Багш нар санхүүгийн чадавхиа сайжруулахын тулд шавь нараа хохироох ёсгүй

Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлж цэцэрлэгүүдийг эсэргүүцэлдээ уриалаад байсан ч цалингаа нэмүүлэхээр тэмцсэн нь үр дүнд хүрч саяхан Засгийн газраас тогтоол гаргаж багш нарын цалинг үе шаттайгаар нэмэхээр болсон. Ийм шийдвэр гаргачихаад байхад дахин дахин ажил хаялт зарлаад байхгүй биз гэж найдаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар урд жилүүдийн асар их өрийг төлсөөр байтал шинэ бүтээн байгуулалт өрнүүлж чадахгүй хамаг цагаа авч байх шиг. Өнгөрсөн онд 580 сая доллар, энэ он гараад 500 сая доллар, сая 700 тэрбум төгрөг зөвхөн зээлийн хүүнд төллөө. Энэ бол хэдэн зуун сургууль цэцэрлэг, ясли, бусад бүтээн байгуулалт өрнүүлмээр их мөнгө.

Өмнө нь Монгол Улс зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан бол одоо 1.4 их наяд төгрөгийг зээлийн хүүд өгч байна. Өөрөөр хэлбэл үүнээс зөвхөн өр зээлийн дарамтын асуудлыг тухайлан салган авч морин тэрэгчнээр зүйрлэвэл аралтай дугуйных нь тос багасаад ачааллаа даахгүй, нүх нь томроод гол нь бүр нарийн болоод холхиндог болчихсон гэсэн үг л дээ. Эдийн засаг нь голоо цохиод манай улсын өрийн дарамт ийм хэмжээнд байна гэсэн үг. Энэ талаас нь авч үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хүрд эргүүлэх байтугай толгойгоо өндийлгөх боломжгүй мэт. Гэсэн ч муу амлаад яахав. Энэ Засгийн газрын багийнхан аль болох дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж зөв бодлого барьж, их ажил өрнүүлж байна гэж үзэж байна. Хүүхэд залуусыг гэгээрүүлэх, боловсрол, эрдэм мэдлэг түгээх багш нар улс төрийн нам хүчний гар хөл болж, хүүхдийн сурч мэдэх эрхийг энэ мэтээр хязгаарлан боомилж хэрхэвч болохгүй. Энэ онд багш нарын цалинг 8-32 хувиар нэмж, үндсэн цалин дээр нь 130 000 төгрөг хүртэл өсгөн нэмэгдүүллээ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэн ялангуяа багш, эмч нарын цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмнэ гэсэнд “Баярлалаа” гэхийн оронд дахин дахин жагсаал цуглаан зарлаж зохион байгуулаад байсныг ойлгосонгүй.

Бидний үед л лав тийм бусармаг зүйл огтхон ч болж байгаагүй. Уг нь багш хүн чинь нийгмийн бүхий л салбарт ажиллах хүнийг сурган хүмүүжүүлдэг, олон түмэнд үлгэр дуурайл үзүүлж хүндлэгдсэн, оюун ухааны охь ундаргыг бүтээгч байлтай. Гэтэл энэ үүргээ ухамсарлахгүй, цаг үе, нөхцөл байдлаа цэгнэхгүй, хүүхдийн шинэ зүйлийг мэдэх гэсэн бадрангуй, оргилсон хүсэл тэмүүллийг хаан боогдуулж хууль тогтоомж, дүрэм журамдаа хүлээсэн үүргээ умартан хэнд ч тэр бүр заяадаггүй энэ ариун нандин сайхан албыг урсгалд нь орхиж, зөнд нь хаяж, хэлбэрдэн олон хоногийг өнгөрөөлөө. Хэрэв цалингаа чамлан голж байгаа бол өөр цалин ихтэй ажилд орох нь тэр хүний өөрийнх нь сонголт болсон цаг шүү дээ. Ер нь тэгээд цалин нэмээд байхад мууг сайнаар нь яаж ч бодоход ингэх ёсгүй. Төр засгаас улс орны хөгжлийн зүтгүүр, зүрх тархи болсон боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын энэ том салбарт асар их хөрөнгө оруулалт санхүүжилт хийж 2018 онд төр, хувийн хэвшлийн нийт 33 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтад оруулж байгаа. Ирэх жил нийтдээ 33826 хүүхдийн суудал бүхий сургууль, 16420 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад хүлээж авна. Улс орны хэмжээнд ганц боловсролын салбар биш бусад олон салбарт хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. 2019 онд Засгийн газрын цалин нэмэгдүүлэх бодлогын хүрээнд тус салбарын хэмжээнд нийт дүнгээр 74911 багш албан хаагч цалингийн өсөлтөд хамрагдахаар болж байна. Боловсрол бол маш том салбар бөгөөд багадаа сургуулийн өмнөх боловсрол, ясли, цэцэрлэг, ЕБС, их дээд сургууль, ТМС, техникум, мэргэжил сургалтын төвүүд гээд хүний амьдралын өсч ургаж, хөгжиж өдөр өнгөрөх тутам шинэ зүйлийг дэс дараалан мэдэж авч байдаг прогрессийн хурдтай салбар. Дээр нь Монголын соёлын бүх асуудал, бүхэл бүтэн шинжлэх ухаан, мөн спортын гээд тоочоод байвал маш нарийн салбар гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Үүний хажуугаар өвөл, хаврын утаа униар, энэ их түгжрэл, дуу чимээ, байгаль орчин, агаар, хөрсний бохирдол, орчны бохирдол, осол эндэгдэл, зурагт болон сонин хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслээр орж ирсэн зохисгүй байдал, уур уцаар, бухимдал, энэ бүхнээс үүдэлтэй стрессэд орох таагүй байдал үүсэх магадлал зарим үед гарах хандлагатай болж ирлээ. Дээрээс нь Монгол Улсын гадаад өр 27 тэрбум доллар болж 2024, 2025 он гэхэд төлж барагдуулна гэж байгаа.

Саяхан Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого батлан гаргаж сайн төр, монгол хүн Монголын баялаг гэж үзэн нэгдмэл зорилготой Монгол Улс үзэл баримтлалын дор олон тулгуурт эдийн засгийн бодлого, шударга ёсыг дээдэлсэн сахилга хариуцлагатай тогтвортой засаглал, хүн төвтэй нийгмийн бодлого гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж энэ хүрээнд хэрэгжүүлэх 27 зорилт тусгасныг бүгд мэдэж байгаа. Мөн үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийг батлаад ажиллаж байна. Сүүлийн үед манай урд хөрш БНХАУ дэлхийн хөгжлийн төвд үсрэнгүй хөгжлөөрөө цойлон гарч дэлхийн хоёр дахь эдийн засаг байснаа одоо нэг рүү шууд ороод ирлээ. Дэлхийн бодлогыг хятадууд барьж байна гэхээсээ илүү Хятадыг их сонсдог, анхаарч ажигладаг боллоо. ХКН-ын XIX их хурал энэ оны хавар болж 65 сая хүнийг ядуурлаас гаргаж, үлдсэн хугацаанд 35 сая хүнийг дундаж амьдралтай айлын түвшинд хүргэнэ гэж онцлон тэмдэглэлээ. Энэ бол жинхэнэ ажил хэрэгч, бүтээлч, бодитой ажил. Хятадын удирдлагын Күнзээс уламжилж ирсэн төрийн бодлого, зохицуулалт, арга ухаан, эмх цэгц систем, зохион байгуулалт, хүн бүр толгой дараалан хөдөлмөрлөж байгаа байдал шал өөр. БНХАУ-ын удирдлага ард түмнээ зөв чиглэлд хөтлөн дагуулсан, янз бүрийн нам, эвсэл, холбоо, бүлэг, нутаг нуга, жалга довын үзэл, аливаа ялгаварлан гадуурхалтыг гаргахгүйгээр хий зайгүй ажиллаж байна. Монголчууд бид олон жил морь уралдуулж, бөх барилдуулж овоо гайгүй гэсэн нэгнийгээ атаархан, элдэв хэл ам таталж хэн нэгэндээ од болсоор байтал дэлхийн цаг минут, секунтээр асар их хурдтай хөгжиж байна. Бид бөх барилдуулж, морь уралдуулж ерөөсөө хөгжихгүй. Энэ бол хөгжил дэвшил биш. Бид материал баялгийг үйлдвэрлэн бий болгож жижиг дунд үйлдвэртээ хөрөнгө оруулж, татварыг багасгаж, хамгийн гол нь аж үйлдвэрээ хөгжүүлж улс орон хөгжинө. Энэ хугацаанд Хятад улс бодлогогүй өмч хувьчлал явуулж нийгмээ задруулсангүй. Дэлхийн №1 эдийн засагтай орон болж байхад Вьетнам улс өмч хувьчлаагүй мөртлөө эдийн засгаар Азийн тэргүүлэх эхний зургаад ороод хөгжөөд цэцэглээд явж байх жишээтэй. Далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрөм ихтэй чийглэг уур амьсгалтай, өөр ямар ч байгалийн баялаг байхгүй улс орныг авлига хээл хахуультай тууштай тэмцэж сүүлийн 20 гаруй жил танигдашгүй болтол өөрчлөн хөгжүүлсэн түүх байна. Ерөнхий сайд агсан Ли кайшин зөв мэргэн бодлого, тууштай хөдөлмөрч, шударга чанар үүнд нөлөөлж Сингапурыг дэлхийн тэргүүний хөгжилтэй, оюун ухааны хөгжилд их үүрэг гүйцэтгэсэн гэж дэлхий даяар шагшин магтах юм. Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 онд нийслэл хотоо нүүлгэн шилжүүлж Астана гэж нэрлэн богино хугацаанд сэргээн босгож одоо дэлхийн шилдэг 10 хотын нэгээр шалгараад байна.

Казакстаны Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсон 75 настай Нурсултан Назарбаев хэлэхдээ “Намайг Ерөнхийлөгчөөр сонгосон ард түмэндээ баярлалаа, би Казакстан улсыг дэлхийн тэргүүний хөгжилтэй 30 улсын нэгэнд оруулна” гэж ард түмэндээ амлаж байх юм. Бас Арабын орнуудын хөгжил дэвшил дэлхийд гайхагдаж байна. Эзгүй элсэн цөлд том том хот тосгон байгуулж, шөвөг шиг тэнгэр баганадсан барилга сүндэрлүүлж, маш олон тооны хиймэл нуур, цөөрөм давтагдашгүй барилга байгууламж, зочид буудал барьж зарим тоноглол, тоног төхөөрөмжийг алтаар бүрж хоногийн нэг сая доллар, түүнээс дээш үнэлэн дэлхийн баячуудын чихийг дэлдийлгэн анхаарлыг нь татаж, аархлыг нь төрүүлсээр байна. Монгол хүний боловсролын салбарт байгаа нийтлэг зөрчил дутагдалд анхаарлаа хандуулж арилгачихвал өсвөр үе, ирээдүй хойчид хэрэгтэй юм болов уу гэсэн үүднээс дараах зүйлд анхаарч үзвэл зохилтой мэт. Өсвөр үе, хүүхэд залуучуудыг монгол ардын үлгэр домог, түүх, туульстай танилцуулах, оньсого, сургаалт үгсийг багш сурган хүмүүжүүлэгч асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь уйгагүй зааж өгөх, сургах нь чухал. Хүүхэд залуучуудыг ахмад үеийн заавар зөвлөгөө сургаалыг сонсдог, хүнийг хүндэтгэдэг сайхан уламжлалаар ёс суртахуунлаг байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ жилийн хувьд олон хоног завсардсан хичээлийг хэрхэн, хэзээ, яаж нөхөх, зарим цэцэрлэг ажиллаагүй, олон арван эх эцэг ажлаасаа чөлөө авсан, заримд нь чөлөө өгөөгүй, ажлаа тасалж хүүхдүүдээ харж нэмэлт бэрхшээл, төвөг учруулж ажил, албан тушаал нь шоконд орсон мэт сөргөөр нөлөөлсөн. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд боловсролын яамны удирдлага дэд сайд, төрийн нарийн, газар хэлтсийн дарга, албаны нэгж хариуцсан ажилтан мэргэжилтэн нар гар хумихалгүй ажиллах хэрэгтэй. Цөөхөн монголчууд бие биеээ хайрлах ёстой. Ядаж овойж оцойтол тус болдоггүй юмаа гэхэд ажилд нь саад тотгор, элдэв дөнгө, гох дэгээ тавьж төвөг чирэгдэл, хэл ам гаргамааргүй байгаа юм. Шинжлэх ухааны томьёоллоор авч үзвэл даруй арилгахгүй бол болохгүй тийм жаахан дутагдал юм. Эрчимтэй бүтээн байгуулалт, эрчтэй шинэчлэлийг өрнүүлж байгаа боловсролын салбарын эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Төгсгөлд нь “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” гэдэг шиг эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн хэлэх үг ганц, хийх ажил мянга байна гэдэг үгээр өндөрлөе.

Б.ТҮНЭРЭВ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)