Азидаа манлайлах том амбийцтай Бусан хот

Дэлхийн улс орнуудын хөгжлийг нүдээр үзэх бахдалтай ч “Бид хаана нь явна вэ” гэх асуултад хариулт олоогүйдээ гуниг тээсээр нутагтаа ирэв. Дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг улс гэж цээж дэлдэх бидэнд бусад шиг 60 давхар байшинд амьдарч, хэдэн давхар гүүрэн дээгүүр салхи татуулан давхих эрх ч бас бий. Харь нутгийн хөгжилд нүд алдан явахуй дор үндсэрхэг үзэл гэгч бидний аманд автоматаар буюу амьд бусаар оршдог ажээ гэх бодол зурсхийн орж ирснийг нуух юун. Гэтэл иргэн бүр нь “Эх орны хөгжил надаас эхэлнэ” гэх үндсэрхэг үзэл тээсэн солонгосчууд үүрийн таван жингээр ажлаа эхлүүлж, үдшийн бүрийд ч шоргоолж лугаа зүтгэсээр л байна. 

Үр дүнд нь тэдний хөгжил хэдийнэ биет бус хэлбэрт шилжжээ. Нэг ёсондоо одоо тэдэнд байшин барилга, зам гүүр барих шаардлага үгүй. Харин одоо ард түмнээ хэрхэн аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдруулах, яавал бид энэ мэт хийсвэр зүйлээр дэлхийд цахиур хагалах вэ зэрэгт улсынх нь удирдагчид ухаанаа уралдуулж эхэлжээ. Шавар шалбааг дундах гэр хорооллын гудманд шив шинэхэн костюмтай зогсох хоёр залуугийн зураг сошиал орчинд түгснийг та бүхэн харсан биз ээ. Тайлбар нь “Бид гаднынханд ингэж л харагддаг байх даа” гэх егөөдөл. Хэдийгээр энэ тайлбар хэтрүүлэгтэй байж болох ч харамсалтай нь, гаднын улс орнуудад манайхан шиг бүлтэртлээ гоёсон, эсвэл том том жийп унасан атлаа зам дээрээ түгжирсэн дүр зураг харагддаггүйг хэн хүнгүй мэднэ. Гаднаас нь харахад гандуу гундуу хувцасласан ч “Иргэн би оногдсон ажлаа сайн хийвэл эх орон илүү хөгжинө” гэх философи бидний сэтгэхүйд гаднынхан шиг бат суугаагүй л байна.Унасан машины хэм хэмжээ тийм ч чухал биш, хамгийн гол нь таны хэрэгцээг хангадаг байхад болно. Иргэд нь ийм чиг шугамтай болсон улс орон хөгжлийн түүчээ болон урагшилж явна.

Нүдэнд хэчнээн сайхан зүйлс харагдавч сэтгэлээс энэ мэт бодол салахгүй байсаар аяллынхаа эхний өдрийг үдэж байгаа минь энэ. БНСУын Бусан хот руу эрүүл мэндийн аялал жуулчлалын шугамаар хүлгийн жолоо залсан бидний нөхөд Сунду дайлан эргийн “кабель кар” буюу далай дээгүүрх цахилгаан машинд сууж явснаар Бусан хотыг бараг бүхэлд нь шахуу тольдсон юм. Уг машинд нэг удаа суухад 20 мянган вон буюу манайхаар 40 гаруй мянган төгрөгийн төлбөр төлнө. Бусан бол далайн эргийн хот учраас аялал жуулчлалын хөтөлбөрт нь далай дээгүүрх аялал, боомтын үйл ажиллагаатай танилцах, усан завиар аялах зэрэг хөтөлбөр заавал багтана. Бид ч мөн дээрх маршрутаар явсаар эхний өдрийн аяллаа өндөрлөсөн юм. Сэтгүүлч бидний хувьд энэ удаагийн томилолт онцлогтой байсныг дурдах нь зүйтэй болов уу. Учир нь, аливаа томилолтод үзэг нэгтнүүдтэйгээ явдаг байсан бол энэ удаад аялал жуулчлалын болон эрүүл мэндийн салбарынхантай хамтарснаараа онцлог байлаа. Тийм ч учраас аялал жуулчлалын бүсээр явах үед тухайн салбарын төлөөлөл бидэнд нэмэлт мэдээлэл өгч явсан бол аяллын гол зорилго болох хоёр ч эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монголоос очсон хэд маань /эмч нар/ онол практик хослуулан, зарим мэргэжлийн үг хэллэгийг ч тайлбарлаж явсан юм.

ХҮН АМЫНХАА ТООТОЙ ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВДАГ ХОТ

Бусан бол БНСУ-ын хоёр дахь том хот. Сөүлийн араас бичигддэг энэ хот 3.5 сая хүн амтай, 767 ам метр газар нутагтай. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог далайн эргийн хот бөгөөд Япон улстай хил залгаа оршдог. Дэлхийд тэргүүлэх далайн боомт, санхүүгийн төв газар гэж хэлж болно. Далайн эрэг дагуу байрладаг учраас харагдах байдал нь үзэсгэлэнтэй. Чийглэг уур амьсгалтай учраас битүү ногоон хот гэхэд гоёдохгүй. Гэсэн хэдий ч барилга байгууламж, зам тээврийг маш нарийн төлөвлөсөн учраас бидний тулгамдсан асуудал болох замын түгжрэл зэрэг наад захын стресс үүсгэх асуудал бараг үгүй. Хотоор аялж явахад уул нүхэлж тавьсан урт урт замтай байсхийгээд л таарна. Бусан нь дотроо 15 дүүрэг (гү), нэг хошуунд (гүнь) хуваагддаг. Манай улсын нийслэл Улаанбаатар хотоос зургаа дахин бага газар нутагтай ч бороо ороход хот тэр чигтээ усанд автах, бүх хүн машинаа унахад зам дээр таг гацдаг асуудал энд үгүй. Цаашлаад байгалийн унаган төрхийг алдуулалгүй авч үлдсэнээрээ бахархдаг нь хүн бүрийн ярианаас илт. Зам тавихын тулд мод огтлохгүй, үүний оронд уулаа сэтлээд хэчнээн км үргэлжлэх урт зам барьсан байх жишээтэй. Зах хязгааргүй үргэлжлэх далайн дээгүүр гурван ч том гүүр барьсан байх бөгөөд тэдгээр нь бүгд 2-3 давхар. Тодруулбал, “Гван ан бриж” буюу “Алмазан гүүр” жуулчдын сэтгэлийг эрхгүй татна. 6500 метр үргэлжилдэг энэ гүүрийн бүтээн байгуулалтыг долоон жилээр төлөвлөсөн ч далайн шуурга гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гурван жил хойшилжээ. Ингэж далай дээгүүр гурван том гүүртэй болсноор энэ хот замын түгжрэлийг бүрмөсөн мартжээ. Зөвхөн байгалийн үзэсгэлэнт газраар жуулчдыг татаад зогсохгүй БНСУ-д очсон жуулчдын дийлэнх нь үйлдвэрлэлийн туршлага солилцох зорилгоор энэ хотыг зорьдог байна. Бусанд жилдээ гурван сая орчим жуулчин ирдэг гэнэ. Хотынхоо хүн амтай дүйцэхүйц хэмжээний жуулчныг нэг жилийн дотор хүлээн авч буй нь аялал жуулчлалын салбараа хэрхэн хөгжүүлснийг бүрнээ илтгэнэ. Аялал жуулчлалын салбар нь Бусан хотын орлогын нэг эх үүсвэр болдог байна. Харин жуулчдын дийлэнх хувийг хятад, япончууд эзэлдэг. Үйлдвэрлэгч орон учраас туршлага судлах чиглэлээр ирж буй жуулчны тоо багагүй жин дарна. Эдийн засгийн гол тулгуур нь мэдээж далайн боомтын үйл ажиллагаа. Дээрээс нь аялал жуулчлал, тэр дундаа эрүүл мэндийн аялал жуулчлалаар Азидаа тэргүүлэх том амбийцтай хот гэдгийг уулзсан хүн бүр хэлж байсан юм. Үүний зэрэгцээ солонгосчууд төдийгүй Бусанчууд кино урлагийн салбарт цахиур хагалах зорилготой. Өөрөөр хэлбэл, тэд бүрэн тоноглосон буюу 3D, 4D кинотеатраар нэлээд нэрд гарч байгаа аж. Тийм ч учраас төр засгийн зүгээс энэ салбарт ихээхэн төсөв хөрөнгө зарцуулж буйг Бусан хотын аялал жуулчлалын газрын дарга онцолж байлаа. Нийт иргэдийн дийлэнх нь дундаж давхаргад хамаардаг. Солонгос бол үйлдвэрлэгч орон. Бусан хот ч үүний жишгээр жижиг сэлбэг хэрэгслээс авахуулаад томоохон эд ангиудыг хүртэл үйлдвэрлэдэг тул ажлын байрны хүрэлцээ хангалттай ажээ. Бусан хотынхон үйлдвэрлэлээ амьжиргааны эх үүсвэр болгодог байсан бол сүүлийн үед үйлчилгээний салбарт түлхүү анхаарч байгаа ажээ. Энд авууштай нэг зүйл нь, Солонгосын иргэд улс төрчдөдөө сэтгэл хангалуун байдаг явдал. “Манай улс ингэж сайхан хөгжиж, ард иргэдийн дийлэнх нь дундаж давхаргад хамаарч байгаа нь төр, засгийн удирдлагууд сэтгэлтэй ажилладгийн илрэл” гэж бат итгэлтэй ярих нь Монголдоо нутагшуулмаар жишээ байлаа. Учир нь, солонгосчууд удирдагчаа сонгодог, итгэл хүлээлгэж чаддаг нь харагдана. Түүнчлэн усан тээврийн салбарт Бусаны боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Бусаны боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд зургаадугаарт ордог. 1978 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг боомт жилдээ 13 сая чингэлэг ачиж буулгадаг байна. Боомтын ачаа эргэлтийн дийлэнхийг БНХАУ, Япон, АНУ эзэлдэг. Тиймээс боомтын ачаа эргэлт найдвартай, аюулгүй байх чиглэлд бүх анхаарлаа хандуулдаг гэдгийг тус боомын дарга онцолсон. Бусан хот дэлхийн 150 оронтой усан боомтын хамтын ажиллагаатай бөгөөд контейнер тээвэрлэхээс гадна дамжин өнгөрөх тээвэр тал хувийг эзэлдэг ажээ. ЭРҮҮЛ

МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ТЭРГҮҮЛЭГЧ БУСАН ХОТ

БНСУ-ын Бусан хотоос Монгол руу ирэх жуулчдын тоо энэ жилээс эрс нэмэгджээ. Харин монголчуудын хувьд БНСУ-ыг олноороо зорьдог ч Бусанд төдийлөн очдоггүй байна. Манай улсын иргэд Солонгос улсад очиж эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах, Монголд эмчилж оношилж чадахгүй өвчнийг оношлуулах гэж Солонгосыг зорих нь олонтаа. Ингэхдээ дийлэнх нь Сөүлийг зорьдог. Гэтэл Бусан хот сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлж буйг Бусан хотын Аялал жуулчлалын газрын дарга онцолж байв. Түүнчлэн Монголын эрүүл мэндийн төвүүд ч Бусан хотын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн иж бүрэн оношилгоо хийхэд туслалцаа үзүүлж эхэлжээ. Бусаны хувьд Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын төв гэж хэлж болно. Тухайлбал, бид энэ удаа “Меди чек” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ нь Солонгосын 1500 гаруй эмнэлгээс эхний 15-д жагсдаг томоохон төв юм. Энд эрүүл мэндийн бүхий л оношилгоог хийдэг бөгөөд Монголд эмчилж оношилж чадахгүй байгаа хавдрын төрлийн өвчлөл болон тархины саажилт, цусны бүлэгнэл, зүрх судас , дотор эрхтний өвчлөлийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, IMR аппаратаар бүрэн оношилдог байна. Солонгос улсад аялал жуулчлал тэр дундаа эрүүл мэндийн аялал жуулчлал нэмэгдэх гол шалтгаан нь дэлхийд тэргүүлэгч эмчилгээ оношилгооны аппаратыг ашигладагт оршдог. Тус эмнэлгийн дарга Чо Сэн Жин “Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн нарийн тоног төхөөрөмжөөр хүний биеийн бүхий л оношилгоог хийдэг. Монголчууд зорин ирж үйлчлүүлбэл 1.1 сая вон /2.2 сая орчим төгрөг/-т багтаагаад ерөнхий шинжилгээ оношилгоо, мөн хавдрын оношилгоо зэргийг хийж өгөх боломжтой. Дээрх нэр заасан өвчлөлийг оношлуулахын тулд бусад эмнэлгээс 30 хувийн хөнгөлөлттэй үйлчилдгийг ч тэрбээр хэлсэн. Харин бидний дараагийн очсон газар нь “Дио имплант” шүдний үйлдвэрлэл болон “Лайн ап дентал клиник” буюу гоо сайхны мэс заслын эмнэлэг байлаа. “Дио имплант” шүдний үйлдвэрлэл нь дэлхийд эхний 10-т бичигддэг бөгөөд 60 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог байна. Монгол Улс ч тус компанийн бүтээгдэхүүнийг захиалж авдаг ажээ. Харин “Лайн ап дентал клиник” эмнэлгийн хувьд шүд болон гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг. Тус эмнэлгийн үүсгэн байгуулагч Хон Хи Пүо хэлэхдээ “Манай гоо сайхны мэс заслын эмнэлэг Солонгост эхний 10-т ордог. Нүүрний гажгаа засуулах гэж хүмүүс их ирдэг. Өнөөдрийн байдлаар нэг л монгол хүн манайд хандсан. Бид нүүрний гажиг заслын мэс заслыг 30-60 мянган воноор хийж үйлчилдэг” гэлээ. Солонгосчуудын хувьд нүүрний төрөлхийн гажгаа засуулах нь ихэссэн бөгөөд энэ нь хоёр талтай гэдгийг Хон Хи Пүо эмч онцолсон. Өөрөөр хэлбэл, эрүү, нүүрний гажгаа засуулах нь мэдээж олон талын эерэг нөлөөтэй. Харин сөрөг үр дагавар эмчилгээ талаасаа бараг гардаггүй ч үйлчлүүлэгчдийн хувьд найз залуу эсвэл бүсгүйгээ ойр ойрхон сольдог нь сул тал болсон гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Бусан хотоор гурван шөнө, дөрвөн өдөр аялсны эцэст тэднийг асар том амбийцтай хот хэмээн онцолмоор санагдсан. Учир нь, уулзаж танилцсан хүн бүрийн амнаас тодорхой хэдэн салбарт тэргүүлэх, цахиур хагалах том зорилготой гэдгээ тодотгож байсан юм. Үнэхээр ч зорилгоо туг болгосон бусанчууд далайн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлалаараа Азидаа хуруу дарам цөөн хотын тоонд зүй ёсоор багтжээ. Төд удалгүй дэлхийн “Аз жаргалтай хот”-ын эгнээнд хүч түрэн орж ирэх бололтой юм.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)