Зам тээврийн ослоос болж хүүхэд эндэх ёсгүй


Ерөнхий боловсролын I сургуулийн урд сурагч, эцэг, эхчүүдэд зориулсан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох үзүүлэх сургалт боллоо. Энэхүү үзүүлэх сургалтаар дамжуулж зам тээврийн осолд өртөн нас барж, гэмтэж бэртэж буй хүүхдийн тоог бууруулах цаашлаад тэглэх зорилготой аж. Сургалтыг сүмогийн их аварга, Асашёрюү Д.Дагвадорж, жүжигчин Э.Цолмонбаяр нар удирдан явуулсан юм. Тэд үзүүлэх тоглолт бүрийн дараа хүүхдүүдтэй харилцаж, зөв буруу үйлдлийн ялгааг танин мэдүүлж байлаа. Сургалтаар автозамын ослыг бодитоор харуулж, хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт өгч байсан юм. Тухайлбал, явган хүний гарцаар гараагүйгээс болж ямар гэмтэл авах аюултай болохыг бодитоор харуулсан нь хүүхдүүдийн хувьд мартагдахгүй сургамж боллоо. Мөн автомашины буруу талын хаалгаар буувал ямар аюултай болох, суудлын бүсээ зүүлгүй явах нь ямар эрсдэл авчрахыг хүүхдүүдэд бодитоор харуулав. Асашёрюү Д.Дагвадорж “Томчууд бидний хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд эндэх ёсгүй.

 Энэ оны эхний найман сарын байдлаар 50-60 хүүхэд автомашины осолд өртөж нас барсан. Жилд 1000 гаруй хүүхэд автомашины ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж байна. Энэ бол гуравхан сая хүн амтай орны хувьд их тоо. Автомашины ослын тоог бид тэглэх ёстой. Японы нийслэл Токио хот есөн сая хүн амтай. Автомашины осол гарахгүй байх өдөр тэнд олон байдаг. Ийм танин мэдүүлэх бодитоор харуулах үзүүлэх сургалтыг японд тогтмол зохион байгуулдаг. Би оролцож байсан. Энэ бол маш зөв алхам. Зам тээврийн осол бол хувь хүний соёлтой л холбоотой. Бид ирээдүйнхээ төлөө дүрмээ дагаж, замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцож сурмаар байна. Монголчууд цөөхөн шүү дээ” хэмээсэн юм. Харин Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Зам тээврийн осолд хүүхэд өртөх нь гарцгүй газраар гарах, аюулгүйн бүс зүүхгүй байх зэрэг олон шалтгаантай. Үүнийг хүүхэд багачууд болон эцэг, эхэд бодитоор харуулснаар авто ослоор нас барах, бэртэж, гэмтэх хүүхдийн тоог бууруулахад ач холбогдолтой гэж бид итгэж байна. Сургуулийн орчинд осол эндэгдэл гаргахгүйн тулд бид олон арга хэмжээ явуулдаг ч үр дүн бага байна. Бидний эхлүүлж буй үзүүлэх сургалтыг Ерөнхийлөгч дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс үзүүлэх сургалтыг дараа дараачийн олон сургуульд зохион байгуулах болно. Бодитоор харуулахаар үр дүн нь өөр байх болов уу. Нийслэлд Ерөнхий боловсролын 251 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч 30 орчим нь гэрлэн дохио, явган хүний гарцтай байна” гэдгийг онцолсон юм.
 
Г.Ням
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)