"Суварга барихаар сургууль барь"

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг Улаан цутгалан, Орхоны хөндийгөөр монголчууд бүгд мэднэ. Харин байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газраас холгүйхэн 1978 онд баригдсан, навсгар дүнзэн байшинд хүүхдүүд суралцан, эрдэм номын их далайд гарах аяллаа эхлүүлдэг гэдгийг төдий л мэдэхгүй.

Л.Баяндорж гэх залуу жуулчдыг дагуулан Орхоны хөндий, Улаан цутгалангаар аялуулдаг байна. Ийнхүү аялж явахдаа Орхон бага сургуультай анх танилцаж “засвар хийлгэх юмсан даа” гэх нууцхан бодол тээжээ. Зарим хичээлийн жилд үзэг, бал зэрэг бага сагахан бэлгийг хүүхдүүдэд аваачиж өгөх ч өнөөх л “сургуулийг нь засаад өгчих юмсан” гэх бодол нь хэвээр л байв.

Харин энэ жилээс Бат-Өлзий сумын 1-р багийн хүүхдүүд цоо шинэхэн бага сургуульдаа хичээлээ эхлүүлж, дотуур байрандаа байрлах аз тохиожээ.

Түүгээр ч үл барам Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун устай байгуулагдсан нь энэ. 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Care For Mongolia” төслийг амжилттай гүйцэтгэн, Бат-Өлзий сумын 1-р багт бага сургуулийг нь хүлээлгэн өгсөн Л.Баяндоржоос бид зарим зүйлийг асууж тодруулсан юм.

-Та энэ нутгийн хүн үү?

-Үгүй дээ, би Сэлэнгэ аймгийн уугуул, Улаанбаатарт амьдардаг.

-Энэ багт бага сургууль барих бодол яагаад төрсөн юм бэ?

-Би аялал жуулчлалын салбарт сүүлийн арав гаруй жил ажиллаж байна. 2006 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Орхоны хөндий Улаан цутгалан гэх газрыг анх үзээд их таалагдсан. Тэнд Д.Ганболд гэх найзтайгаа анх танилцаж байлаа. Яагаад ч юм сэтгэлд дотно нутаг. 2013 онд Улаан цутгалангаас 2 км-ийн зайд байдаг тэр сумд очиж үзсэн. “Аялал жуулчлал их хөгжсөн, олон жуулчин очдог газар байтал яагаад ийм сургууль байгаа юм бол” гэж анх сэтгэл эмзэглэн бодож байлаа. Өнгөрсөн жил наймдугаар сард Швейцарь улсаас ноён Р. Франсуагийн гэр бүл ирж аялсан. Тэгээд “танай эх орон их сайхан юм. Бид ямар нэгэн зүйлийг танай улсад хийж өгмөөр байна” гэхэд нь би бодож явсан мөрөөдлөө хэлсэн.  Тэр гэр бүлд миний мөрөөдөл таалагдаж Орхон бага сургуулийг шинэчлэн барих мөрөөдлийн минь эхлэл тавигдсан юм. Ноён Франсуа болон түүний гэргий Каролин төслийг бүрэн дэмжиж бид “Care For Mongolia” төслийг хэрэгжүүллээ.

Сургуулийн нээлтийн үеэр Л.Баяндорж болон ноён Р. Франсуагийн гэр бүл: Наймдугаар сарын 22

Зүүн гар талаас: Л.Баяндорж, түүний найз Д.Ганболдын ээж, ноён Франсуа түүний гэр бүл

"Care for Mongolia" төслийг санхүүжүүлэгчид, тэдний гэр бүлийнхэн

-Орон нутгийн удирдлага төслийг хэрхэн хүлээн авсан бэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бат-Өлзий сумын ЕБС-ийн захирал Н.Орхонтуултай уулзаж төслөө танилцуулснаар ажил маань албан ёсоор эхэлсэн. Т.Жамъянжав даргатай Сумын ЗДТГ бидэнтэй хамтран ажиллах саналыг талархалтайгаар дэмжин сургуулийг бүтээхэд шаардагдах модон материалыг бэлтгэж өгөхөөр шийдвэрлэсэн нь туйлын таатай мэдээ байлаа. Учир нь бид тэр хэмнэсэн мөнгөөрөө сургуулийнхаа дотор талыг бүрэн тохижуулах боломжийг бүрдүүлсэн юм.

-Төсөл нь ямар өртгөөр, хэдий хэмжээний барилгыг босгож чадсан бэ?

-Бага сургууль, дотуур байрны хамт 130 сая төгрөг зарцуулсан. Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглалтыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун, хүйтэн устай болж байгаа нь юм билээ.

Ариун цэврийн өрөө

Орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын 3 өрөө, дотуур байрны 2 өрөө, хүүхэд хөгжлийн өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бүрдэнэ.

Анги

Сургуулийн байшин нь 16х14 м2 талбайтай. Харин дотуур байранд нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус тусдаа байрлаж, нийт 16 хүүхэд амьдрах боломжтой.

Дотуур байрны хэсэг

Гал тогооны өрөө бүрэн тавилгатай учир хүүхдүүдэд хоол, цай хийж өгч болно.

Гал тогооны өрөө

Хүүхэд хөгжлийн өрөөтэй. Ном, тоглоом, компьютер гээд хүүхэд хөгжих боломжийг нь хангаж өгөхийг зорьсон.

Монгол Улсад анхны бага сургууль байгуулагдсаны 100 жилийн ой энэ 2018 онд тохиож байна. Монгол гэрт анх байгуулагдаж байсан бага сургуулийн түүхт ойд ийм сайхан бэлэг өгсөн Л.Баяндоржид баярлалаа. “Суварга барихаар сургууль барь” гэж АУЗ Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг.

Сургууль нь өөрөө суварга шиг эрхэм зүйл учраас эрдмийн өргөө болсон олон сайхан суварга бүтэх болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • aaa (59.153.87.42)

    2018-08-29

    mundag zaluu