Д.Амбасэлмаа ахайтны зээ охин эмээдээ номон суварга босголоо

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаагийн мэндэлсэн өдөр саяхан боллоо. Эл өдөрт зориулан түүний зээ охин сэтгүүлч Б.Саруул “Өөрөөс эхлэх амьдрал” ном бичсэнээ танилцуулсан юм. Эмээгийнхээ баримталдаг зарчим, зөв амьдрах ухааныг олон нийтэд дуулгах гэсэн түүний бодлыг ойлгож номын хуримд мэргэжил нэгт нөхөд нь хүрэлцэн ирсэн байв. Б.Саруул номын хамт эмээгийнхээ өглөө бүр хийдэг таван минутын дасгалыг CD болгон дагалдуулсан нь нүдээ олжээ. Д.Амбасэлмаа гуайн эрүүл, эрч хүчтэй байдгийн нууц болсон уг дасгалыг зээ охин нь цахим хуудастаа санаандгүй тавьсан нь олон уншигчийн сонирхлыг татаж байсан юм. Тиймээс л зээ охин нь олон түмний хүсэлтийг биелүүлж, уг дасгалын тайлбарыг эмээгээрээ хэлүүлэн номондоо хавсаргаснаараа содон бүтээл болжээ.

Сэтгүүлч Б.Саруул эмээгээ баярлуулах хүслээ биелүүлсэндээ баяртай байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Тэрбээр “Зуны дэлгэр цагийн зүсэр бороон дунд эмээгийнхээ эгэл даруу хийгээд эрхэмсэг ертөнцөд өөрийнхөө хувь тавилангаар зурсан цор ганц төөрөг зургийг буулган номон суварга бүтээж мэндэлсэн өдөр нь бэлэг барихаар чин сэтгэлээсээ хүссэн мөрөөдөл минь өнөөдөр биеллээ оллоо. Эхийн хайраар өлгийдүүлж, эмээгийн хайраар хүн болдог мөн ч азтай улс билээ, бид. Хэрвээ хүн хүсэх юм бол хүнийг хайрлахад зүрх ядарч, хүч дуусдаггүйг Монголын мянга мянган эмээ нар өөрсдийн баялаг амьдралаараа үр ач нартаа сургасаар ирсэн. Тэдгээр амьд судруудын нэг бол миний эмээ Дүгэрийн Амбасэлмаа билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)