Өмнийн говь нутгаар гурван мянган км зорчсон тэмдэглэл

Өндөр богд

Говь нутгийн тухай ерөнхийлөн өгүүлэхүй: Говь гэмээнэ говь билээ. Хүн байтугай амьтны ч бараагүй хадат ян, өргөн хөндий, цэлийсэн хоолой, гөлийсөн тойром, ээрэм тал нь гадна дотны аялагчдын сонирхлыг эрхгүй татах дагшин нутаг. Эртний тахилгат, домог түүхт богд хайрхан уулс, ижилгүй содон товгууд, бяцхан ижирмэг аараг, өрмөн шаргал бархад, элсэн далангууд, нүүдэл эзгүйрсэн тарлан тал, далайд хөвж яваа халим мэт тээг, зост солонгорол зэрэг нь нэн гайхалтай. Зөөлөн боргиот цайвар шавранцар зам харгуй нь тэнгис далайн барааг дүрсжүүлэх алсад хөтөлнө. Монгол оронд 102 овгийн 2100 гаруй зүйл цэцэгт ургамал ургадаг. Үүний 100 гаруй зүйл нь өөр аль ч улсад байдаггүй. Эднээс говь цөлийн бүсэд улаан тулам, сухай, шээрэнгэ, лидэр, хуйраг, цагаалж бүйлс, тоорой, жигд зэргийгнэрлэж болох ч тэр дундаа хөмүүл, таана, ортууз, бударгана зэрэг нь зөвхөн Монголын говьд л ургадаг. Эх орны эрс тэс уур амьсгалыг энд л харж болно. Ухаандаа Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ууланд цас хөрлөж, агаарт жавар тас тас дуугарч, ургамал модод бамбарласан цангаар хуяглаж, ус мөрний мандлаар мөсөн хахал сэрийж байхад Өмнөговийн Номгон, Хүрмэн, Баяндалай сумдын өмнөд хэсгээр агаарын хэм +7-г зааж, рашаан булаг оргин, ширэг ногоо, цэцэгт ургамал дэлгэрч байх жишээтэй.

Өмнөговь аймаг бол тэмээний эх орон. Дээрээс нь ямаагаараа улсад тавд жагсдаг. Жилд дунджаар 10 мянга гаруй гадаадын жуулчид дэлхийд хосгүй Монголын говийг үзэх гэж энэ л аймгийг зорин тэмцдэг. Газар тариалан, хүнсний ногоонд хөрс нь тохирдоггүй. Харин тэжээлийн ургамал таривал зүгээр аж. Улаан лооль, тарвас, амтат гуа, өргөст хэмх тарьж чадвал янзтай. Хонгорын элс, Баянзаг, Говь гурван сайхан, Хэрмэн цав, Толь хад, Алгуй улаан цав, Галбын говь, Сангийн далай хийд, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл нь тус аймгийн есөн гайхамшиг хийгээд нэрийн хуудас болой.

Өмнөговийн удирдлага сум бүртээ нэг зургаар Нутгийн удирдлагын гурван давхар ордон барьж өгөх ажил үндсэндээ шувтарч буй юм билээ. Залуу үе нь жил ирэх тусам нутаг уснаасаа төсөөрөн холдож байгаа юм байна даа гэсэн харуусам бодол төрснөө нуух юун.

Уртын сайр

...Хилийн хэсгээр ноцтой зөрчил хааяа гарна. Ганц жишээ өгүүлэхэд, тээр жил ...-р тэмдэгтээр Хятадын хилчид өөрсдөө хил зөрчин, хориотой бүсэд чулуу, гоёо түүж яваад манайханд баригдаж, шившгээ хутгасан удаатай. Сонирхуулахад, хилийн багана бүрийн харалдаа Хятадын хилийн хаалга бий. Тэр хаалга нь нугасандаа нууцтай. Монголын талаас чөлөөтэй онгойно. Харин буцаад гарах гэвэл нээгдэхгүй. Хятадууд хил давуулан торлосон хаалгаа зүглүүлэн хужир цувуулж асгана. Үхэр мал, хулан, зээр хужир долоосоор хошуугаар хаалгыг түлхэж орно. Эргээд гарах боломж үгүй болж, бусдын хүнс болно гэсэн үг. Хятад хүний дотор санаа гэж. Нэг бодол төрлөө. Манайх хилээ яагаад торлож болохгүй гэж. Энэ тухай албаны улсаас асуулаа. “Боломжгүй” гэж хэлэв. Яагаад гэтэл асар их хөрөнгө мөнгөний зардал гарах юм байх. Харин хилчид энэ тухай товч бөгөөд тодорхой үг хэлсэн юм. “Манайх ч гэсэн торлох хэрэгтэй. Эс тэгвээс хятадууд давуу эрх эдлээд байна” гэж. Юутай ч өмнийн говиор анх удаа бэдэрч явахдаа сум суманд төрсөн сэтгэгдэл, нутгийн улсаас сонссон зүйлээ хураангуйлж тэмдэглэж авснаа ийн толилуулж байна. Танин мэдэхүйн танд ч хэрэг болж юуны магад.

Манлай сум: Манайхан нөгөө алдарт тэмээн пологоор нь энэ сумын нэрийг гадарлах биз. Мөн энд говийн “Түмний эх” болсон хамгийн хурдан тэмээд идээшилж явдаг. Адуун сүргээрээ аймагтаа толгой цохино. Аараг толгод ихтэй. Хүйтэн сэрүүний цагаар малчид нь маш нуугдмал аж төрнө. XII жарны хар хулгана жил /1732 он/ Мэргэн вангийн хошууны ноёны Авай дагинаас төрсөн долоон хүүгийн нэг Сүгдэв өөлдийн дайнаас баатар болон эргэн ирэхэд Жүн ван Мижиддоржийн хошуунаас нутаг тасалж өгснөөр Сүгдэв гүний хошуу үүссэн түүхтэй. Хожим нь Эетэй засгийн хошуу болж, хувьсгал ялснаар Манлай сум болжээ. Шар цав дахь 60 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн мөр, чулуунд наалдаж үлдсэн элэр балрын загас жараахайн сүгээрээ их алдартай. Сумын дэргэд шахуу, аймаг сумандаа сүрхий ноцолддог бөх залуугийн гэр бий. Тэдний хонин сүрэгт зэрлэг амьтан ирж нийлжээ. Тэр нь дөрвөн настай эр янгир аж.

Цогтцэций сум: Сумын төвд оройхон хүрч очлоо. Зүсэн бүрийн барилга байшин хаа сайгүй сүндэрлэжээ. Сум дотроо засмал замгүй учир шар түйрэн. Мөнөөх ардын баатар хүүхэн Т.Борын хөшөө маань цагийн аясаар өмөрч жайжийжээ. Уйгагүй явж, ухаж төнхсөөр “Орд” гэдэг дэн буудалд хоноглов. Үнэмлэх бичиг сүрхий нягтлан шалгаж, хураан авч байна. Хоол унд бол горьдолтгүй. Дуулиант Таван толгойн нүүрсний уурхай дээр нь хүн, машин гэж тойм алга. Говь шанхын домогт хүлгүүд нь машин тэрэг болоод хувирчихсан мэт.

Ханбогд сум: Монголын говийн хамаг холион бантан энд л байна. Монгол, хятад автомашин мөргөлдвөл хятад жолооч нь “Хүүе найз аа, бүр хүчтэй нялга мөргөөд өгөөч” гэж гуйна. Монгол жолооч нь “Тэгвэл хөлсийг нь өг” гэж томорно. Учир нь ашиглахын аргагүй эвдэрсэн бол даатгалын мөнгө олж авдаг гэнэ. Зарим жолооч нүүрсээ ачаад хилийн зүг хөдлөхдөө замын татвараас зугтаж дов жалга хэрж давхисаар байгаад буцаж зам руу орохдоо рамаа хугалж “муу санаандаа биеэ отуулна”. Зарим машин постны гарам таглаад эвдэрчихнэ. Бөөн хараал зүхэл. За тэгээд, аз туршин нэгнээ чирч явна. Хэрвээ өгсүүр газар тоормос алдвал арын бүх машиныг хядна гэсэн үг. Хэн нэгэн ганц ухасхийгээд машинаа бензиндээд шатаачихна. Улсын хилээр гарах гэж ачаатай машинууд бараг 100 км гаруй уртын урт дараалал үүсгэжээ. Жолооч нар замын ховилд майхан барьж, мөрийтэй тоглоцгооно. Ойр хавийн айлууд тэдэнд хоол унд шахаад, замын охид биеэ үнэлээд юм юм л болж байгаа гэх.

Цагаантолгойн алт, Оюу толгойн эрдэнэсийн уурхай эл сумыг дэлхийд алдаршуулсан. Оюу толгойн ажилчид үйлдвэрээ “Газар доорх шорон” гэж хэлэхийг сонслоо.

Ноён хутагтын байгуулсан Дэмчигийн хийдийн зүг хөдөллөө. Бид мэдэлгүй хойд замаар нь орчихож. Гүвдрүү донсолгоо нь ёстой амьдын улаан там. Хэдхэн км-т ямар ч шинэ машиныг хэдрэг болгочихож мэдэх зам юм билээ. Хамгийн хорлонтой нь заах тэмдэг байгаад байдаг. Харин Ханбогд хайрханыг арлах урд зам нь жинхэнэ амар амгалангийн зураа. Хийдэд очлоо. Өвөл, зуны буудал, гуанз, тайлбарлагч цөм байна. Сүмийн барилгыг ч их дажгүй сэргээн засварлажээ.Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Хөдөлдөг цохио, Ловончомбо, Гурван зээрдийн агуй, Мэлхий цохио нь тус сумын байгалийн нэрийн хуудас билээ.

баян-овоо суМ: Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн зуун сая доллар идэж уугаагүй юм билээ. Зүгээр л хэдэн зуун км үргэлжлэх овоолго бүхий шороон далан болгочихсон юм байна. Би нүдээрээ харлаа. Төмөр замаа байг гэхэд засмал зам ч болгочихож болохоор. Нутгийнхан тэр даланд тун ам муутай. Учир нь түргэний тэрэг нэвтэрч чадахгүй баахан тойрч шатахуун шатаан бөөн асуудал үүсгэдэг гэнэ. Дээрээс нь зэрлэг амьтад болон малчдын нүүдлийг хааснаас болж экологи зүсээ хувиргаж буй аж. Баян-Овоо бол их зэлүүд орших говийн амгалан сум. Орон нутгийн музейд нь Улсын Байгалийн түүхийн музейд ч байхгүй чулуужсан аварга могой залрах нь үнэхээр гайхалтай. Аймгийн музей нь авна гээд дүрэмдээд байгаа сурагтай. Бусад хосгүй дурсгалт олдворуудын адил урагш алдчих вий дээ. Өмнө нь эндэхийн жаран см-ийн урттай мөнгөн зүмбэр хээ бүхий хас уруултай гаансыг аймгийн музейд тавина гэж авч яваад сураг алдарчээ. Эндэхийн улсын нэг том бахархал нь 1700 оны үед аж төрж байсан алдарт бөх Идэрдампил аварга гэнэ. Сумын музейгээ бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны нэрэмжит болгожээ. Үүнээс үүдэн нэг бодол төрлөө. Монголд начингүй сум үгүй биз.

Усны үхэр

Тийм болохоор монгол уламжлалаа хадгалаад бүх сумын сургуулийг тухайн нутгаас төрсөн начингийнх нь алдраар нэрлэчихвэл яасан юм. Саявтархан тус сумын улс бараг 17 метр шахам урттай аварга том чулуужсан мод олж сумынхаа төвд элэр балрын хөшөө дурсгал болгон залсан байна. Тэр нь Монгол бүү хэл Ази тивийн хамгийн урт чулуужсан мод байж магад. Тэд Өндөр богд уулаа өр зүрхэндээ шүтэж, өрөмний цөцгий мэт хайрлана. Дотор эрхтэнг эрүүлжүүлж, цөсөнд ургасан чулууг ч хайлуулах шидтэй Гиваа чулуу /дотроо нунтаг шар чөмөг бүхий нэгэн төрлийн чулуулаг/ Богд уулнаа байдаг аж. Хүмүүс чулууг буталж, аягатай усыг чөмгөөр нь хандалж эмчилгээнд хэрэглэдэг байна. Баян-Овоочууд их найрсаг байдаг нь хүмүүс нь хэт нийгэмшиж эвдрээгүйтэй холбоотой биз ээ.

Бидэнтэй хээрлэн зугаалсан О.Авирмэд маань ууланд гээгдсэн аргаль, янгирын эврээр ясан сийлбэр хийнэ. Гол төлөв аргаль, янгир, морь мал хийж, зундаа жуулчдад борлуулна. Хад, агуйнаас олдсон эртний дурсгалт зүйлсийг Орон нутгийг судлах танхимдаа аваачиж өгдөг аж.

Номгон сум: Номгон сумын төвд очиж, “Далайваанчиг” зочид буудалд хоноглолоо. Үнэ нь боломжийн, цэвэрхэн тохилог газар байна. Арга ч үгүй биз дээ, ашиглалтад ороод жил болж байгаа болохоор гоё байхаас яахав. Өрөөгөөр зочилсон эндэхийн өвгөд түүх хүүрнэж сууна.

Сангийн далай хийдийн суурийг 1707 онд Үйзэншарав гэлэн тавьж, 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр зэрэг есөн гол дуган сүндэрлүүлжээ. Хөх тоосгон хэрэмтэй эл хийд нь Монголын говьд устгагдаагүй үлдсэн цөөхөн хийдийн нэг. 1700-гаад оны эхээр Хунхууз нар урдаас хоёр хуваагдан Эрдэнэзуу, Богдын хүрээг талахаар хөдөлжээ. Хүрээг зорьсон нь Сангийн далай хийдэд ойртон ирэхэд Гомбо бурхан хашхирч, үүдний чулуун арслангууд архирсан гэнэ. Дээрэмчид нутгийн улсыг сууринд нь цангааж ална хэмээн бүслээд олон хоножээ. Бүслэлтэд байсан лам голдуу улс доош газар ухаж ус гарган ууснаар амь аврагдсан юмсанж.

“Танай нутгаар хятадууд их байна уу” гэж асуутал тэд “Хятадын “ДунЮань” компани Булган Хорогийн ойролцоох Хартолгойн ховор металлын уурхайг эзэмшдэг. Олборлолт хийж байсан газар нь мал амьтад олноор хордож үхсэн, мөнхүү хууль бусаар тав, зургаан машин хүдэр, хар тугалга, хайлуур жонш, ховор металл хил давуулах гэж оролдсоныг хил гааль, Мэргэжлийн хяналтынхан илрүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоосон. Одоо бол хэдэн бор гэр, ганц хоёр монгол бүсгүй, гурав дөрвөн хужаа л байна” хэмээжихүй. Цаг нь ирэхээр тэд ховор металл, алт, зэс, вольфрам, мөнгөний хүдрийг урагш дахиад л машин машинаар гаргаж эхлэх биз ээ. Уул нь домог түүх нь сүрхий хайрхан юм билээ. Дээхнэтэр уулнаа тэмээн толгойтой аварга могой байдаг байж. Түүнийг агнаж “Самосвал” машинд ачихад нум нь тэгширч, шалхайн асгарч байсан гэдэг. Анх ичээг нь олсон харуулын хоёр цэргийн гавьяаг үнэлж, албанаас чөлөөлж, орон нутагт нь буцааж байжээ. Могойг төв рүү авч одсоноор ор сураггүй болсон байна. Булган Хорогийг нутгийнхан “Улаан хүрээ” хэмээн нэрлэдэг байсан аж. Тэр нэр нь хэдийнэ мартагдаж, ардуудын ой санамжнаас арчигджээ. Түүнээс урагш хилийн хориотой бүс эхэлнэ. 1990-ээд оноос хойш энэ сумын Хятадтай хиллэдэг нутгийн зурвасаар Хойд Солонгосын дүрвэгсэд үе үе хил зөрчдөг болж. Эмэгтэйчүүд нь их чамин ганган хувцастай. Дүн өвлөөр хил зөрчиж манайхны харуулд баригдана. 2002 онд Бүдүүн модны заставын хэсгээр үзэсгэлэнт солонгос хүүхэн хил нэвтэрч манай хилчдийг хайж яваад хөлдөж үхсэн эмгэнэлт явдал гарсан. Учир нь хятадууд ардчилсан солонгос зугтагсдын эрийг нь боолчилж, эмийг нь доромжилсны эцэст шан харамж авч Монгол руу төөрүүлдэг гэх.

Говьчууд чих дэлдийлгэм сонин зүйл хуучилна. Говийн туулай дөнгөж төрсөн бүжингээ гуравхан хоног хөхүүлээд гурван жил хөхүүллээ гээд хаяад явчихдаг гэнэм. Бас цөлд ургадаг цагаан гоёонд хятадууд нугасгүй. Ямар сайндаа хил зөрчин гоёо ухаж байгаад элсэнд дарагдаж үхэж байхав дээ. Гоёог тэд эмэнд ашигладаг бол манайхан цэвэр спирт болгочихдог гэнэ. Хятадад дэлгэрсэн “Хөх гуя” гэдэг өвчинд гоёо нь нэн сайн учир тэдүхэн хатан тэмүүлнэ. Хавартаа шим нь хурах үеэр хилийн зөрчилихсэж, цэнхэр цэцэг нь гараад ирвэл чанараа алдсан гээд тоохгүй.

Шүүлэн булгийн ойр “Хүслийн овоо” хэмээх ихэр цагаан уул буй. Сүүлийн үед баруун аймгаас ч мөргөлчид очдог болжээ. Цагаан сараархүмүүс бүр хахна. Өмнөд Монголоос ч мөргөлчид ирнэ. Мөнөөх Далан уул/Өмнөд Монголын Даланхарбиш шүү/ гэдэг чинь энд бий дээ. Монголын их хаан Батмөнх даяны“Долоон түмэн цэргийг минь нуусан Далан уул минь” хэмээн цэнхэр гантиг дээр сийлсэн гэрэлт хөшөө байдаг гэх боловч мэддэг хүмүүс нь үгүй болжээ. Жилийн жилд бичээсийг үзэхээр Номгоныг зүглэсэн гадна дотны судлаачид улаа эргэтлээ бэдрээд хувхай хоосон буцдаг аж. Одоо түүнийг Хятад руу гаргачихсан гэх. Ер нь тэр хавиар олон жил нутагласан хуруу дарам хэдэн өвгөн таалал төгсвөл нутгийнхан их зүйлийг мэдэхгүй болж үлдэнэ дээ.

Хүрмэн сум: Даланзадгад хотын урдхан Зүүн Сайханы энгэрт Хүрмэн сумын төв оршино. Гэхдээ уулаа тойрч очих тул нэлээд зайтай. Тэндээс хөтөч аван өмнө зүг хөдлөв. Говийн тарамцаг толгод дунд хуягт танк мэт машин техник үзэгдэнэ. Яав ийв гэсэн чинь, хятадууд Таван сухайн хөндий, Эрдэнийн ухаад газрын тосны хайгуул хийж байгаа юм гэнэ.

Шинэ хятад эзэнтэй болсон гэх Эрдэнэ булгын уурхай нэг тонн нүүрсээ сумынханд 20000 төгрөгөөр зардаг аж.

Хөтөч “Манай урдуур тээг ихтэй” гэх. Тээг гэж яг юуг хэлээд буйг сонирхвол дөрвөлжин хэлбэрт намхан уул юм гэнэ. Эндэхийн “Зүүн цохиот”-ын хөх тойром их аймшигтай. Тэмээ мал, зэрлэг амьтныг хэвтэж байхад нь л сорчихно. Үхэхээр нь газрын гадарга руу түлхчихнэ. Халахаараа жонхууран нялцайж, хөрөхөөрөө хүчтэй агшина. Нутгийнхан “үхлийн тойром”-д анхааруулах хашлага хийсэн ч соруулчихсан аж.

Алсад “Цахарын хаяагийн элс” хэмээх сүрлэг бархад үзэгдэнэ. Дэргэд нь Хонгорын элс тарваганы дошны төдий гэдэг нь үнэн аж. Хөтөч замдаа “Та нар хол яваа улс, элсний өнгө сайн аж. Шар элс бол хатуу учир машин явах боломжтой. Хөхөлбөр туяатай шаргал элс бол хүн, машингүй аваад үлдчихэж мэднэ” гэх. Мэдүүштэй үг санагдсан шүү. Говийн уулс их сонин, ногоотой жил хүрэн, гантай жил пад хар өнгөтэй болно.

Нутгийнхан Манлай сумаас ч дутахгүй хурдан тэмээтэй гэнэ. 1100 гаруй тэмээний уралдааныг Гиннест бүртгүүлэхээр зохион байгуулахад эндэхийн атнууд хурд, хүчээрээ тасарч, эхний I, III, V байрт орсон байна. Соц нийгмийн үед нэгдлийн дарга Батмөнх агсан “Ухаа загийн хоолой”-д 1000 ингэний ферм байгуулсан ч магтуулах байтугай бэлчээрийн даац хэтрүүлсэн хэргээр донгодуулжээ. Өнөөдөр тэр алдарт фермээс үлдэж хоцорсон гурван худаг эндэхийн малыг ундаалж байна.

Хүрмэн сумын өмнө зүг алслагдан орших Аршааны өндөр уулыг Агваанжангарав хэмээх урт цагаан сахалтай лам өвгөн тахидаг байж. 2012 онд өвгөнийг номын агаар сэлгэхэд Өмнөд Монголоос шавь нар нь ирж тахилга хийдэг болсон гэнэ.

1980-аад онд Ухаа загийн хоолойд мянга мянгаараа сүрэглэдэг байсан хулан гэнэт сураггүй болжээ. Агнаагүй, бас зуд болоогүй байхад хаачив гэтэл Дорноговь, Баянхонгорын зүг дайжин оджээ. Чухам юунаас үүдэн тийн нүүдэллэсэн нь оньсого. Өмнөговьд жинхэнэ хаан заг гэж юу байдгийг үзье гэвэл Хүрмэн сумын “Бөхөтийн балар”-ыг зорин оч. Тэнд л Монголын говийн хосгүй чимэг дөрвөөс таван метр өндөртэй халиун загийг нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч болно. Ер нь заг ухаантай мод гэнэ. Үхэхээрээ харлачихна. Залуу заг нь үхэж буй загийг тэврээд дээш тэмүүлдгийг хүмүүс огт анзаардаггүй гэнэ.

Авгаржин Жа.БАЯРАА /Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч/ Улаанбаатар-Мандалговь- Даланзадгад. 2017.12.09

 

Үргэлжлэл бий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.176.85)

    2018-09-09

    Xudlaa muulsan bichber baina daa

  • (176.179.163.9)

    2018-09-09

    Yamar hachin bichsen erguu setguulch ve

  • (188.95.123.149)

    2018-09-09

    huzaagaas hold huzaagiin hog buu id buu oms huzaagiin horon bodlogo nariin udaantegeed bugdiig zaligana