Сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнуудтай зөвшилцөж шийднэ

Хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцан яригддаг асуудал бол оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл. Энэ жилийн хувьд ч мөн адил их, дээд сургуулиудын төлбөр багагүй нэмэгдэж нийгэмд маргаан дагуулж оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарлаа. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн төлөөллүүд нэгдэж, Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан. Тэд төлбөр бууруулах тухай их, дээд сургуулийн удирдлага, холбогдох яаманд удаа дараагийн хүсэлт тавьсны эцэст шийдэлд хүрчээ.

Ардчилсан оюутны холбооны тэргүүн Н.Лхагвадорж “Оюутны байгууллагуудын төлөөллүүд энэ талаар холбогдох яам, их, дээд сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Үүний үндсэн дээр өнгөрсөн пүрэв гарагт БСШУСЯ, их, дээд сургуулиудын удирдлага оюутны байгууллагын төлөөллүүд Төрийн ордонд нэгдсэн зөвшилцөл хэлэлцүүлэг хийлээ. Энэ уулзалтаар дөрвөн асуудалд зөвшилцөлд хүрээд байна” гэв. Тухайлбал, их, дээд сургууль болгон тухайн хичээлийн жилийн төлбөрийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хичээл эхлэхээс өмнө сургуулийнхаа оюутнуудтай хэлэлцэнэ. Магадгүй төлбөр нэмэхийг оюутнуудын олонх дэмжвэл нэмнэ. Сургалтын төлбөрийн нэмэгдлийн тодорхой хувийг багш, оюутнуудын хөгжил, сургалтын орчныг сайжруулахад зарцуулна гэдэг ч яг энэ асуудал орхигддог. Тиймээс энэ чиглэлд зарцуулагдаж буй төсвийг ил тод болгоно. Гуравдугаарт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг тухайн сургуулийн удирдах зөвлөл шийддэг учраас оюутны квотыг нэмэхийг оюутны байгууллагууд шаардсаныг зөвшилцөлд оролцсон захирлууд зөвшөөрчээ. Мөн багш, оюутан, сургуулийн удирдлага гэсэн гурвалсан гэрээ байгуулж хичээлийн жилийн төгсгөлд үр дүнгээ ярилцаж амласан зүйлээ хийсэн үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийхээр тохирсон байна.

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)