүн өвчин тусахгүй байх бүрэн боломжтой. Үүний тулд өвчин тусахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл амьдрах аргад суралцах ёстой. Дараа нь хэрэгжүүлэх, улмаар хэвшил болгох хэрэгтэй юм. Хүн төрөлхтний эрүүл байх зам бол зөвхөн суралцах юм. 1928 онд Английн эрдэмтэн пинциллинийг бүтээсэн. Тухайн үед хүн төрөлхтөн халдварт өвчнөөс салах цаг болсон гэж ярьж байсан ч одоо хүртэл салж чадаагүй л байна. Тухайлбал, сүрьеэ бол хуучин өвчин. Сүүлдээ энэ өвчин эмэнд тэсвэртэй болсон. Өөрөөр хэлбэл, сүрьеэтэй хүн эм уугаад ч эдгэрэхгүй гэсэн үг. Уг нь дэлхий нийтэд эмийн үйлдвэрлэл хөгжсөн шүү дээ. Ялангуяа Монголд эмийн үйлдвэрлэл маш сайн хөгжиж, үй олон эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь зах зээл байгааг харуулж байгаа хэрэг. Цусны даралт өндөр, чихрийн шижинтэй, элэг нь өөхөлсөн гэх мэт янз бүрийн өвчтэй хүмүүс олон эм удаан хугацаанд уугаад ч эдгэрдэггүй. Харин бид хамтдаа үүнийг эмчилж, эдгээж болно. Мөн үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломж бий. Үүний тулд суралцах л хэрэгтэй.

САРУУЛ УХААНААР ЭРҮҮЛ БИЕ БҮТЭЭХ АРГАД СУРАЛЦСАН 134 КГ ЖИНТЭЙ ХҮН 62 КГ ХАССАН

-Юунд яаж суралцах ёстой юм бэ. Эрүүл амьдрах арга ухаанд суралцахаар шийдсэн хүн юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Эрүүл амьдрахад анагаах ухааны нарийн мэргэжил шаардлагагүй. Их хэмжээний хөрөнгө мөнгө ч хэрэггүй. Эрүүл мэндийн тухай ном, сонин уншиж, ойлголт мэдлэгээ дээшлүүлж, аливаад шинжлэх ухааны үндэслэлтэй хандвал эрүүл саруул, аз жаргалтай, сайн сайхан амьдарч чадна. ДЭМБ эрүүл мэндийн тулгын гурван чулуу бол зөв хооллох, зохистой хөдөлгөөн хийх, сэтгэл санаагаа тайван байлгах гэж тодорхойлсон байдаг. Үүн дээр бас нэг зүйлийг нэмэх нь зүйтэй. Энэ бол нөөц хүчин чадлаа сэргээх явдал юм. Эдгээрийг л амьдралдаа хэрэгжүүлж, зуршил болгох хэрэгтэй. Ямар нэгэн өвчин туссан хүн эмнэлэгт ханддаг. Гэтэл эмнэлгээс гарсны дараа зарим архаг өвчин бүрэн эдгэрдэггүй учраас тэр үед өөрийгөө зөв удирдан эрүүл амьдрах хэрэгтэй. Үгүй бол өвчин дахин хүндрэх магадлалтай. Тиймээс би эмнэлэгт хэвтэхээс өмнө, тэндээс гарсны дараа эрүүлжихэд нь тусламж үзүүлэх, мөн зааж зөвлөдөг. Эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай олон хүн манайд суралцаж, эрүүлжин, ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг болсон. Тухайлбал, 134 кг жинтэй хүн саруул ухаанаар эрүүл бие бүтээх аргад суралцаад 62 кг хассан удаатай. Тэр хүн өнгөрсөн хугацаанд жин хасахын тулд олон удаа янз бүрийн оролдлого хийсэн гэсэн. Үр дүнд нь дөрвөн кг жин л хассан гэдэг.

Жишээлбэл, 21 хоног хоолны дэглэм барьж, тураах бэлдмэл уугаад эцэст нь ухаан алдаж унасан талаар бидэнд ярьсан. Аливаа зүйлийг олон нийтэд системтэй ойлгуулах нь зүйтэй. Жишээлбэл, хүүхдийг 100 хүртэл тоолуулж сургахын тулд эхнээс нь заавал маш хурдан сурна. Харин энд тэндээс нь 2, 10, 22, 80 гэх мэтээр заавал хэзээ ч сурахгүй шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлийг хүнд системтэй ойлгуулж чадаагүйгээс болж төөрөгдөлд ордог. Жишээлбэл, улаан чавга идвэл таны өвчин эдгэрэх үү. Мэдээж үгүй. Харин нэг хар чавга таны хоол хүнсний бүрэлдэхүүн хэсэг болбол эрүүл мэндэд тустай байх болно.

-Эрүүл амьдрах арга ухааны системчилсэн цогц хичээлийг та бүтээсэн гэлээ. Энэ хичээлийнхээ талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ бол Европ эмнэлэг, сэтгэл зүйн ухаанд үндэслэж, шинэ ухагдахууныг танилцуулж, эрүүл энх, аз жаргалтай, сайхан амьдралыг суралцах арга хэлбэрээр бий болгох хичээл юм. Энэ хичээл маань бодит амьдралд маш үр дүнтэй. Жишээлбэл, манай хичээлд олон хүн суралцаж үзэл бодолд нь өөрчлөлт гарсан. Тэд өмнө нь өөрийн эрүүл мэндээ эмч, эмнэлэгт даатгадаг байсан бол одоо өөрөө хариуцах ухамсартай болсон. Хичээлээр олон хүн өөрийгөө эрүүлжүүлж чадсан. Түүнийг нь бид дүрс бичлэгээр баримтжуулсан. Одоогоор 45 минутаар бичсэн 700 гаруй бичлэг бидэнд байна. Энэ бол олон жил хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, баталгаа юм. Дэлхий дахинд эдгэрдэггүй өвчин бол хэрх. Үүнийг хятадууд “Үхдэггүй хорт хавдар” гэдэг. Харин бид энэ өвчнийг 80-90 хувьтай эдгээж байна. Бидний үгийг сонсч, заасан аргыг амьдралдаа хэрэгжүүлж чадвал ямар ч өвчин эдгэрнэ. Үүний тулд нэгдүгээрт, эрүүл амьдрах арга ухаанд суралцах ёстойг дахин хэлье. Хоёрдугаарт, эрүүл биед саруул ухаан байдаггүй, саруул ухаанаас эрүүл биеийг олдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ эрүүл биед саруул ухаан байж болно. Эрүүл биеэр саруул ухааныг олсон бол саруул ухаанаар эрүүл биеийг олно. Энэ нь хоёр зүйлтэй холбоотой. Тухайлбал, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хүмүүс зургаан сарын өмнөөс бэлтгэлээ хангах ёстой.

Тодруулбал, эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд өөрсдөө эрүүл байх ёстой юм. Харин цусны даралт өндөр, илүүдэл жинтэй гэх мэт ямар нэгэн өвчтэй хүнээс өвчтэй хүүхэд төрөх магадлал их. Удмын өвчтэй хүүхэд төрүүлж буй хүнийг нүгэл үйлдэж байна гэж ойлгодог. Нэгэн жишээ татъя, танил маань одоо гурван хүүхэдтэй. Анхны хүүхдээ 20 гаруй насандаа эрүүл саруул төрүүлсэн. Хоёр дахь хүүхэд нь хоёрдугаар, гурав дахь нь нэгдүгээр хэлбэрийн чихрийн шинжин өвчтэй гарсан. Учир нь, тухайн үед нөхөр нь маш их илүүдэл жинтэй байсан. Хоёр хүүхэд нь бүх насаараа тариа тариулж байж хоол унд иднэ гэсэн үг. Ийм л байдлаар ээж аав нь нүглээс илүү нүгэл үйлдэж байна.

ЭЛЭГНИЙ ВИРУСТЭЙ ХҮН ДУСАЛ АРХИ УУЖ, ШИРХЭГ ТАМХИ ТАТАЖ, ХЭРЧИМ ӨӨХ Ч ИДЭЖ БОЛОХГҮЙ

-Сүүлийн үед төрөл бүрийн хавдар бий болж, олон хүн эрүүл мэндээрээ хохирч, зарим нь амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн салбарынхан хавдар залуужиж байна, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж анхааруулдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Энэ аюулаас ангижрах боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Хорт хавдар туссан хүн манай хичээлээс суралцаад эдгэрсэн тохиолдол бий. 2013 оны Тяньжинь хотод хуралдсан Ази Номхон далайн орнуудын хорт хавдрын эсрэг XX хурлын дарга “Хорт хавдар бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон” гэж хэлж байсан. Дэлхий нийтэд жилд 11 сая хүн хорт хавдраар шинээр өвдөж, долоон сая хүн амь насаа алдаж байна. Сүүлийн 30 жилд дэлхийн хорт хавдартай болсон хүний тоо жил бүр 3-5 хувийн хурдтай нэмэгдэж байна. Дэлхий нийтэд хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 50 хувийг Ази Номхон далайн орнууд эзэлж байна. Уушги, элэг, ходоод, улаан хоолой, шулуун гэдэс, сав, хөх, хамар болон багалзуур хоолойн хорт хавдраар нас барсан хүний тоо Хятад улсын хорт хавдраар нас барж буй бүх хүний 80 хувийг эзэлдэг.

Үүний гол шалтгаан нь амьдралын буруу дадал зуршил, хүн амын өсөлт юм. Иймд Хятадын Засгийн газар 2016 онд эрүүл мэндийн анхдугаар хурлаа хийж, өнгөрсөн хугацаанд бид өвчнийг эмчилж байсан бол одоо бид түүнээс урьдчилсан сэргийлэх ёстой гэсэн ойлголтод хүрсэн. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, сэтгэл санаагаа тайван байлгах, зөв зохистой хооллох, жингээ барих, идэвхтэй хөдөлгөөн хийх, ногоо жимс, бүхэл үрийн гурил, будаа хэрэглэх ёстой. Мөн амьтны биш ургамлын гаралтай хоол хүнс түлхүү идэх хэрэгтэй. Хүнд 35 наснаас нь эхлэн хөгшрөх үйл явц явагддаг. Тиймээс энэ наснаас хойш жилд нэг удаа шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Ялангуяа эмэгтэйчүүд хөх, умайн хүзүү, савны шинжилгээ заавал өгөх ёстой. 40-өөс дээш насны хүмүүс 3-5 жилд нэг удаа ходоодоо дурандуулж байх хэрэгтэй. Элэгний вирустэй хүн дусал архи ууж, ширхэг тамхи татаж, хэрчим өөх ч идэж болохгүй. Цусны даралт өндөр байгаагийн гол шалтгаан нь давс их хэмжээгээр хэрэглэх, уурлаж уцаарлах, илүүдэл жинтэй байгаатай холбоотой. Дэлхий нийтэд цусны даралт өндөртэй болсон бол нэг насаараа эм уухаас өөр аргагүй гэдэг. Үүнийг бид үгүйсгэж, тийм зүйл байхгүй гэдгийг нотолсон. Хэрэв та улаан хоолойн өвчин тусмаар байвал, хорт хавдартай болмоор байвал, цусны даралтаа өндөр байлгамаар байвал, амархан хөгширмөөр байвал давс сайн хэрэглээрэй. Үгүй бол яг одооноос давсны хэрэглээгээ багасгаарай.

-Дотоод болон гаднын янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж сүүлийн үед төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх тохиолдол нэмэгдэх болсон талаар эмч ярьж байсан. Үүнийг эмчлэх, ийм асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломж бий юү?

-Ийм асуудлыг 80 хувь хүртэл буу руулах боломжтой. Зарим үед аргагүй тохиолдол гэж байдаг. Бидний зорилт бол энэ нийгэмд амьдарч буй хүмүүсийг эрүүл байлгаж, урт удаан наслуулах юм. Мөн эрүүл хүн бий болгох явдал. Эрүүл хүүхэд төрүүлээгүй хүнтэй эрүүл мэндийн талаар ярих нь хүндрэлтэй. Хүний эд эс, эрхтэн эмээс биш хоолноос төлждөг юм. Бидний бие өдөр бүр тасралтгүй шинэчлэгддэг. Нэг хэсэг нь үхэж байхад нөгөө хэсэг нь сэрж, шинээр бий болж байдаг. Өвчилсөн үед маш олон эд эс мөхдөг. Үүнийг хоолоор төлжүүлэх ёстой. Гэхдээ зөвхөн мах, гурилаар биш шүү. 20-30 төрлийн хоол идэх хэрэгтэй. Хамгийн өндөр насалдаг үндэстэн бол Япон. Яагаад гэвэл, япончууд өдөрт хамгийн багадаа 20-30 төрлийн хоол иддэг, мөн эрүүл амьдрахыг багаас нь зааж, сургадаг. Жишээлбэл, япончууд тарган буюу илүүдэл жинтэй хүнийг ажилд авдаггүй. Хэрэв ажилд авсны дараа таргалбал гурван удаа анхааруулаад биеийн жингээ хэвийн хэмжээнд хүргэхгүй бол ажлаас нь чөлөөлдөг. Би япончууд хоолны амтыг бус ашиг тусыг нь чухалчилдаг гэдгийг 1980-аад оны үед сонсч байлаа. Тухайн үед надад их сонин санагдаж байсан ч одоо бол үүнийг өөрөө биелүүлэхээс гадна олон хүнийг хэрэгжүүлэхэд нөлөөлж чадсан. Бид амттай хоол идэхийг илүүд үздэг учраас түүнийгээ олон төрлөөр баяжуулж, зөв, эрүүл аргаар хийх нь чухал юм.

ХООЛ ХЭТЭРВЭЛ ХОР, ХӨДӨЛГӨӨН ХЭТЭРВЭЛ ХОХИРОЛ АВЧ ИРНЭ

-Хүн интернэт болон бусад янз бүрийн зүйлээс эрүүл мэндийн олон талын зөвлөгөө, мэдээлэл авчихаад түүнийхээ алийг нь амьдралдаа хэрэгжүүлэхээ шийдэж чадахгүй тохиолдол гардаг. Энэ тал дээр та хүмүүст ямар зөвлөгөө өгдөг вэ? -Тамхи, архи, өөх, давс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ өөх, давс хүний биед хэрэгтэй учраас хэмжээг нь тааруулж хэрэглэхийг сануулдаг. Эдгээр дээр кимчи нэмэгдсэн. Харин перцийг бол хоол хүнсэндээ хэрэглэвэл маш сайн. Ямар ч асуудалгүй. Японд өдөрт 35, Хятадад 30-аас дээш төрлийн хоол хүнс хэрэглэхийг ард иргэддээ уриалдаг. Тиймээс аль болох олон төрлийн, олон өнгийн хоол хүнсийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Зөв хооллох гэдэг нь хүнсээ зохистой тохируулахаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хоол хүнс их байх тусмаа сайн биш. Харин шим тэжээл сайтай, олон төрлийн, олон өнгөтэй байвал илүү сайн шүү. Идэж, ууж чадаж байвал эрүүл гэсэн үг биш, харин зөв идэж, зөв ууж чадвал эрүүл байх суурийг тавьж байгаа юм. Ходоодондоо захирагдвал бие, сэтгэл хохирно. Харин эрүүл ухаанаар хоолловол ходоод баярлаж, бие сэтгэл баярлана.

-Кимчийг яагаад идэж болохгүй гэж. Уг нь солонгосчууд хоол хүнсэндээ их анхаардаг юм. шиг санагддаг?

-Кимчийг даршилсны дараа нетрин гэдэг бодис үүсдэг. Энэ бол хор. Манай хэллэгээр бол давс. Ингэснээр шим тэжээл нь устдаг. Та кимчи иддэг бол хор иддэг гэсэн үг шүү. Гэхдээ энэ бол таны сонголтын асуудал. Сонголтоо зөв хийх нь эрүүл байхын үндэс суурь юм. Үндэс суурийг зөв бүрдүүлэхийн тулд эрүүл амьдрах арга ухаанд суралцах хэрэгтэй.

-Бидний хоол хүнсний салшгүй хэрэглээ бол өөх, давс. Ялангуяа хүүхдүүд хоолныхоо өөхийг аав ээждээ өгдөг. Ер нь давс, өөхийг хэрхэн хэрэглэх вэ. Хэмжээг нь яаж тааруулах ёстой вэ?

-Ямар өөхийг хэр хэмжээнд идэх вэ гэдэг бол нэг асуудал. Монголчууд хүүхдэдээ сүүл хөхүүлдэг. Энэ бол маш сайн. Хэрэв та өвлийн цагт морь унаж яваа бол, хүрз бариад гадаа ажиллаж байгаа бол сүүл идэж болно. Хэрэв та албан ширээний ард суучихаад сүүл идбэл хоол биш хор болно шүү. Гэхдээ сүүл идэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах учиртай. Эхлээд эмнэлэгт хандаж элэг, цусны өөх өндөр байгаа эсэхийг тодорхойлуулах хэрэгтэй. Хэрэв элэг, цус өөхгүй бол сүүл идэж болно. Гэхдээ өдөрт 25 грамм өөх идвэл зохистой. Харин уур амьсгал хүйтэн нутагт, биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүмүүс үүнээс илүү хэрэглэж болно. Өөх яагаад хүнд хэрэгтэй байдаг гэвэл хүний биеийн бүтцийн нэг гол чухал бүрэлдэхүүн. Жишээлбэл, бидний тархины 60 хувь нь сайн чанарын өөхөн хүчил байдаг. Өөрөөр хэлбэл, хайлмаг буюу царцдаггүй өөхийг сайн чанарынх гэдэг. Хүүхэд болон жирэмсэн хүнд өөх хэрэгтэй ч хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Амьтны гаралтай ханамал өөх их хэрэглэвэл шим тэжээл хэтэрч, цусан дахь холестрин нэмэгдэж, таргалж, чихрийн шижин, даралт ихсэх, судасны хатуурал зэрэг олон өвчний эх үүсвэр болдог. Өөрөөр хэлбэл, туранхай, тарган, хөгшин, залуу хамаагүй элэг, цус нь өөхтэй л байвал цусны судас нь зайлшгүй хатуурна. Хурдан хөгширнө. Хайр хэтэрвэл хорсол болно. Хоол хэтэрвэл хор болно. Хөдөлгөөн хэтэрвэл хохирол авч ирнэ.

-Хоолоо хийхдээ наран цэцгийн тосоо хийж халаасныхаа дараа ногоо, махаа хуурах нь буруу гэж сонссон. Яаж хуурах нь зөв бэ?

-Ер нь олон төрлийн ургамлын тос хэрэглэх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд тустай. Манайх маажин, олив, эрдэнэ шиш гэх мэт 3-4 төрлийн тос хэрэглэдэг. Ингэхдээ бүх тосыг холиод нэг том саванд хийчихдэг юм. Хоолны ногоо, махыг хуурахаасаа өмнө бага зэрэг ус хийгээд дараа нь ургамлын тосоо хийж халаагаад мах, ногоогоо хуурдаг. Амархан царцдаг, ханасан өөхөн хүчилтэй тосыг муу чанарын тос гэдэг. Жишээлбэл, ямааны өөх. Гэхдээ тос болгон царцдаг. Хэрэв, арван хэмд царцаж байвал тэр муу тос. Түүнээс доош хэмд царцахгүй байвал сайн чанарын тос гэсэн үг.

СУУЖ БАЙХДАА ГҮЙГЭЭД ТУРДАГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ

-Нэг үеэ бодвол хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон юм шиг санагддаг. Фитнесст явах гэх мэтээр дасгал хөдөлгөөн хийж байна. Тэгвэл олон цагаар ширээний ард сууж ажилладаг хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн маш чухал. Дасгал хөдөлгөөн хийх нь гадаа гудамжинд гүйхийн нэр биш шүү. Хоёр төрлийн дасгал хөдөлгөөн бий. Нэгдүгээрт, гадна талын хөдөлгөөн. Хоёрдугаарт, эд эс, эрхтний үйл ажиллагаа буюу дотор талын хөдөлгөөн. Иймд гадна талын хөдөлгөөнөө сайн хийвэл дотор талын эд эс, эрхтэн эрүүл байна. Гадна талын хөдөлгөөн зогсвол дотор талын хөдөлгөөн мөн зогсоно. Ийм уялдаа холбоотой. Гэтэл хүмүүс гадаа хүйтэн, халуун, бороо шороотой байна гээд алхах, дасгал хийхээс залхуурдаг. Сууж байгаад гүйж болдог, хэвтэж байгаад дасгал хөдөлгөөн хийж болдог гэдгийг мэдэх үү. Ийм зүйлийг л ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, сууж байхдаа хоёр гарынхаа алгыг хооронд нь маш хурднаар үрэхийг сууж байгаад гүйх гэнэ. Хоёр гарынхаа алгыг хооронд нь үрэхээр их хэмжээний энерги зарцуулдаг. Зүрхний цохилт түргэсч, хөлс гардаг. Зөвхөн энэ хөдөлгөөнийг хийгээд жин хаясан, турсан хүн бий. Ер хүний бодлыг өөрчлөх хэрэгтэй. Би хөл муутай гүйж чадахгүй гэдэг. Тэгвэл та сууж байгаад гүйх хэрэгтэй.

-Хоол ихэдвэл хор болно. Хөдөлгөөн илүүдвэл хохирол авч ирнэ гэж та хэллээ. Хүн хөшиж үхэхээс хөгширч үхдэггүй гэдэг. Хөдөлгөөн илүүднэ гэж та юуг хэлж байна вэ?

-Бүх зүйл хэмжээ, хязгаартай. Хүн өдөрт 10 мянгаас илүү алхвал хохирол учирдаг. Өөрөөр хэлбэл, өвдөгний үе элэгдэж, хэдэн жилийн дараа ясан өвдөгтэй болох магадлал их. Өвдөгний мөгөөрс нэг л элэгдвэл дахин сэргэдэггүй. Малчид хэт их хөдөлмөрлөсний дараа ядардаг. Өвдөг нь өвддөг. Энэ нь хөдөлгөөн ихэдсэний уршиг.

-“Уул морийг, уур биеийг зовооно гэдгийг хүн бүр мэддэг ч амьдралынхаа мөрдлөг болгож чаддаггүй. Ер нь хүнийг яагаад уурлаж, муухай зан гаргаж болохгүй гэдэг юм бэ. Сөрөг энерги эрүүл мэндэд хохирол учруулах уу?

-Уурлаж, элдэв муу юм бодвол хүний дотоод үйл ажиллагаа эрүүл байж чадахгүй. Буруу зүйл хийчихээд хүн мэдээгүй юм чинь миний биед сөрөг энерги үүсээгүй гэж бодож болохгүй.Сөрөг энерги үүсгэснээр өөрийгөө хохирооно. Тухайлбал, нойр хулжих, ой тогтоолт муудах, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн өвчин үүсгэх аюултай. АНУын нэгэн их сургуулийнхан хүн залхуурах үед С урвалын уураг нэмэгддэгийг судалгаагаар тогтоосон. Энэ уураг нь үрэвсэл үүсгэдэг юм. Үрэвсэл нь судасны дотор ханыг зузааруулан хатууруулж, судас бөглөрөх нөхцөл бүрдүүлж, улмаар зүрх, тархины цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд хамгийн гол нь сэтгэл санааныхаа боол нь биш, эзэн нь болох хэрэгтэй. Эзэн нь байна гэдэг тайван амгалан байхыг, боол нь болно гэдэг нь уурлаж уцаарлахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, аягатай ус барьж байтал хажуугаар гарсан хүн гар хөдөлгөөд талыг нь асгачихлаа гэж бодъё. Ийм үед өөрийгөө зөв удирддаг, эзэн хүн “Хүн гар хөдөлгөөд байхад хагас нь үлдсэн байна. Би ямар азтай юм бэ” гэж хэлдэг бол буруу удирддаг хүн уурлаж хэрүүл хийдэг.

ЗӨВ ЗҮЙЛИЙГ АМЬДРАЛЫНХАА ЗУРШИЛ БОЛГОСНООР НАСАН ТУРШДАА АШИГ ХҮРТЭНЭ

-Хүмүүс эрүүл мэнд хэчнээн чухал гэдгийг ойлгосон ч анхнаас нь анхаараагүйгээс одоо хичээгээд ямар ч үр дүн гарахгүй, оройтсон гэдэг. Нэг ёсондоо “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав” гэдэг хандлагаар ханддаг. Оройтсон гэдэг ойлголт байж болох уу?

-Эрүүл мэнд ямар чухал болохыг ойлгож ухаарна гэдэг том алхам. Тиймээс эрүүл мэнддээ анхаарал тавихад эртдэхгүй бас оройтохгүй. Гэхдээ оройтохгүй гэсэн гээд алгуурлаж болохгүй шүү дээ. Нэг өдрийн өмнө ч болтугай эрүүл мэнддээ анхаарвал нэг өдөр эрүүл саруул аж төрөхийн үнэ цэнийг мэдэрнэ. Өнөө үеийн нийгмийн байдлаас үзэхэд 30-40 насныхан зүрх судасны өвчин, цусны даралтаас болж эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байна. Хэрэв энэ насныхан эртнээс эрүүл мэндийн мэдлэгт суралцаж, эзэмшиж, хэрэгжүүлсэн бол амь насаа алдахгүй байлаа. Олон жилийн өмнө би нэгэн хошууны удирдлагад ард түмэндээ эрүүл амьдрах арга ухааны хичээлийг хүргэх санал тавьсан юм. Тухайн үед тэр хүн зөвшөөрсөн боловч дараа нь миний утсыг аваагүй. Арван жилийн дараа гэнэт над руу утасдаж “Өвчний улмаас ходоодоо тайруулсан. Одоо яах вэ” гэж асуусан. Үнэхээр харамсалтай. Хэдий ийм харамсалтай зүйл болсон ч тэр хүн эрүүл мэнддээ анхаарч, урт удаан насалж болно. Миний таньдаг нэгэн залуу компани удирддаг байлаа. Тэр 40 нас ч хүрээгүй. Гэвч тэр цусны даралт өндөртэй, цусны холестрин их, цусны чихэр өндөр байсан тул би түүнд хэрхэн эрүүл амьдрах талаар ярьсан. Гэтэл тэр тухайн үед миний хэлснийг амьдралдаа хэрэгжүүлээгүй. Түүнээс хойш гурван жилийн дараа тархинд нь цус харваж, амь насаа алдсан байсан. Тиймээс эрдэм мэдлэгийн оргил гэдэг олон сургууль төгсч, гэрчилгээ авсанд бус харин өөрийгөө зөв удирдан, эрүүл саруул авч явах юм.

-Заримдаа хүмүүс эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг үзэж чадалгүй, дундаас нь шантарч орхих тохиолдол гардаг. Хүн аливаа зүйлийг бүрэн сурч, амьдралдаа хэвшил болгохын тулд хэдий хэр хугацаа зарцуулах шаардлагатай вэ?

-Хүн ямар нэгэн үзэл бодол, үйл ажиллагааг долоон өдөр давтаж хийснээр сууриа тавьдаг. Тухайн зүйлээ 14 хоног үргэлжлүүлбэл биелүүлж чадаж байна гэсэн үг. Харин 21 өдөр өнгөрвөл хэвшил, дадал, зуршил болж, 90 өдөр хийж чадвал тухайн зүйлээ өөрийн болгож чадсан гэсэн үг. Жишээлбэл, зарим хүн давстай, сүүтэй, өтгөн цай уухгүй бол толгой өвддөг гэж ярьдаг. Тэгвэл давсгүй цай ууж эхлэхэд эхний долоо хоногт хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Түүнийг давж гаран 14 хоног уувал сурч эхэлнэ, 21 хоног өнгөрөхөд зуршил болно, 90 хоноход дахиж хэзээ ч давстай цай уухгүй. Энэ мэтээр зөв зүйлийг сурч, зуршил болгох нь зүйтэй. Зөв нэг зүйлийг амьдралынхаа зуршил болгосноор насан туршдаа түүнээс ашиг хүртэнэ.

-Та удахгүй унших лекцийнхээ талаар товчхон мэдээлэл өгнө үү. Та лекцээрээ дамжуулан хүмүүст юу ойлгуулахыг хүсч байна вэ?

-Миний лекцийг сонсонгуутаа эрүүл болчих юм биш. Лекц эрүүл амьдрах арга ухаан, эрүүл зөв хооллолтын хичээл, сэтгэлзүйн энгийн мэдлэг, төрөлх чадвараа сэргээх болон сайн энерги хуримтлуулах хичээл, эд эрхтний тамир дасгал, тайвшруулан амраах бясалгал гэсэн хэсгээс бүрдэнэ. Эдгээрээс нэгдүгээрт, тухайн танхимд орж ирсэн хүн юу бодож байгаагаас үл шалтгаалан амьд бодисын хуулиар сайн энерги авна. Хоёрдугаарт, үзэл ухамсраа өөрчилж чадна. Тодруулбал, хүн эрүүл байя гэвэл суралцаж, эзэмшиж, хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн ойлголттой болно. Ингэж чадвал лекцээс хэрэгтэй зүйлээ авч чадлаа гэсэн үг. Анагаах ухааны эцэг хэмээгдсэн Грекийн алдарт эмч Гипократ “Хүний төрөлхийн чадвар бол өөрийнхөө хамгийн сайн эмч мөн. Эм, эмч хоёр түүний төрөлх чадварт тусалдаг” гэсэн байдаг. Эрүүл мэндэд эм тан биш, харин шинжлэх ухааны үндэслэлтэй амьдрах цогц арга ухаан хэрэгтэй. Бид аргыг нь заана, та хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй.

C.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)