Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /09.15-16/ Тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.  Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртжээ.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба иргэн Б нь иргэн О-н Samsung маркийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүллээ.

Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 1 осол бүртгэгдсэнийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажиллагааг явуулж байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

2018.09.16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Дөш” гэх газар шороон замд H.Porter  автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас барсан,

СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө “Emontrade” төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагыг Монгол улсын нутагт нийт иргэд дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь зөвхөн жолоочийн дүрэм, үүрэг гэж үздэг сэтгэлгээ түгээмэл байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Явган зорчигчид гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, автобуснаас буугаад зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур зам руу орох, зорчих хэсгээр согтуу явах зэргээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байна.

Он гарсаар эхний 8 сарын байдлаарх тоон үзүүлэлтийг үзвэл улсын хэмжээнд нийт 18663 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигчийн буруутай үйдлийн улмаас 390 осол бүртгэгдсэний 327 нь буюу 84 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.

Түүнчлэн осол, хэргийн улмаас амь насаараа хохирсон хүний 73 нь буюу 21,3% нь явган зорчигч байгаа нь өндөр үзүүлэлттэй тоо бөгөөд явган зорчигчдийн хөдөлгөөнд оролцох сахилга, соёлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Хичээл эхлэх, тарах цагаар нийслэл хотын гудамжаар хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд дүрэм зөрчиж улаан гэрлээр гүйх, гарцгүй газраар явж байгааг бид бүгд харж байна. Иймд үр хүүдүүдийнхээ сайн сайхан, аюулгүй ирээдүйн төлөө хайхрамжгүй, хэнэггүй зангаа хаяж дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.43.196)

    2018-09-18

    Замынхан өөрсдөө тавьдаг биздээ гэр орондоо ч очихгүй эхнэр хүүхэдгүй мөнгииг шүтсэн хэдэн юмнууд мөнгө л олж байвал тавина та нар л тавьж явуулахаа больчих ЗЦА Ялангуяа СБД ЗЦ ТАСГИИН ХЭДЭН ЗАЛУУЧУУДАДАА АНХААРУУЛ; БОЛОХГҮЙ БОЛ ЦАГДААГААС ХӨӨГӨӨЧ ТА НАР Л СОГТУУ ЖОЛООЧ НАРЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ

  • (202.9.42.227)

    2018-09-17

    Торгууль нь дэндүү бага байна шүүдээ. Торгуулиа төлж чадахгүй бол машин барих эрхийг нь 10 жилээр хасах хэрэгтэй. Эрхгүй байж машин барьсан бол шууд 5-7жилийн ял өгөх хэрэгтй. Энэ согтуучуудаас болж амь насаар хохирох хэцүү, өнөө амьд явах эрх үгүй болж байна шүүдээ