Бразилийн эмгэнэл манайд давтагдах вий

Рио Де Жанейро хот дахь Бразилийн үндэсний түүхийн музейн барилга шатаж, 20 сая гаруй үзмэр хормын дотор үнс болсон билээ. Харамсалтай атлаа сургамжтай энэ явдал Монголын соёлын өвийн барилга, сан хөмрөгийн хадгалалтын орчин ямар хэмжээнд очсоныг эрхгүй сануулна. Өвөг дээдсийн үлдээсэн түүхийн дурсгалуудыг дахин орлуулж болдоггүй онцлогтой. Тиймээс өв соёлоо дээдэлдэг орон үндэстнүүд улсынхаа хамгийн гоёмсог, архитектурын төгс шийдэл бүхий барилгыг музей,галерей, номын сан болгох нь элбэг. Казахстан, Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид дэлхийн шилдэг уран барилгачдыг урьж улс, үндэстнийхээ онцлогийг шингээсэн музейн барилга бариулж байна. Манай нийслэлд гаднынханд үзүүлж харуулах үзвэр, үйлчилгээний газар тун ховор. Жуулчдыг гурван цаг торгоодог газар нь Байгалийн түүхийн музей. Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар барьсан Байгалийн түүхийн музейн үзмэрүүд жуулчдыг бишрүүлдэг. Олон сая жилийн өмнөх үлэг гүрвэл, эртний амьтны олдвор гээд байгаль дэлхийн үнэтэй, ховор нандин түүхийн үзмэрийг агуулсан энэ л музейн барилга шаардлага хангахаа хэдийнэ больсон.

Урин дулаан цаг ирэхэд гадаад, дотоодын жуулчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуучууд гээд өдөрт 1000 орчим хүн хүлээн авдаг тус музей нь жилд 100 сая төгрөгийг улсынхаа төсөвт өгдөг байв. Гэвч манай орны үнэ цэнэтэй, ховор нандин олдворууд зориулалтын бус байранд 60 гаруй жилийг үдэж байна. Музейн барилгын дээвэр, тааз зэрэг нь олон хүний ачааллыг даахгүй, 3-4 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон учраас хяналт, шалгалтын байгууллагаас үйл ажиллагааг нь 2013 онд зогсоосон. Ингээд одоогийн барилгыг нурааж, газар дээр нь шинээр суурь цутган, музейн зориулалттай долоон давхар барилга барихаар төсөв төлөвлөгөө гаргасан ч хэрэгжилгүй таван намрыг угтаж байна. Манай улсын музейн үзмэрүүдийн хадгалалт, барилгын чанарыг сайжруулахгүй бол үүдээ барьж жуулчдын өмнө нүүр улайх мөч ойрхон байна. Галын дохиолол, усны хамгаалалттай шаардлага хангасан музей, галерейн барилга Монгол Улсын хэмжээнд байхгүй. Магадгүй Бразилд тохиолдсон эмгэнэлт явдал манай улсад давтагдах вий гэсэн эмзэглэл төрж байна. Яах вэ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)