Н.Мэндсайхан: “Автомашингүй өдөр”-ийг иргэд хүлээдэг болсон

Нийслэл хот “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.МЭНДСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Нийслэлийн эрүүл мэндийн газар “Автомашингүй өдөр”-өөр хэрхэн оролцох вэ?

- Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”- ийг тэмдэглэдэг болсон. Өнгөрсөн жилүүдэд нэг удаа завсарласан. Нийслэлийн эрүүл мэндийн газар тус өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгээр ажилладаг. Энэ өдрийн хүрээнд арга хэмжээний үндсэн эрх зүйн баримт бичиг нь Нийслэлийн засаг даргын захирамж болон гардаг. Уг захирамжийг 2018 оны есдүгээр сарын 13-нд гаргасан. Захирамжийн дагуу энэ сарын 22- ны 08.00-17.00 цаг хүртэл тодорхой хэсгийн замын хөдөлгөөнийг хааж “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэхээр болсон. Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Сөүлийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунель хүртэлх замыг хаана.

-Ажлын хэсгийн ажил хэр явж байна вэ. Иргэдэд зориулж ямар үйлчилгээ явуулах вэ?

-Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ажиллаж байна. Мөн Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба зэрэг олон алба хамтран ажиллаж байна. Иргэдээ амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх зорилготой учраас томоохон худалдааны төвийн үйл ажиллагааг хязгаарлана. Нийслэлийн зургаан дүүрэг тус тусын байрлалдаа иргэддээ зориулсан сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ өдрийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Жишээлбэл, унадаг дугуйн парад, марафон тэмцээн зэрэг. Ер нь хүн өдөрт 10 мянга алхах ёстой. “Автомашингүй өдөр”-ийн гол зорилго нь автомашинаас татгалзаж, эрүүл мэндээ бодож хөдөлгөөний идэвхтэй байхыг уриалдаг. Зүрх судас, чихрийн шижин, таргалалт манай улсад нэмэгдэж байна. Энэ автомашины тоо ихэссэнтэй холбоотой. Иргэд ойрхон газар нэг, хоёр км алхахаа больсон. Бүгд автомашин хэрэглэхийг илүүд үздэг болжээ. Үнэндээ автомашинтай түгжирч ажил бүтээснээс алхсан нь илүү дээр шүү дээ. Бидний хооллох соёл нүүдэлчин иргэншилтэй байх үеэс өөрчлөгдөөгүй. Тухайн үед бид их нүүдэг байж. Гэтэл одоо хөдөлгөөн байхгүй. Тэгсэн мөртлөө урьдынх шигээ тослог ихтэй хүнд хоол хүнс хэрэглэсэн хэвээр л байна. Энэ нь эргээд олон төрлийн өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

-Иргэд “Автомашингүй өдөр”-т оролцохдоо юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын зүгээс анхааруулбал бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хэдийгээр автомашин явахгүй ч өмнөх жилүүдэд унадаг дугуйтай иргэн бага насны хүүхдийг бэртээж, гэмтээх тохиолдол гарч байсан. Тиймээс дугуйтай иргэд олон нийтийн дунд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа багасгах, бусдыг дайрч гэмтээхгүйн тулд болгоомжтой зорчих хэрэгтэй. Мөн иргэдийг нэг өдөр ч болов автомашинаасаа татгалзаарай гэж хэлмээр байна.

-Зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хязгаарлана гэж байна. Яг ямар худалдааны төв гэдгийг тодруулаач?

-Худалдааны төвүүд ажиллахаар түгжрэл үүсдэг. Тиймээс бид Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зах, Өгөөмөр техникийн зах, Сандэй плаза зэрэг томоохон 20 гаруй худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан.

-Ер нь автомашингүй өдөрт оролцогчид хэр идэвхтэй байна вэ. Анх удаа зохион байгуулж байхад нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан санагдана?

-Хүмүүсийн хандлага их өөр болсон. Тухайн үед “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг сайн ойлгоогүйгээс аж ахуйн нэгж, иргэд их бухимдалтай байлаа. Хүмүүсийн оролцоо их бага байсан. Харин одоо бол таатай хүлээж авдаг болсон. Бараг баяр ёслолын хэмжээнд хүлээн авч оролцдог болсон. Хөл тавих зайгүй болж, олон хүн “Автомашингүй өдөр”-ийг зорьж ирдэг. Гэхдээ иргэд нэг өдрийн арга хэмжээнд оролцохоос илүүтэй өдөр бүр хөдөлгөөн идэвхтэй хийх нь зүйтэй.

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?

-“Хөдөлгөөн эрүүл мэнд 10 мянган алхамт” телевизийн щторк цацаж байгаа. Мөн хөдөлгөөний ач холбогдлын тухай сурталчилгааг иргэдэд тараах болно. Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийнхөн иргэддээ зориулж үзлэг, зөвлөгөө үнэгүй өгнө. Энэ өдөр хаасан зам дээр түргэн тусламж, цагдаа, гал командын машин иргэдийн аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнд оролцох болно. Тиймээс иргэд энэ тал дээр хүлээцтэй хандаасай гэж хүсч байна. Мөн дүүргүүд тус тусын заасан газарт иргэддээ зориулж үйл ажиллагаагаа явуулна. Жишээлбэл, Бөхийн өргөөний урд талд Баянзүрх, Эрх чөлөөний талбайд Чингэлтэй, УДЭТ-ын гадна талбайд Хан уул, Улаанбаатар их дэлгүүрийн урд талд Сонгинохайрхан, Бөмбөгөр худалдааны төвийн урд Баянгол дүүргийн цэг ажиллаж иргэддээ тусламж, үйлчилгээ явуулах юм. Жанжин Д.Сүхбаатарын талбайд хүүхдэд зориулсан гар зургийн уралдаан, спортын тэмцээн, уралдаан зохионо. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулна. Төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг энэ өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-“Автомашингүй өдөр” автобусны чиглэлийг хэрхэн өөрчилж байгаа вэ?

-Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөнийг түр хаах тулд троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороололОфицеруудын ордон” чиглэлийн автобусууд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)