Эх орныхоо хөрсөнд ургуулсан, органик төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэгчдийн гарт шууд хүргэж байна

Хэрэглэгчид та бүхнийг хүнсний салбарын талаар хэрэгтэй мэдээ мэдээллээр хангаж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ногоочид, жимсчдийн нөр их хөдөлмөрийн үрээр хураан авсан шинэхэн жимс, ногооноос худалдан авах боломжийг олгож байгаа "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2018.09.21) “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр "Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн тоглолт, орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны танилцуулга, Хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа, “Алсыг хар-Органикийг сонго” хэлэлцүүлэг зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Алсыг хар-Органикийг сонго” хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээр Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарсан журам, аргачлал, жагсаалт, Органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журмын төсөл, Органик хүнсийг баталгаажуулах журмын төсөл, Органик хүнсийг бүртгэх, баталгаажуулах, мэдээллийн системийн үйл ажиллагааны талаар тус тус товч танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

“Алсыг хар-Органикийг сонго” гэдэг нь 2017 оны 10 дугаар сард Органик хүнс үйлдвэрлэгчдийн II чуулганаас гарсан Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын уриа. Гол агуулга нь тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавих, хамгийн гол нь органик хүнсийг сонгож, урт удаан, аз жаргалтай амьдрахыг уриалж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 15-нд органик хүнсний хамтын баталгаажуулалт буюу үйлдвэрлэгчид өөрөө өөрсдийгөө баталгаажуулах схемийг сонгосон. Ийнхүү үйлдвэрлэгчид өөрсдийн санаачилгаар хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар тохирлын үнэлгээ, хянан магадлагаа хийлгэсний үндсэн дээр органик гэдэг албан ёсоор нийтэд зарлаж, зах зээлд илүү том байр суурь эзлэх боломжтой гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг

Олон улсын стандартын байгууллагаас гаргасан тохирлын үнэлгээ хийх үйл явцын дагуу органик хүнс үйлдвэрлэлд үнэлгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнд баталгаа гаргуулна. Ингэснээр гэрчилгээ, тэмдэг олгож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд органик хүнс үйлдвэрлэгч болохоо бүртгүүлэх боломжтой гэдгийг Стандартчилал, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа хэллээ.

Стандартчилал, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа

“Ногоон хүнс-Эрүүл амьдрал” өдөрлөгийн үеэр болсон өөр нэг арга хэмжээ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд таниулах, шинэ сортын бүтээгдэхүүн болох шар болон цагаан лууван, шар хулуу зэргээр хоол бэлтгэх аргыг хэрэглэгчдэд зааж өгөх байсан юм. Дэлхийд 40 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо байдаг бол үүний 25 орчим нэр төрлийг Монгол Улсад тарьж, ургуулж байна. 2018 онд улсын хэмжээнд 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо тарьсан бөгөөд ургацын урьдчилсан балансаар 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авахаар тогтоосон гэдгийг өдөрлөгийн үеэр ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд мэдээлсэн юм.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцож буй тариаланч, ногоочид, жимсчдийн дунд уг арга хэмжээнд анх удаагаа оролцож буй залуучууд байхад 13 дахь намартаа оролцож байгаа хөдөлмөрчин түмэн ч байна. Эх орныхоо хөрсөнд тарьж, ургуулж, арчилж хамгаалж, хураан авсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээ хэрэглэгчдийн гарт хүргэхээр ажиллаж буй тэд борлуулалтын нэгдсэн төвтэй болохыг хүсч байлаа. “Атрын III аян”-ны хүрээнд Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын төв байгуулахаар газрын асуудал шийдэгдсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Ингээд өнөөдрийн өдөрлөгтэй уялдуулан дээр дурдсан хөтөлбөрүүдийн зорилт, хэрэгжилтийг явцын талаар мэдээлэл хүргэе.

 “Хүнсний ногоо” хөтөлбөр нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах зорилготой.

Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд хүнсний ногооны нэр төрөл, хамгаалагдсан тариалангийн үйлдвэрлэл, хүнсний ногооны техник, усалгааны тоног төхөөрөмж, агуулах, зоорины хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Бага, дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг хүүгүй зээлээр олгох, хүнсний ногооны 14 нэр төрлийн 18 тонн үрийг өрхийн тариалан эрхлэгчдэд аймаг, нийслэлийн ХХАА-н газраар дамжуулан буцалтгүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ  сорт туршин нутагшуулж, ургамал хамгаалал, хөрсний үржил шим сайжруулах, бордох систем, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж эхлээд байна.

“Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр жилдээ 6,4 мянган тонн нарийн ногоо үйлдвэрлэж, жилийн дөрвөн улиралд иргэдээ шинэ ургацын нарийн ногоогоор хангах боломжтой болох юм.

Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор батглагдсан "Жимс, жимсгэнэ" хөтөлбөр нь жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганын тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэх зорилготой. Мөн жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх зорилгоор маркетингийн стратеги боловсруулахаар ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 166 га талбайд тариалах чацаргана, үхрийн нүд, алим, чавганы нийт 211 мянган ширхэг суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олголоо. Түүнчлэн жимс жимсгэний 5 га талбай услах 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмжийг 30 хувийн урьдчилгаатай, 5 жилийн хугацаатай, хүүгүй зээлээр олгож байна. Шинээр тариалж, үр жимсээ өгсөн модонд урамшуулал олгох шинэ журам боловсрууллаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн хүрээнд жимс, жимсгэнэ тариалагчдад зориулсан “Жимс жимсгэнийг залгаж ургуулах, тайрч танах” технологийн сургалтыг зохион байгуулж, энэ онд ОХУ-аас 6 төрлийн 3000 ширхэг жимсний суулгац импортолж, туршиж нутагшуулах ажлыг эхлүүлээд байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд монгол чацарганы чанар, өртгийн сүлжээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, маркетингийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)