Цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Өнгрөсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс сэрүүсч нутгийн баруун болон төвийн хэсэгт цасан шуурга шуурсан. Шуурганы улмаас 52-ын даваа орчимд олон машин саатсан. Тэгвэл энэ долоо хоногийн сүүлээр ч мөн цаг агаар хүйтэрч замын нөхцөл байдал муудах хандлагатай байна.

Энэ долоо хоногийн эхний өдрүүд харьцангуй дулаан байх боловч лхагва гаригаас хойш цаг агаар сэрүүсэх нь ээ.  26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ гэж цаг уурч хэлж байна.

Цаг уурч Б.Өнөболд "Цаг агаар температурын хувьд сэрүүсэх учраас ард, иргэд сонор сэрэмжтэй байх ёстой. Халтираа, гулгаа нэмэгдэн алсын барааны харагдац муудан шуурах нөхцөлтэй байгаа учраас Улаанбаатар болон хөдөө орон нутагт нислэг саатах нөхцөл үүсэж болзошгүй. Тиймээс иргэд богино хугацааны цаг агаарын мэдээг үзэн ажлаа төлөвлөөрэй гэж зөвлөх байна" гэв.

Есдүгээр сарын 20-ны цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-Чандмань сумын нутаг 52-ын даваа орчмын зам хаагдсан. Энэ үеэр нийслэлийн аврах 105-р ангиас бүрэлдэхүүн ажиллаж цасанд боогдсон 430 орчим автомашинтай 1300 иргэн мөн хот хооронд зорчигч тээврийн 3 автобус бүхий 150 иргэнд тусламж үзүүлжээ. Ирэх өдрүүдэд дахин хүйтэрч өмнөх нөхцөл байдал давтагдаж магадгүй байгаа учир иргэд жолооч нарыг хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

 Маргааш ихэнх нутгаар хүйтэрнэ

Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Саяны нөхцөл байдлаас бид нэлээд сайн сургамж авч байна. Өвөл болж байна, зам харгуй боогдож хаагддаг болохоор бусад зам хариуцсан байгууллагууд бэлэн байж байх хэрэгтэй. Цасан шуурга болон нөхцөл байдал хүндрэхэд бид энд 22-ын товчоо, Баянзүрхийн товчоог хааж чадна уу гэхээс тэр замын дунд байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй шүү дээ. Тэр иргэд цаг уурын мэдээг сайн хардаг, хүйтэн сэрүүний улиралд зам гарахдаа нөөц бэлтгэлээ базаан техникийн бүрэн бүтэн байдлаа ханган замд гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ. 

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргаж холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг хүргэсээр байтал иргэд хариуцлагагүй хандаж цасанд боогдох явдал түгээмэл ажиглагддаг. Гэтэл бүх эрсдэл эргээд өөрт нь болон хамт яваа зорчигчдод ирдэг учир эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)