АТГ: Нэг компани 10 жил дараалан тендерт шалгарсан зөрчил илэрчээ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сард хийсэн ажлын талаар мэдээллээ. Мөн АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээлэв .

Урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр товч мэдээлэл: 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцөлийг бүрдүүлээд буй талаар өмнө нь мэдээлж байсан. Яам, агентлагуудад давтагдан гарч буй зөрчил дутагдлын талаар сар бүрийн хэвлэлийн хурлаар мэдээлэл хүргэж байгаа.

АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ГАДААДАД СУРГАЛТАД ЯВСАН БАЙНА

 ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна. Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын 9 хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.  2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын 6 хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Иймд   ИНЕГ –ын  Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.

ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТОД ЗААСАН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭТГЭЭДИЙГ ОРОН НУТАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСОН БАЙНА

Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн 1 жилийн хугацаанд (2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон байв. Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг  хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.

НЭГ ТӨРЛИЙН ТЕНДЕР 10 ЖИЛ ДАРААЛАН ЗАРЛАГДАЖ УГ АЖЛЫГ НЭГ КОМПАНИ ЖИЛ ДАРААЛАН ГҮЙЦЭТГЭСЭН БАЙНА

ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна.

 

Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ДГА (202.9.43.52)

    2018-09-25

    ЗАМЫН -ҮҮДИИН ГААЛИИНХАН ГЭЖ АХ ДҮҮСЭЭРЭЭ БАЯЖИХ ЮМ ХЭНТИИГИИН БРИГАД АТГ ЗАМЫН ҮҮДИИГ ГЭНЭТ ШАЛГАЛТ ХИИЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ УРД ХИЛИИГ АНХААРАЛДАА САЙН АВ