ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Бельги улсад айлчлав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бельгийн Вант Улсад 2018 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд айлчлав.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Европын комисс хамтран 2018 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулсан “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтад оролцон, Бельгийн Вант Улсын Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай уулзаж, Монгол, Бельгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтын үндсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн бодлого болон зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулсан. Мөн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох зорилтын хүрээнд мал эмнэлгийн албыг бэхжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах, орон нутгийн мал эмнэлгийн лабораториудыг сайжруулах, боловсон хүчнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр гишүүн улс орнуудтай үр өгөөжтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Чуулга уулзалтын үеэр тэрбээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал ноён Хосе Грациано да Силва, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуа нартай тус тус уулзан, эдгээр олон улсын байгууллагаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэлэв. Түүнчлэн УИХ-аас “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” зэрэг хуулийг батлуулан хэрэгжүүлж, хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулж,  малын ерөнхий эмчийг томилон ажиллуулж байгаа тухайгаа мэдээлсэн.

Талууд мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтын хүрээнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр техникийн хамтын ажиллагааг цаашид өргөн хөгжүүлэхээр тогтов.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Бельгийн Вант Улсын  Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай (2018.09.06) уулзах үеэрээ хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тодорхой саналууд тавилаа. Тухайлбал, тус улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтэрсэн европ стандартыг Монгол Улсад нутагшуулах, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах, үүний тулд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэв. Мөн түүнчлэн Бельгийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг импортлох, малын махыг өндөр технологиор хамтран бэлтгэж дэлхийн зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, туршлага судлах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Бельгийн Хөдөө аж ахуйн сайд ноён Дөни Дюкарм түүний саналыг дэмжиж, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойрын хугацаанд хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдаан зохион байгуулж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцах нь зүйтэй гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амыг чанартай эрүүл хүнсээр хангах зорилтын хүрээнд хийсэн энэ удаагийн айлчлал амжилттай үр дүнтэй болж өндөрлөв.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.243.161.23)

    2018-09-10

    Tatvar tulugchdiin mongoor hudlaa unen teneel yavhiimaa. Ene bid hoyor Bayanzurh duurgiig dampuuruulsan odoo Hodoo aj ahuin salbariig dampuuruulj bn daa. Iim humuusiig deeree gargadag teneg ard tumendee bid