Сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг орууллаа

 Манай орны хувьд 2016 оны байдлаар 15-аас доош насныхан 30 хувь, 65 буюу түүнээс дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа нь хүн амзүйн шинжлэх ухаанд залуу хүн амтай улсад ордог байна. Гэтэл Монгол Улсад өнөөгийн байдлаар эрүүл мэндийн боловсролын талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг эрүүл мэндийн үзүүлэлт болон судалгааны үр дүн харуулж байна. Дэлхийн олон оронд хийсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол Улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйл их байгааг тодорхойлжээ.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол өсч, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгах санал гаргаснаар энэ хичээлийн жилээс сургалтын хөтөлбөрт оруулсан. Үүний хүрээнд тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцлаа. Энэ удаагийн эрүүл мэндийн хичээлийг мэдлэг, чадварт суурилсан эрүүл амьдралын зөв хэвшлийг суулгахад чиглүүлжээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2013 оноос хойш ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл орохоо больж, тасалдсан. Судалгаагаар эрүүл мэндийн хичээл оролгүй тасалдсанаар хүүхдийн эрүүл мэндийн тухай ялангуяа эрүүл аж төрөх ойлголт буурсан.

Жишээ нь, хүн амын хоол тэжээлийн судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна гэсэн дүн гарсан. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд тамхи татах, чихрийн төрлийн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаагаас үүдэлтэйгээр хүүхдүүдийн 84-96 хувь нь шүдний цооролтой байна. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг энэ хичээлийн жилээс сургалтын хөтөлбөрт оруулсан. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд нар олон улсын жишигт тус хичээл нь хүн амын ирээдүйн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад заадаг болгоё гэсэн санал тавьсан боловч тухайн үед ажил хэрэг болоогүй. Харин Эрүүл мэндийн яам энэ хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор оруулах саналыг БСШУСЯ-нд тавьсан. Тус яамны зүгээс саналыг хүлээн авч хамтран ажилласны дүнд энэ хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээл албан ёсны сургалтын хөтөлбөрт орлоо” гэв.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)