Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

Нобелийн шагналтны цуврал уулзалтын анхных болох “Тархи судлал XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг Төрийн ордноо амжилттай зохион байгуулж байна. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын Нейросайнсын нийгэмлэг, хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан ажиллажээ. Дээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм.

Илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа уншиж, танилцуулав. Илгээлтэд “Манай улс тогтвортой хөгжлийг эрхэмлэж, хэрэглэгч орноос бүтээгч орон болохыг эрхэм зорилгоо болгож байна. Иймд эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрвүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо хязгаарлашгүй их билээ. Хүн төрөлхтөний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой” хэмээн онцолжээ.

Ийнхүү олон улсын хурал эхэлж, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Баттүвшин үг хэлсэн юм. Тэрбээр тархи судлалын чиглэлээр Японы Кюүшүгийн их сургуульд доктор хамгаалж, өдгөө АНУ-ын Нью Жэрси мужийн Ратгерсийн их сургуульд судлаач, багшаар ажиллаж буй Монголын урдаа барьдаг эрдэмтдийн нэг юм. Л.Баттүвшин “Тархи судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжүүлье” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Дэлхий дахинд тархи судлалыг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Ерөөс бүх шинжлэх ухааны уулзах цэг нь хүн байдаг. Сансар судлал хүртэл шүү. Тархи судлалын эрдэмтдийн хэлж буйгаар Ангараг гараг дээр технологийн дэвшлийг ашиглан гурван сарын дотор хүрч очиж болно. Гагцхүү тэнд очоод хүний сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх чадвар эх дэлхий дээр байдаг шиг хөгжиж, хадгалагдаж чадах уу гэсэн асуултын хариулт оньсого хэвээр байгаа юм. Тиймээс энэ салбарт олон туршилт хийж байгаа.

Тухайлбал, тархины эд эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготойгоор сансрын тойрог замд орсон хүний бие организм ямар байна, хүчилтөрөгчийн бага даралтат орчинд ичдэггүй амьтныг ичээнд оруулж болох уу, тусгаарлагдсан нөхцөлд хэдэн хүнийг бүлэг болгон амьдруулах вэ, тэдэнд сэтгэлзүйн дарамт үүсгэхгүйгээр хэрхэн амжилттай колонийн загвар үүсгэх зэрэг судалгааг хийсэн. Энэ бүхний учрыг олоход XXI зуунд тархи судлал хамгийн чухал үүрэгтэй” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй тус цуврал лекцийн хүндтэй зочноор 2014 онд Нобелийн шагнал хүртсэн, тархи судлаач Норвегийн эрдэмтэн Эдвард Мозер уригдсан юм. Тэрбээр “Цаг хугацаа ба орон зай” хэмээх сэдвээр илтгэл тавилаа. Түүний хувьд 2014 онд эхнэр Мэй Бритт Мозер, Жон О Кийф нарын хамтаар тархин дахь торон эс, орон зайн мэдрэхүйн талаарх судалгаагаараа Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэж байжээ. Энэ удаагийн хурлын үеэр тэрбээр хархны тархины үйл ажиллагаан дээр тулгуурлаж хийсэн орон зайн судалгааны ажлаа олон нийтэд танилцуулсан юм. Тэрбээр “Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож, цахилгаан долгионоор мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж онцоллоо. Хуралд түүнээс гадна Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны тархи судлаач 30 гаруй шилдэг эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагууд хүрэлцэн иржээ.

Энэ үеэр хуралд оролцогсдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Дэлхийн тархи судлалын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Стефани дө ла Рошфуког:

-Тархи судлалыг Монголын залуу эрдэмтэд сонирхож байгаа нь талархууштай. Тэднийг бүх талаараа дэмжин ажиллахад бэлэн байна. Бид залуу эрдэмтдийг бүсийн аяллын тэтгэлэг хөтөлбөртөө хамруулна. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан залуус бүс нутгийнхаа улс орнуудад болж буй томоохон хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага судлах боломж бүрддэг. Тавхан жилийн өмнө тархи судлалын талаар Монголд мэдлэг мэдээлэл бага байсан. Асар богино хугацаанд энэ салбар амжилттай хөгжиж байна. Илүү сайжруулахын төлөө бид Монголын Нейросайнсын нийгэмлэг болон бусад холбогдох албаныхантай бүх талаар хамтран ажиллана.

Монголын Нейросайнс нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Дамдиндорж:

-Тархи судлал бол манай улсад харьцангуй шинэ салбар. Дэлхийд тэргүүлж буй гурван салбар шинжлэх ухааны нэг нь тархи судлал юм. Энэ төрлийн судалгаа шинжилгээг манай залуу эрдэмтэд сонирхон хийх болсон. Яг энэ цаг мөчид энэхүү олон улсын хурлыг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой. Залуу эрдэмтэд дэлхийн Нобелийн шагналтан, эрдэмтдийн лекцээс их мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа гэдэгт итгэж байна. Тархи судлалын хуралд эрдэм шинжилгээний бүх салбараас оролцох боломжтой хамгийн өргөн хүрээтэй салбар юм. Тухайлбал, математик тооцоолон бодохуйн ухаан, компьютер програмчлал, кибер шинжлэх ухаан, анагаах-хими-биологийн ухаан, эдийн засаг экономикийн ухаан гэх зэргээр хүн төрөлхтөний өдийг хүртэл үүсгэн байгуулсан бүхий л шинжлэх ухааны салбарынхан оролцож байгаа хамгийн өргөн талбар юм. Тэр ч утгаараа ирж буй зууныг “Оюун ухааны зуун” гэж нэрлэж байгаа юм.

... “Дэлхий дахинд тархи судлалыг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Ерөөс бүх шинжлэх ухааны уулзах цэг нь хүн байдаг. Сансар судлал хүртэл шүү. Тархи судлалын эрдэмтдийн хэлж буйгаар Ангараг гараг дээр технологийн дэвшлийг ашиглан гурван сарын дотор хүрч очиж болно. Гагцхүү тэнд очоод хүний сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх чадвар эх дэлхий дээр байдаг шиг хөгжиж, хадгалагдаж чадах уу гэсэн асуултын хариулт оньсого хэвээр байгаа юм. Тиймээс энэ салбарт олон туршилт хийж байгаа...

“Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма:

- Хүн төрөлхтөний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбараас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй нь тархи судлал юм. Хүн тархиа удирддаг биш, тархи хүнийг удирддаг учраас хүн гэж юу вэ гэвэл тархи юм. Тархины эмгэг, өвчлөл XXI зууны дэлхий дахинд хамгийн их тулгамдаж буй асуудлыг нэг болж байна. Үүний дотроос зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаач, эрдэмтдийн санааг зовоож байна. Долоон секунд тутамд нэг хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1.5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг. 

Дэлхийн тархи судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пьер Магистретти:

-Хүний тархинд нэг мм-ээс 11 метрийн хэмжээтэй 100 тэрбум эс байдаг бөгөөд хүний бие нийт энергийнхээ 25 хувийг тархины үйл ажиллагаанд зарцуулдаг. Түүнчлэн тархины зарим хэсэгт шаардлагатай эсийг шинээр бий болгох боломжтой. Миний дээр дурдсан зүйл бол суурь судалгаа. Суурь судалгаанд тулгуурлан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн хугацаанд хүний тархины эсийн байршлыг тодорхойлох, зураглах технологи бий болсон. Мөн оптогенетик буюу электрод суурилуулах замаар аливаа эсийг идэвхжүүлэх боломжтой. Эсийг идэвхжүүлснээр хүний мэдрэлийн сүлжээг дарангуйлж, саажилттай хүний гар, хөлийг хөдөлгөдөг болгох юм. Улмаар хүний тархинд байгаа мэдээллийг кодлон хиймэл гар, хөлийг хүссэнээрээ хөдөлгөдөг болох зэрэг олон амжилтыг бүтээх боломж бүрдэнэ. Европын нийт хүн амын 33 орчим хувь нь тархины ямар нэгэн өвчтэй бөгөөд энэ нь зүрх судас, чихрийн шижин зэрэг нийтлэг өвчнөөс илүү их зардал гаргаж байна. Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд тулгуурлан энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Манай байгууллага тархи судлалын чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтдийг үргэлж дэмжин ажилладаг. Монголын эрдэмтэн судлаачдыг ч мөн дэмжих болно.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)