Г.Эрэгзэн: Хүннүгийн язгууртнууд ч жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг байжээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.ЭРЭГЗЭНТЭЙ судалгаа шинжилгээний ажлынх нь талаар ярилцлаа.

-Та саяхан болж өнгөрсөн олон улсын эрдэмтэн судлаачдын хуралд "Хэрлэнгийн дагуух Хүннүгийн хотууд" сэдвээр илтгэл тавилаа. Энэ сэдвийг хэзээнээс судалж эхлэв. Үүнд Монголын түүхийн хэдий үеийг хамруулдаг юм бэ?

 

-Монгол нутаг дээр анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулсан үеэс хот байгуулалт, төлөвлөлтийг хийж эхэлсэн гэж үздэг. Тийм ч учраас Монголын хот суурины хамгийн эртний дурсгал гэж хэлж болно. Энд би "Хүннүгийн хот" гэж онцолсон боловч энэ нь бидний мэдэж ойлгодог хот биш. Гэвч барилга байгууламжийн үлдэгдэл олдсон суурин газар учраас ингэж нэрлэсэн хэрэг. Хүннүгийн ийм суурьшмал барилга байгууламжийн дурсгал Монголын нутаг дэвсгэрт 15-16 олдсон байдаг. Евроазийн нутгаас нийт 21-22 олдсоны ихэнх буюу гол дурсгалууд нь манай улсад байна. Тэдгээрийг хэд хэдэн бүсэд хуваадгийн дотроос би Хэрлэнгийн дагуух дурсгалуудыг онцолж судалдаг юм.

-Эдгээр нь Хэрлэн голоо дагаад байршдаг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө Хэрлэнгийн дээд хэсгээс баруун эргийг нь дагаж 30 орчим км-ийн зайтай цуварч байрласан байгаа юм. Хамгийн урд хэсэгт байрлах Гоо дов хэмээх дурсгалт газрыг 2013-2016 оны хооронд судалж, малтлага судалгааны ажил хийсэн. Үүнийг 1950-аад оны үед манай ахмад археологич Хөдөөгийн Пэрлээ гуай судалж, малтлага судалгаа хийсний үндсэн дээр "Хүннүгийн үеийн тахилын газар бололтой" гэж дүгнэсэн байдаг. Энэ үзэл бодол саяхныг хүртэл өөрчлөгдөөгүй явж ирсэн юм. Харин бид малтаж судалсны дараа "Энэ нь тахилын газар биш. Харин барилга байгууламж бүхий суурин газар буюу Хүннүгийн язгууртны зуны орд байж магадгүй" гэх таамаглал дэвшүүлээд байгаа юм. Ер нь түүнийг тойрсон үзэсгэлэнт байгаль, уул ус зэргээс харахад зуслангийн газар. Хэрлэн голын баруун эрэг дээр боловч хоёр салаалсан урсгалын дундах жижигхэн арал маягтай газарт байрласан байдаг. Нутгийнхан одоо хэр нь Цагаан арал гэж нэрлэдэг юм билээ.

-Яг хаана оршдог газар юм бэ?

-Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт сэрүүн салхи сэвэлзсэн сайхан газар л даа. Уг дурсгалт газрын бүтэц, зохион байгуулалт, байгалийн тогтоц зэргээс үзэхэд язгууртны зуслан буюу зуны орд байж болохоор байгаа юм. Хэрлэнгийн дагуух Хүннүгийн хотуудад хамааруулж буй хамгийн хойд хэсэгт Монгол-Оросын хамтарсан судалгааны баг нэлээд олон жилийн өмнөөс малтлага судалгаа хийж байна. Үүнийг харж судалж байхад Тэрэлжийн дөрвөлжин гэх энэ газар нь өвөлжөө байсан байх магадлалтай. Одоо ч нутгийн цөөн айл өвөлждөг, нэлээд бөглүү газар байдаг юм. Энэ хооронд цуварч байрласан дурсгалт таван газар хамаарч байгаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой нь харагддаг. Тухайлбал, Багануурын ойролцоо Хүрээт дов гэж газар бий. Энэ нь дээрх дурсгалт таван газраас хамгийн том бөгөөд хот суурин газрын шинжийг агуулсан байдгаараа бусдаасаа ялгардаг. Тухайн дурсгалт газар нь бидний малтаж илрүүлснээр өндөр шороон хэрэм бүхий 400x420 метр нутаг дэвсгэрийг хамарсан байгаа юм. Гоо дов юмуу Тэрэлжийн дөрвөлжин бол 200 метрийн харьцаатай л байна.

Харин Хүрээт довын хувьд байршил болон зохион байгуулалтыг нь харахад Монголын эзэнт гүрний үед Хархорин хотыг барьж босгосонтой нэлээд төстэй байдаг. Чингис хааны үед Монголын их эзэнт гүрний нийслэлээр зарласан Хархорин хотыг Өгөөдэй хааны үед барьж байгуулсан. Гэхдээ тэнд хаан байнга суудаггүй, дөрвөн улиралд зохицуулж бариулсан орддоо сэлгэн нүүж амьдардаг байжээ. Энэ нь Хархориныг дагаж цуварч байрласан ордыгм илрүүлснээр баталгааждаг. Тухайн хэв шинж Хүннүгийн үеийн дээрх хот суурины олдвор дээр илэрдэг юм.

-Та үүнийг илтгэлдээ Шаньютай холбож тайлбарласан.Үүнийг арай тодруулж болох уу?

-Энэ нь тухайн хот сууринаас олдсон олдворуудтай л холбоотой юм. Тухайлбал, Тэрэлжийн дөрвөлжингөөс илэрсэн байшингийн дээврийн нүүр ваар дээр Шанью овгийнхны тамга байдаг. Тиймээс Шанью юмуу Хүннүгийн дээд овгийн язгууртнуудтай ямар нэг байдлаар холбогдоод байгаа юм. Нөгөө талаар дээврийн нүүр ваарыг ашигласан нь тухайн үеийн барилга байгууламжийн архитектурын томоохон шийдэл байжээ. Вааран дээвэр нь маш хүнд байдаг учраас жирийн нэг барилгад ашиглах боломжгүй, тодорхой хэмжээний бат бөх суурь, хана туургыг шаарддагаас гадна язгууртны барилга байгууламжид л хэрэглэдэг байсан. Эдгээр үндэслэлийн улмаас дээрх хот суурины үлдэгдэл, олдворыг Хүннү гүрний болон Шанью овгийн язгууртантай холбож үзээд байгаа юм.

-Таны судалгааны ажил хэдий хугацаанд үргэлжилж байна вэ?

-Миний бие 2009 онд Сөүлийн их сургуульд булш, оршуулгын дурсгалаар докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20-оод жил энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаагийн дээр ерөнхийдөө Хүннүгээр дагнаж, 2013 оноос хойш хот суурины судалгааг явуулж байна. Энэ судалгааны явцад Хүрээт дов хэмээх газрын ойролцоогоос Хүннүгийн үеийн үйлдвэрлэлийн дурсгалт газрыг илрүүлсэн. Тэндээс шавар ваар шатааж, төмрийн дархан эрхэлж байсныг батлах цөөнгүй олдвор олдоод байна. Энэ нь бусад ордтой харьцуулахад Хүрээт дов бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, хүн ам олноор суурьшсан гол хот, томоохон төв байсны илэрхийлэл гэж бид таамаглаж байгаа юм. Үүнээс гадна Гоо довын дурсгал нь бөө мөргөлтэй нэлээд холбогддог. Тухайлбал, бөөгийн дуудлагад "Хуа солбан ноён тэнгэр Хуандай хөвгүүн" гэж өгүүлдэг. Тухайн цаг үед Хуандай нэрт Шанью байсан. Тэгэхээр энэ хот нь Шаньюгийн үед байгуулагдсан байж магадгүй. Энэ нь нийтийн тооллын I зууны үед хамрагддаг бөгөөд Хуандай Шаньюд ойрын хятад зөвлөх нь байшин сав босгож, тариа будаагаа хурааж нөөцлөх талаар ярилцаж, мод тарьж байсан тухай түүхийн сурвалжид өгүүлсэн байдаг. Бидний Хүннүгийн хотуудад хийсэн малтлагаар илрүүлсэн олдворууд ч НТӨ II зуунаас НТ I зуунд хамааралтай болохыг шинжилгээгээр баталсан. Тэгэхээр түүхийн эх сурвалжтайгаа ийнхүү холбогдож байгаа нь эдгээр дурсгалт газар Хүннүгийн дунд үеийн язгууртны орд өргөө байх боломжийг илүү ойртуулж байна.

-Олон зуун жилийн өмнөх эдгээр дурсгалыг судлахын наана илрүүлэх, малтаж гаргах гээд маш их хөдөлмөр хүч, цаг хугацаа шаарддаг нь тодорхой. Иймэрхүү дурсгалууд ойролцоогоор хэдэн метрийн гүнд хадгалагдаж байдаг вэ?

-Хүннүгийн хотууд гэж нэрлэсэн дээрх дурсгалууд маань нэлээд том хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч байдаг. Тиймээс бид бүгдийг нь малтана гэж байхгүй л дээ. Он цаг, бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож болох олдворыг гаргах бага хэмжээний малтлага хийхээс гадна улиралдаа захирагдаад цөөн хоног ажилладаг. Хэдийгээр олон зуун жилийн өмнө хаягдсан хотын туурь боловч тийм ч гүнд биш ойлгож болно.

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)