Гурван үе шаттай төслийг 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтад ахиц дэвшил гаргахад чухал нөлөө үзүүлэхийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр АНУ- ын Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан билээ. Манай улс энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамж, нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулахаар төлөвлөсөн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр АНУ-ын Засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцжээ. Энэ үеэр Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан ажилтан Кумар Ранган “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц юм. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Тиймээс Мянганы сорилтын корпораци 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэлийн ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна” гэжээ.

... Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр АНУ-ын Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан билээ. Манай улс энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамж, нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулахаар төлөвлөсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр АНУ-ын Засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцжээ...

Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлэх аж. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулах бөгөөд мөн ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Ингэснээр ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо метр саарал ус ашиглах боломжтой болно гэж үзжээ. Түүнчлэн Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох юм. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая шоо метрээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.

ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ, ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙГААГ АНХААРУУЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн, хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. ОУВС-гийн тэргүүн К.Лагард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталснаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай, зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, төсвийн тогтвортой байдал, өрийн хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай байгааг дуулгасан байна. Хөтөлбөрийн үр дүнд Монголын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад ирэх онд найм орчим хувиар өсөхөөр төлөвлөж байгаа. Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч, үндсэн тэнцэл энэ онд анх удаа ашигтай гарч, улмаар ирэх жил дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна. ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляц зорилтот түвшинд хадгалагдан, гадаад валютын нөөц өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг ажил хийж, эхний үр дүнгээ өгч эхэлснийг онцлон тэмдэглэжээ. Монгол Улс гадаад болон дотоод цохилтод мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн тэргүүн хэлжээ. Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдэв. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцжээ. Манай улс Дэлхийн банктай хамтран олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд энэ үеэр онцлон тэмдэглэжээ. Цаашид Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)