“МИАТ”-ийн “нойтон түрээс”-ийн экипаж эх орондоо ирлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК дэлхийн бусад улс оронд өөрийн компанийн онгоц болон экипажийг түрээслүүлэн ажиллуулдаг. Энэ нь тус компанид нэмэлт валютын орлого олох нэг эх үүсвэр болдог байна. Манай улсын далбаатай, “МИАТ” ХК-ийн онгоц экипажийн хамт дэлхийн олон оронд нисч байгаагаас “нойтон түрээс”-ийн ээлжит экипаж ажил үүргээ гүйцэтгээд өнөөдөр Чех улсаас эх орондоо ирлээ. “МИАТ” ХК 189 хүний суудал бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын “Тravel Service” компанид нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. Өнгөрсөн жил тус компанид “Boeing 737-800” агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээслүүлж байсан юм.

“Нойтон түрээс” гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн анхдагч болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, “МИАТ” ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Дээрх гэрээний дагуу эхний ээлжинд “МИАТ” ХК-ийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнаас бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНЧУ-д ажиллажээ. Гэрээний хүрээнд “Boeing-737-800” агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 50 орчим чиглэлд нислэг үйлдсэн байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)