“Хадлан, тэжээл 2018” уралдаан: Бүх нийтээрээ өвлийг өнтэй давья

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга, хариуцлагыг чангатган ажиллаж байгаа энэ байдлыг орон нутгийн түвшинд хангуулах, аймаг, сум, баг, фермер, малчдын бүлэг, хоршоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар "Хадлан, тэжээл-2018" уралдааныг зарлаж байна. Тус уралдааны зорилго, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Нэг. Уралдааны зорилго

1. “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээнийн тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажилд аймаг, сум, баг, хадлан тэжээл бэлтгэдэг орон нутгийн аж ахуйн нэгж, малчдын бүлэг,  малчин өрхийн идэвхи санаачилгыг өрнүүлэхэд энэхүү болзолт уралдааны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ (5-аас дээш өрх айл нэгдсэн 2000-с дээш толгой малтай) хамрагдана.

Гурав: Үндсэн сонгон шалгаруулалт

3.1. Малчдын бүлэг /хоршоо/ нь малчин өрхүүдийнхээ өвөлжиж, хаваржих малыг хонин толгойд шилжүүлснээр 1 толгой малд 10-аас доошгүй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний бүдүүн тэжээл болох байгалийн хадлан, сүрэл, хүчит тэжээл болох гар, ногоон, үйлдвэрийн тэжээлүүд, шүүст тэжээл болох даршийг бэлтгэн өвөлжөө, хаваржаандаа татаж байршуулсан байна. Малчдын бүлэг  /хоршоо/ нь өвөлжилтийн бэлтгэл хангахдаа хамтран ажилласан туршлага, бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ хэмжээг Багийн Засаг даргадаа хүргүүлнэ. 

3.2. Багийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдаас хүргүүлсэн 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөмжийн хавсралтын дагуу нийт малчин өрхийнхөө бэлтгэсэн өвс, тэжээлийг бүртгэж дүнг нэгтгэн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.3. Сумын Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн  өвс, тэжээлээс гадна багуудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгч  хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан багийн тодорхойлолтыг  гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн  өвс, тэжээлээс гадна  сумдаас ирүүлсэн мэдээллээ нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцүүлэн хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн малчдын бүлэг /хоршоо/, баг, сумын тодорхойлолтыг дараах мэдээллийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ. Үүнд:

  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал
  • Өвс, тэжээлийн агуулах, саравчны засвар, ариутгал халдваргүйжүүлэлт
  • Отор, нүүдлийн зохион байгуулалт,
  • Шинээр отрын бүс нутаг байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалтын байдал
  • Нийт малынхаа хэдэн хувь буюу хэдэн толгой эр, сувай, зааз малаа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулахаар төлөвлөсөн, гэрээ байгуулсан, хэрэгжүүлсэн байдал
  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бусад шинэлэг ажлуудыг бүрэн багтаасан байна.

3.5. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн дотоодын нөөц боломжийг бүрэн ашиглаж, шаардлагатай тохиолдолд гадны аймаг, сумтай гэрээ байгуулан бэлтгэх зэргээр төрөл бүрийн тэжээлийг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Байгалийн болон таримал хадлан, сүрэл; 
  • Гар, ногоон, үйлдвэрийн тэжээл;
  • Таримал нэг наст болон шимт ургамлын дарш /халгай, таана, хөмүүл, мангир, лууль/;
  • Эрдэст нэмэгдэл тэжээл давс, хужир, шүү;
  • Амьтны гаралтай тэжээл.

Дөрөв: Уралдааны шалгаруулалт

4.1. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ тус бүр 1-ийг шалгаруулна.

4.2. Өвөлжилтийн бэлтгэл шалгах, хүлээн авах, дүгнэх ажлын хэсэг аймгаас суманд, сумаас багт, багаас малчдын түвшинд ажиллан  тэргүүн байр эзэлсэн сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-ийн тодорхойлолтыг аймгийн нэгдсэн дүнгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ.

4.3. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнэж шалгаруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.

4.4. Нийслэл нь хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн 1 фермерийг шалгаруулан материалаа дээрх хугацаанд тус яаманд ирүүлнэ.

Тав: Олгох шагнал

5.1. Уралдааны болзол биелүүлсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

  • Аймгийг өргөмжлөл, 15 сая төгрөгөөр;  
  • Сумыг өргөмжлөл,  10 сая төгрөгөөр;
  • Багийг өргөмжлөл,  5 сая төгрөгөөр;
  • Малчдын бүлэг /хоршоо/-ийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр;
  • Фермерийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр тус тус шагнаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна. 5.2. Шагналыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан олгоно.

5.2. Шагналыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан олгоно.

Зургаа: Бусад

  • Хонин толгойд шилжүүлэх итгэлцүүр адуу 7, үхэр 6, тэмээ 5, ямаа 0.9, хонь 1.0, бодын төл 1.0, богийн төл 0.2  байна.
  • Тэжээлийн нэгжид шилжүүлэх илтгэлцүүр өвс 0.45, сүрэл 0.3, гар тэжээл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 1.0, дарш 0.25, эрдэст тэжээл 0.007 байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)