ХААН банк худалдааны санхүүжилтээр тэргүүлэгч банкаар шалгарлаа

ХААН Банкыг Азийн Хөгжлийн Банкнаас худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн Монгол дахь шилдэг хамтрагч банкаар шалгарууллаа.

Сингапур, 2018 оны 9-р сарын 4 – Монголын бизнес эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хүргэсэн ХААН Банкны хүчин зүтгэл, амжилтыг  үнэлэн Азийн Хөгжлийн Банк (AХБ)-ны худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрөөс “Монгол дахь шилдэг банк”аар шалгарууллаа.

ХААН Банк нь 2013 оноос АХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, хамтрагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэхэд онцгой анхаарч ирсэн билээ.

ХААН Банкнаас харилцагчиддаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн нь гадаад худалдаа, экспорт, импортын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хийгээд гаднаас бараа, түүхий эд худалдан авдаг компаниудад бараа бүтээгдэхүүний захиалгыг урьдчилгаа төлбөргүй хийх, төлбөрийн баталгааг гаргаж өгөх гэх мэт давуу талыг олгодог, бараа бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

ХААН Банкнаас худалдааны санхүүжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг  үнэлэн Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-аас  нэр хүндтэй шагналуудыг олгож байсан юм. Энэ удаад амжилтаа бататган АХБ-наас “Монгол дахь шилдэг хамтрагч банк” шагналыг хүртсэн нь банкны санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ Азид төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл юм.

Азийн Хөгжлийн Банкны тухай

АХБ нь 1960 онд анх байгуулагдсан ба бүс нутгийн 48, бүсийн бус 19, нийт 67 гишүүн оронтой олон талт хөгжлийн банк юм. АХБ нь бодлогын хэлэлцүүлэг, зээлийн болон өөрийн хөрөнгийн санхүүжилт, батлан даалт, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа зэрэг хэрэгслүүдээр дамжуулан хөгжиж буй гишүүн орнууддаа дэмжлэг туслалцаа үзүүлдэг. АХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр нь 2009 оноос хойш нийт дэлхийн тэргүүлэгч 240 гаруй хамтрагч банкуудаараа дамжуулан 12,000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид 30 тэрбум гаруй ам.долларын худалдааны санхүүжилтийг олгоод байна.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орон даяар 537 салбар, нэгжийн 5800 гаруй ажилтнаараа дамжуулан 2.4 сая гаруй харилцагч иргэн, 1.7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг.

 

Бид зогсолтгүй бүтээсээр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)