В.Путин: Ази, Номхон далайн бүсийг чиглэсэн эдийн засгийн бодлого баримтална

Дорнын эдийн засгийн чуулган Владивосток хотноо эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “ОХУ-ын тал Ази, Номхон далайн өргөн уудам бүсийг чиглэсэн эдийн засгийн харилцаагаа өргөтгөхийг эрмэлзэж байна. Манай улс Алс Дорнодын бүс нутагт дэлхийн улс орнуудын анхаарлыг хандуулж, төвлөрүүлэхийг хичээдэг. Энэ бүс нутагт аж үйлдвэрлэл, бизнес, эдийн засгийн шинэ төсөл хөтөлбөрүүдийг төвлөрүүлэхийн тулд хил гаалийн онцгой нөхцөл бүхий шинэ боомт Владивосток хотноо байгуулж, цаашлаад энд нийгмийн, дэд бүтцийн, боловсрол-шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Мөн экспорт болон технологийн шинэчлэлийг дэмжин ажиллахад онцгойлон анхаарна. Энэ бүхэн нь олон улсын хамтын ажиллагаа, худалдаа, удаан хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт, мөн орчин үеийн хамгийн үр ашигтай хамтын гэрээг төвлөрүүлж, Оросын Алс Дорнодын бүс нутгийг хөгжлийн томоохон төв цэг болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бүх талаар хамтарч ажиллах харилцан ашигтай бат бэх үндэс суурийг тавих болно” гэдгийг онцолжээ. Энэ жилийн чуулганд оролцож байгаа улс орны төлөөлөгчид өргөн хүрээг хамарсан сэдвээр дугуй ширээний ярилцлага, телевизийн мэтгэлцээн, ажил хэрэгч өглөөний цай, үдийн зоог, бизнес уулзалтад оролцох аж. Дорнын эдийн засгийн чуулганыг зохион байгуулахад Оросын нэр хүндтэй байгууллага, төрийн өмчит компаниуд ивээн тэтгэгчээр оролцдог. Энэ жилийн чуулганыг “Газпром”, “Рус-гидро”, “Роснефть”, Оросын экспортын төв ивээн тэтгэж байгаа аж.

Дорнын эдийн засгийн чуулганы үндсэн хөтөлбөрт хэд хэдэн чухал сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, бүс нутгийн улс орнуудын бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, Оросын Алс Дорнодын бүсийн эдийн засгийн чадавхид бүх талын шинжээчдийн зүгээс үнэлэлт дүгнэлт гаргаж, цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод санхүүгийн өрсөлдөх чадавх, бүс нутгийн хүрээнд шинээр хөрөнгө оруулалт татах боломж нөхцлийг танилцуулах, мөн төрийн болоод орон нутгийн засаг захиргааны хүрээнд гадны бизнесийг татах чиглэлд хийж байгаа ажлууд, цаашдын зорилт зэргийг чуулганы үндсэн сэдвийн хүрээнд хөндөн хэлэлцэхээр тусгаад байна.

ОХУ, ХЯТАДЫН ГЭРЭЭ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

“Алс Дорнод, боломжийг өргөтгөх нь” сэдэвт чуулганд дэлхийн 60 гаруй улс орноос 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар 2015 оноос зохион байгуулах болжээ. Бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний эдийн засгийн яриа хэлэлцээрийн гол талбар болсон чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нарын төрийн дээд албан тушаалтнууд оролцож байна. Дорнын эдийн засгийн чуулганаар улс орнууд дэлхийн эдийн засгийн төлөв, бүс нутгийн интеграцчлал, аж үйлдвэрлэлийн болоод технологийн салбарын ололт амжилт, ОХУ төдийгүй бусад улс орны өмнө тулгамдсан сэдвийг хөндөн хэлэлцэнэ. Үүнээс Оросын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын удирдагч Ши Жиньпин нарын уулзалт, хоёр улсын талын үзэглэх эрчим хүч, уул уурхайн салбарын гэрээ шинжээчдийн анхаарлын төвд байна. Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин, худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр улс газрын тосны сэргээсэн шугамыг барьж, газрын тос нийлүүлж эхэлсэн. Тиймээс дорнын хийн хоолойг төлөвлөгөөний дагуу барьж, шингэрүүлсэн хийн төслийн анхан шатны бүтээн байгуулалт, хил дамнасан төмөр зам, Хэйхэ-Амур хотыг холбосон автозамын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж ирэх онд ашиглалтад оруулах талаар Владивосток хотноо хэлэлцэх юм байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)