Төрийн оновчтой бодлогын үр дүнд ААН, малчид, тариаланчдын амьдрал дээшилж буй жишээ энд байна

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс БНХАУ-ӨМӨЗО-ны Баяннуур хоттой мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан 2018 оны есдүгээр сарын 14-18-ны хооронд Монгол Улсын сэтгүүлчдийн баг тус хотод томилолтоор ажиллан, ХХААХҮ-ийн салбарын ололт, амжилтаар өөрийн орондоо нутагшуулах, хамтран ажиллах боломжийн талаар сурвалжиллаа. Сэтгүүлчдийн баг Баяннуур хотын Лин Хэ, Дэн Көү, Хангин хойд хошуу, Ү Юань Шень дүүрэгт ажиллаж, Хуа Шэн ногоон энерги, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн жишиг үзүүлэх парк, Рэн Чуан цөлийн цагаан будаа тариалах туршилтын суурин газар, Шэн Мү Гао Кэ сүүний үйлдвэр, Шө И мал аж ахуйн компани, Бор тохойн архины үйлдвэр, Фү Чуань одоо үеийн махан хонины салбарын эргэлт, эдийн засгийн жишиг үзүүлэх бүс, Цао Юань Хун Бао хүнсний компани, Мэн Юань Күан компани, Вэй Шин ноолуурын компани, Жао Фэн гурилын үйлдвэр, Фү Чион тосгон, Ү Юань Шены Бортохой цахим худалдааны парк, Бор тохойн тариалан, соёлын хүрээлэн, Лиень Шин наран энергийн тосгон гэсэн 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Очсон газар бүр тухайн хот, дүүрэг, хошууны жишиг, онцлог болсон аж ахуй байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

        БНХАУ-аас Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд хувийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгох, ард иргэдийг орлогожуулах бодлого барьж байна. Энэхүү бодлогын үр дүнд аж ахуй нэгж, малчид, тариаланчдын амьдрал дээшилж байгааг Баяннуур хотын жишээнээс харж болохоор байлаа. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулан баталгаажуулж, мал үржүүлэг, тэжээлийн үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамал, мод тарих аргыг туршин, жижиг аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэх боломжоор хангаж, хувийн компанийн санаачилгыг дэмжин, төрөөс дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж байгаа нь сайн туршлага санагдлаа. Ингээд тус хотын тухай товч танилцуулж, дээр дурдсан жишиг бүс, компанийн мэдээлэлд тулгуурлан нутагшуулж болох сайн туршлага, хамтран ажиллах боломжийн талаар дурдъя.

Баяннуур хот нь 1,7 сая хүн амтай, 65,788 км2 газар нутагтай. Өвөрмонголын өөртөө засах орны баруун бүс, Шар мөрний Бор тохойн дээд хэсэгт оршдог. Умард талаараа Монгол Улсын 7 аймаг, 2 хот суурин газартай шууд зэргэлдээ байршилтай тул Монгол, Орос хоёр улсаар дамжин Европын зах зээлд нэвтрэх боломжтой. Мөн Хятадын баруун бүс нутгийн дэд бүтцийн сүлжээний хамгийн чухал уулзвар зангилаа, байршлын хувьд давуу талтай бүс нутаг юм. Хятад улсаас баруун бүс нутгийг анхааран хөгжүүлэх чухал бүс нутгийн нэгээр авч үздэг. Авто зам, төмөр зам, агаарын зам сайн хөгжсөн.

        Өвөрмонголын өөртөө засах орон, орон нутгийн захиргаанаас гаргасан бодлого, чиглэлийг тууштай хэрэгжүүлэн, нутгийн иргэдийн нөр их хөдөлмөрийн үрээр амжилт гаргаж байна. Тус хот дэлхийн хамгийн том органик сүүний үйлдвэрлэлийн бааз төдийгүй хамгийн их талбайд наран цэцэг ургуулдаг бүс нутаг юм. Цэвэр үүлдрийн самнасан ноолуур, чинжүүний тариалалтын нутаг гэгддэг. Жилийн дөрвөн улиралд хонины махаар тогтмол хангадаг. Улаан лооль тариалалтаараа улсын хэмжээнд хоёрдугаарт ордог бүс нутаг. 2016-2017 онд Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хөдөө тосгоноор тодорч, хүн ард амьдран суухад хамгийн ая тухтай жишиг суурин, эрүүл хүнсний ногоо, байгалийн гаралтай сүү боловсруулдаг үйлдвэрлэлийн загвар юм.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст газар тариалангийн алтан бүс гэх тариа будааны ургалт, гарц хамгийн сайтай бүс нутагт харьяалагддаг. Жилийн нар тусах хугацаа нь Өвөрмонголын бусад хотоос хамгийн урт, ус, хөрсний үржил шимт бүс нутаг юм. Ази тивд хамгийн том өөрийн усалгааны системтэй бөгөөд жил бүр 5 тэрбум куб метр ус татаж, тариалангийн талбайгаа усалдаг байна. Мал аж ахуйн салбарын тухайд, 2017 онд 22,7 сая тоо толгой мал тоолуулсан бөгөөд эрчимжсэн мал аж ахуй түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Тус хотын онцлох зүйл нь ногоон байгууламж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт юм. Хотын иргэддээ хүрээлэн буй орчин, аж ахуйн нэгждээ компанийхаа тодорхой талбайд мод тарих үүрэг өгч, арчлалтыг улсаас хариуцсанаар 10 гаруй жилийн дотор мод, цэцэгс алсалсан ногоон хот болжээ.

ШЭН МҮ ГАО КЭ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР:

Хөх хотод төвтэй тус үйлдвэрийн Баяннуур хот дахь салбар нь 100000 үнээтэй, 23 малчдын талбайд өсгөн үржүүлж байна. Өдөрт 1300 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаас 1050 тонн сүү үйлдвэрлэж байна. Уг сүүний үйлдвэрийн салбарыг 2010 онд байгуулсан бөгөөд нийт 750 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. 46 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хятадын 400 орчим бүс нутгаар бүтээгдэхүүнээ борлуулдаг, улсынхаа органик сүүний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Үйлдвэр 3000 гаруй ажилчинтайгаас сүү боловсруулах хэсэгт 500 хүн ажилладаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Шведийнх. Шингэн сүүнд ариун цэвэр, эрүүл ахуйн 146 төрлийн хяналт, шалгалт хийдэг бөгөөд бүтээгдэхүүндээ европ стандартын хоёр баталгаажуулалт авч, органик гэдгээ баталгаажуулсан шошготой, QR кодын тусламжтайгаар тус үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүний талаар бүх мэдээллийг авч болно. Үнээний фермер нь бордооны үйлдвэртэй.

РЭН ЧУАН ЦӨЛИЙН ЦАГААН БУДАА ТАРИАЛАХ ТУРШИЛТЫН СУУРИН ГАЗАР:

2017 оны дөрөвдүгээр сард уг суурин газар байгуулагдсан. Энэ үеэс ус хадгалах тусгай технологи нэвтрүүлж, элсээр амьсгалдаг материалыг үйлдвэрлэн, цөл буюу ургамал ургах боломжгүй газрыг хужирнаас нь цэвэрлэж, тухайн жилдээ 6,6 га талбайд цагаан будаа тариалж, 115 тонныг хураан авчээ. Органик цагаан будаа гэж тооцогддог учраас монгол мөнгөөр нэг килограммыг 3564 төгрөгөөр борлуулж байгаа юм. Тус газарт Шар мөрний мөрөг загас, сам хорхой, наймаалж зэргийг үржүүлж байгаа бөгөөд цөөрмийн усаа цагаан будаа тариалахдаа ашиглаж байгаа нь сайн чанарын бордоонд тооцогддог байна.

ХУА ШЭН НОГООН ЭНЕРГИ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЖИШИГ ҮЗҮҮЛЭХ ПАРК:

Уг ийм жишиг парк БНХАУ-ӨМӨЗО-ны 28 мужид 100 гаруй бий. 100 га талбайг эзлэх нэг жишиг паркт ойролцоогоор 450 байгууламж байгаа бөгөөд байгууламж тус бүрт 260 хавтан бий. Нар тусах цаг урт учраас өдөртөө 110 000 юань буюу 40 орчим сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан үйлдвэрлэж байгууламж дотроо 100 гаруй нэр төрлийн ургамал, мод тарьж байна.

ШӨ И МАЛ АЖ АХУЙН КОМПАНИ: 

ШӨ И МАЛ АЖ АХУЙН КОМПАНИ нь 20000 махны чиглэлийн үхэр, 150 сүүний чиглэлийн үнээтэй буюу энэ бүс нутагтаа хамгийн том үхрийн ферм юм. Улсаас компанийн үйл ажиллагааг дэмжиж, 30000 үхэр үржүүлэх газар олгосон. Махны чиглэлийн нэг үхрээс 330 кг мах, сүүний чиглэлийн үнээнээс дунджаар 33 литр сүү гардаг. Мал үржүүлэг, нядалгаа, малын тэжээлийн үйлдвэртэй. Мах боловсруулах үйлдвэрт үхэр захиалгаар нийлүүлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд малчдаас үхэр худалдан авдаг. Малчид, хоршоод тус компани тугал авч, тэжээн өсгөөд 3000-3500 юань буюу нэг сая гаруй төгрөгөөр буцаан зардаг бөгөөд дархлаажуулалтыг компани хариуцдаг байна. Эсвэл эрдэнэшиш тариалж худалдах, компанид ажиллаж цалинжих боломж олгодог.

ЖАО ФЭН ГУРИЛЫН ҮЙЛДВЭР:

Баяннуур хотод 300 гаруй гурилын үйлдвэр бий. Эдгээрийн нэг ЖАО ФЭН гурилын үйлдвэр нь жилд дунджаар 1 сая орчим улаан буудай боловсруулдаг байна. Үүнээс төрийн  өмчит Жао Фэн үйлдвэр нь Тариаланчидтай нягт хамтран ажиллаж, тэднийг орлогожуулахад үйлдвэрийн гол үйл ажиллагаа чиглэдэг. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрээс буудайн үрийг авч тариалаад, буцаагаад буудайгаа зарж болно. Өдөрт 150 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. Зургаан төрлийн буудайн гарал үүсэл нь тодорхой бөгөөд органик гэдгээ баталгаажуулсан, улсдаа цөөхөнд тооцогдох өндөр чанартай гурил, гоймон үйлдвэрлэж байна.

ЦАО ЮАНЬ ХУН БАО ХҮНСНИЙ КОМПАНИ:

ЦАО ЮАНЬ ХУН БАО ХҮНСНИЙ КОМПАНИ нь 1999 онд байгуулагдсан. Махны чиглэлийн 100000 хонь, үржлийн чиглэлийн 10000 эм хонь, сүүний чиглэлийн 5000 ямааны аж ахуйтай. Мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрийг шийдэж чадсан. 200 өрхтэй гэрээ хийж, малын тэжээл тариалж байна. БНХАУ-ын нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотод бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Судалгааны хүрээлэнтэй бөгөөд “Баяннуур махны чиглэлийн хонь”, “Баяннуур хонины мах” гэсэн хоёр газар зүйн заалтыг улсдаа амжилттай бүртгүүлж, стандарт тогтоосон байна.

ВЭЙ ШИН НООЛУУРЫН ГРУПП:

1992 онд байгуулагдсан тус үйлдвэр нь шинжлэх ухааны судалгаа, ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах зэргийг хамтатгасан. Жилдээ 2000 тонн ноолуур, 600 тонн нэхмэл бүтээгдэхүүн, 2 сая цамц, 2 сая ороолт, нөмрөг, 80 мянган ширхэг ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэдэг. Малчдаас ноолуураа авдаг, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайн хөгжсөн. БНХАУ-ын топ 10 компанийн нэг, Улсын чанарын хяналтын албанаас нэхмэл бүтээгдэхүүнээрээ сайн үнэлгээ авсан. “Вэй Шин”, “Clertem”, “Монь уулын хадан зураг” гэсэн гурван бүтээгдэхүүнээрээ дотоод, гадаадад танигдсан, Европ, АНУ, Азийн 30 гаруй улсад экспортолдог. Монгол ноолуураас ялгаатай нь урт ноолуур гардаг учраас бөөсөрдөггүй гэж тайлбарлаж байлаа.

ФҮ ЧИОН ТОСГОН:

Баяннуур хотын төвийн дүүрэг болох Лин хэгээс 6 км зайтай газарт уг тосгон байна. Тосгон 560 өрхтэй бөгөөд 2300 хүн аж төрж байна. БНХАУ-ӨМӨЗО-ны хамгийн үзэсгэлэнт 16 тосгоны нэг. Ядуурлыг бууруулах хүрээнд тосгоны ард иргэд буудай, эрдэнэшиш, наранцэцэг тарьж, түүнийгээ худалдсанаар орлого нь 7000 юань байснаа дунджаар 23000 юань хүртлээ өссөн. Жилдээ тосгоныг үзэхээр 200000 жуулчин ирдэг.

ФҮ ЧУАНЬ ОДОО ҮЕИЙН МАХАН ХОНИНЫ САЛБАРЫН ЭРГЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЖИШИГ ҮЗҮҮЛЭХ БҮС:

Уг хонины аж ахуйг 2012 онд 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийж байгуулсан. 34 малын байртай. Австрали, Германаас 6 үүлдрийн 12000 махны чиглэлийн хоньтой. Үүнээс 4000 хуцтай бөгөөд нэг хуц 120-130 кг хүрдэг бол эм хонь 60-80 кг жинтэй. Жилд 10000 хонь зах зээлд нийлүүлдэг.

Ү ЮАНЬ ШЕНЫ БОРТОХОЙ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ПАРК:

Уг парк нь нийт 500 сая юанийн улсын хөрөнгө оруулалттай. Төрөөс иргэдээ ажлын байртай байлгах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс байгуулж өгсөн. Цахим худалдааны парк нь үзүүлэнгийн хэсэг, инкубаторын үйлчилгээний төв, сургалтын төв, үйлчилгээ, агуулах, буухиа шуудан зэрэг нийт найман хэсэгтэй. Паркт 226 аж ахуйн нэгж байрлаж, БНХАУ-ӨМӨЗО-ны хошууны хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны цахим худалдааны аж үйлдвэрийн парк юм. Энд дээр дурдсан тооны аж ахуйн нэгжүүд 3000 гаруй хүнийг ажлын байртай болгосон бөгөөд интернэт худалдааны найдвартай платформ болж чаджээ. 2015 онд жилдээ 80000 захиалга авч байсан бол энэ тоо 2017 онд гэхэд 2,2 саяд хүрч, орлого нь 500 сая юанаас давжээ. Ийнхүү мал аж ахуй, газар тариалангийн салбарын нөөц боломжид тулгуурлан, аж ахуйн нэгж, фермер, малчид хэрхэн орлогожиж, ард иргэд нь дэлгүүр явж, цагаа гарздахгүй уг цахим худалдааны сүлжээгээр дамжуулан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авах үйлчилгээ нэвтрүүлжээ.

БОР ТОХОЙН ТАРИАЛАН, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН:

Уг хүрээлэн дотроо маш олон төрлийн ургамал, мод, жимсийг туршин тарьж байна. Хөрс, усны шинжилгээ хийх лабораторитой бөгөөд үүнд 11 мянган хөрс, газар газрын усны дээж тус тус бий. Тиймээс ус, хөрсний гарал үүсэл тодорхой. Тухайн ургамлын онцлогоос шалтгаалж, хөрсөнд, усанд суулгахаас гадна усны уураар тэжээж ургуулдаг. Ургамалд шим тэжээлийн тохируулга хийдэг ухаалаг системтэй. Энд халуун орны ургамал, моддыг тарьж, банана, коконат, манго зэрэг ургаж байна.

ЛИЕНЬ ШИН НАРАН ЭНЕРГИЙН ТОСГОН:

БНХАУ-ӨМӨЗО-ны дэмжлэгтэй, Шань Лу Энержи группын хөрөнгө оруулалттай уг тосгон нь нийт 457 өрхтэй, 1352 хүн аж төрж байна. БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгон гэж өргөмжлөгдсөн бөгөөд хамгийн гол онцлог нь өмнө нь газар тариалангийн аж ахуй эрхэлдэг энгийн тосгон байсныг хувийн аж ахуйн нэгж газрыг худалдан авч, оронд нь дээрээ нарны хавтан суурилуулсан шинэ загварын байшин барьж, оршин суугчдыг сууцжуулжээ. Ингээд газар чөлөөлж өгсний төлбөр болгож, жилд нэг өрхөд 20000 юанийн нөхөн олговор өгдөг байна. Ийнхүү нөхөн олговор авахаас гадна тус компанийн сүүний чиглэлийн ямааг тэжээх эрдэнэшишийн талбай эсвэл эрчим хүчний үйлдвэрт ажиллах зэргээр нэмэлт орлого олж болох бөгөөд ингэснээр өмнөхтэйгээ харьцуулахад нэг өрхийн орлого 2,6 дахин өсчээ. Харин нарны хавтангаар 30 мвтын цахилгаан үйлдвэрлэж, улсдаа нийлүүлдэг. Жилдээ 50 сая квт.цагаас дээш эрчим хүч гаргах хүчин чадалтай бөгөөд улсдаа нийлүүлэхээс гадна айл өрхүүдээ цахилгаанаар хангадаг. Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 000 том мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тарьж ургуулан, талбайгаа малын хөл, ус, салхины элэгдлээс сэргийлж, чийг хуримтлуулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)