Хоёр Солонгосын удирдагчид энэ сарын 18-20-нд уулзана

Хоёр Солонгосын удирдагчид Пхеньянд энэ сарын 18-20-нд уулзахаар товлосныг Умард Солонгост болсон хоёр улсын тусгай төлөөлөгчдийн баг мэдэгдлээ. БНАСАУын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний элчийг хүлээн авч уулзсан ба Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох амлалт дахин өгсөн талаар эх сурвалжууд онцолж байна. “Рёнхап” агентлагийн мэдээнд “Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно гэсэн амлалтаа баталгаажуулсан. Мөн БНСУ-аас гадна АНУ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Цөмийн зэвсгийн Пунгери талбайн гуравны хоёрыг устгасан тул үйл ажиллагаа нь бүрмөсөн зогссоныг БНАСАУын удирдагч баталлаа. Түүнчлэн Дунчанри холын зайн баллистик пуужингийн туршилтаа бүрмөсөн зогсоосон. Энэ бүгд маш чухал бодит арга хэмжээ гэдгийг Ким Чен Ун онцолсон. Харин олон улс шүүмжлэнгүй хандаж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Хоёр Солонгосын удирдагчид өмнө нь хоёр удаа уулзсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалт болох эхлэлийг тавьж байсан юм. Харин энэ удаад хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хэлэлцээрт хүрэх чиглэлд БНСУ хэр сайн зуучлагчийн үүргээ гүйцэтгэх нь анхаарал татаж байгааг ажиглагчид онцоллоо.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)