Г.Занданшатар: Төрийн бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагын хамтарсан шалгалт хийж эхэлснийг мэдэгдэж байна

Mонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал гэв.

Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд ёс зүйн 618 хороо ажиллаж байна. Эдгээр хороодоос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдэн, хянан шийдвэрлэгдсэн нь 2016 оныхоос 141-ээр өссөн байна. Мөн нэр бүхий байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх итгэл буурч байна. Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэдгийг Г.Занданшатар тэмдэглэлээ.

Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай шударга нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл батжина. 

Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагын түвшинг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21, 22-нд Төрийн ордонд болно.

Тус зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой гэдгийг тэмбээр тэмдэглэд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг урилаа гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)