БНСУ-ын олон удаагийн виз таван жил хүртэлх хугацаагаар олгогдох бүрэн боломжтой болжээ

 

Олон удаагийн виз олголтын журманд өөрчлөлт орсон талаар БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр мэдээлэл хийлээ. Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба шинэчилсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар 1000 орчим Солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих олон удаагийн визийг авсан байна. Харин 37 мянган Монгол иргэн БНСУ-руу зорчих олон удаагийн виз авчээ.

БНСУ-руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан.

1. БНСУ-руу зорчиж байсан иргэн

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар

5. БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхдэд олон удаагийн виз авна.

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”, “Vip” байх

7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байсан.

Харин шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байгаа юм байна.

Олон удаагийн визний журманд дараах өөрчлөлтүүд оржээ.

-Олон улсад ашиглагддаг кредит карт нь “Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн визийг олгох эсэхийг шийднэ.

-Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгааг гаргажээ. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг аж ахуй нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд

-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз авах боломжтой. Мөн тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн визийг авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд

-Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин тухайн холбогдох нөхцөлийг хангасан иргэнд

-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн визийг олгохоор журамд өөрчлөлт оржээ.

Олон удаагийн визийг 1,3,5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.

Энэ үеэр “Солонгосын 7 хоног-2018” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Элчин сайд Консул Кил Ганмуг “Есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл “Солонгосын 7 хоног-2018” үргэлжилнэ. Арга хэмжээнд Сөүлийн гудамжны фестиваль, кино өдрүүд, Го даам, Таэквондогийн тэмцээн болно. Өнгөрсөн жилүүдэд соёлын долоо хоног зөвхөн Монголд суугаа Солонгос иргэдэд чиглэн зохиогдож зааланд болж байсан. Энэ удаагийн арга хэмжээг ил талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол болоод солонгос залуу үеийнхэн нэгдэж зохион байгуулж байгаа юм” гэв.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)