Хоёрдугаар Николай хааныхны эмгэнэлт хувь заяа

Оросын сүүлчийн эзэн хааны золгүй хувь тавилангийн тухай өгүүлсэн “The Romanoffs” буюу “Романовынхан” хэмээх олон ангит киноны нээлт ирэх сарын 12- нд болно. Киноны триллер АНУ-д цацсан даруйд “Нетфликс”, “Амазон” сайтад хандалтаараа тэргүүлжээ. Америкийн найруулагч Метью Уэнерийн бүтээл “Романовынхан” олон ангит кино 70 сая ам.долларын төсвөөр бүтжээ. Хааны удам угсааг залгамжлагч байна гэдэг энгийн хүнд байх жирийн шалгуураас хэцүү сорилт туулдаг болохыг харуулснаараа энэ кино ижил сэдэвт бүтээлүүдээсээ онцлогтой аж. Зохиолын гол баатар, Оросын сүүлчийн эзэн хаан II Николайн гэр бүлийг зуун жилийн өмнө буюу 1918 онд улаантнууд буудан хөнөөсөн нь XX зууны дуулиант үйл явдал байлаа. Николай Оросын эзэнт гүрнийг 1894-1918 онд захирсан бөгөөд Романовын удмын сүүлчийн залгамжлагч, Үнэн алдартны шашны гэгээнтэн юм.

Түүний хаанчлалын он жилүүдэд Оросын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ нийгэм, улс төрийн зөрчил хурцдаж, хувьсгалт хөдөлгөөн өрнөж, 1905-1907, 1917 оны хувьсгалууд гарсан билээ. Наймын тоо II Николайн хувь тавилантай ямар нэг байдлаар холбогддог. Тэрээр 1868 онд төрж, 1918 онд насан эцэслэсэн бол 2008 онд Оросын Засгийн газраас Николай Александрович Романовыг гэм буруугүй хэмээн цагаатгажээ. ЗОВЛОНТ ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭХЛЭЛ Оросын эзэн хаан III Александр, хатан хаан Мария Фёдоровна нарын ууган хүү Николай Александрович 1868 оны тавдугаар сарын 6-нд Нева мөрний зүүн эрэгт орших Царское село хотод мэндэлжээ. Хаан ширээ залгамжлагч 13 жилийн турш нарийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу гэрийн боловсрол эзэмшсэн байна. Дараа нь гимназийн өргөтгөсөн хөтөлбөрөөр улс төрийн түүх, Оросын уран зохиол, англи, герман, франц, хэлийг төгс сурчээ. Угсаа залгамжилсан хунтайжийн ёсоор цэргийн үйл хэрэг, хууль зүй болон эдийн засгийн ухаанд таван жил шамдан суралцсан байдаг. Тэрээр Эзэн хааны Преображенскийн хороонд бага офицер байсны дараа морин цэргийн хороо, их бууны ангид алба хаажээ. Залуу Николай 1892 оны наймдугаар сарын 6-нд хурандаа цол хүртэв. Үүний зэрэгцээ төрийн үйл хэрэгтэй танилцаж, Төрийн зөвлөл болон Сайд нарын танхимын хуралдаанд оролцдог болжээ. Николайг Транссибирийн төмөр зам байгуулах хорооны даргаар 1892 онд томилсон байна. Николай бараа бологсдын хамт Грек, Египет, Энэтхэг, Хятад, Япон орноор есөн сар аялсны дараа, хуурай замаар Сибирийг гэтлэн Петербургт эргэн иржээ. Японд байхад нь хунтайжийн аминд халдах оролдлого гарсан бөгөөд II Николайн цусны толботой цамц өдгөө Эрмитажийн музейд бий. Ийнхүү 23 нас хүрэхдээ Николай ирээдүйн эзэн хаан болох боловсролын шалгуурыг давсан юм. II Николай 1884 оны арваннэгдүгээр сарын 14-нд Германы гүнж Гессений Алисатай гэрлэжээ. Алиса гүнж Английн хатан хаан Викториягийн зээ охин байсан юм. Тэрбээр Оросын хааны угсаа залгамжлагчтай гэрлэсэн учир Үнэн алдартны шашинд орж, нэрээ Александра Фёдоровна хэмээн өөрчилжээ. Николай хаан олон түмэнд ихээхэн хүндлэгддэг байсан боловч Оросын бусад хүчирхэг удирдагчаас шийдвэр муутай, зориггүй нэгэн байлаа. Тэрээр Александра Фёдоровнагаас ихээхэн туслалцаа авдаг байжээ. II Николай хаан балетчин бүсгүй Матильда Кшесиньскаятай амрагийн холбоотой байв. Үүнд дургүйцсэн хатан хаан Александрагийн даалгавраар театрын захиргаа үзэсгэлэнт бүжигчин бүсгүйг хавчин гадуурхах болсноор Матильда Санкт-Петербургийг орхисон гэдэг. II Никалай Оросын хаан ширээнд 1896 оны тавдугаар сарын 14-нд заларчээ. Түүний санаачилгаар 1897 онд хүн амын тооллого явуулсан бөгөөд Оросын эзэнт гүрний хүн ам 125 сая байв. Тэдний 84 сая нь орос хэлийг төрөлх хэлээ гэж мэдүүлжээ. Мөн тэр жилдээ мөнгөний шинэчлэлт хийж, рублийн алттай жиших стандартыг тогтоов. Ажлын цагийг хязгаарлах тухай хууль баталж, ажлын өдрийн дээд хязгаар 11 цагаас хэтрэхгүй байх, бямба гараг болон баярын өмнөх өдрүүдэд 10 цагаас илүүгүй байхаар тогтоожээ. 1863 оны Польшийн бослогын улмаас баруун зүгийн нутгийн польш гаралтай газрын эздээс авч байсан тусгай татварыг хүчингүй болгов. Николайн хаанчлалын жилүүдэд Оросын эдийн засаг өндөр хурдацтай хөгжиж байлаа. 1885-1913 онд аж үйлдвэрлэл 4.5-5 хувиар өсчээ. Мөн Донбасст нүүрс, Баку, Грозный, Эмбад газрын тос олборлож эхлэв. Төмөр зам байгуулах ажлыг ч хурдацтай явуулж, 1913 он гэхэд Орос улс төмөр замын нийт уртаараа АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрт бичигдэх болов.

II Николай Европын орнуудын Засгийн газарт хандаж, бүх нийтийн энх тайвныг сахин хамгаалах, зэр зэвсгийн байнгын өсөлтөд хязгаар тавих тухай хэлэлцээр байгуулах саналыг 1898 онд гаргажээ. Оросын эзэн хааны санаачилга, дэмжлэгээр Дэлхийн энх тайвны анхдугаар бага хурал 1899 онд болж зэвсэг хорогдуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр Николай хаан байнгын арбитрын шүүх байгуулах тухай яриа өрнүүлж Гаага дахь олон улсын шүүхийн эхлэлийг тавьсан байна. Тэрбээр 1900 онд Хятадад өрнөсөн бослогыг дарахад цэргийн тусламж үзүүлж шанд нь Оросын эзэнт гүрэн Ляодуны хойгийг түрээслэн авч, Дорнод Хятадын төмөр замыг барих зэргээр Манжуурт нэр нөлөө нь өсч эхэлжээ. Энэ нь Орос, Японы дайны шалтгаан болсон ба 1904 онд Оросын хааны арми Наран улсад ялагдсан юм. Түүнчлэн 1905-1907 оны хувьсгалыг нухчин дарсан II Николайн тойрон хүрээлэлд Распутин орж ирснээр байдлыг улам хүндрүүлж сэхээтэн, язгууртнуудын дунд эзэн хааны нэр хүнд унаж эхлэв. Түүгээр ч барахгүй II Николай хааныг өөр нэгэн Романоваар солих тухай яриа улс төрийн хагалан бутаргагчдын дунд газар авчээ. Шинэчлэлт хийх шаардлагатай болсныг бүх давхаргынхан ойлгож байв. Петербург хотноо 1905 оны нэгдүгээр сарын 9-нд ажилчдын томоохон жагсаал болж, Эзэн хаанд улс төр, нийгмийн шаардлагуудыг тавьжээ. Жагсагчид болон цэрэг цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч олон хүн амь үрэгдэв. Энэ үйл явдлыг хожим нь цуст ням гараг гэж нэрлэжээ. Хэд хэдэн хотод бослого гарч байснаас хамгийн том нь Москвад болсон арванхоёрдугаар сарын бослого байлаа. Хувьсгалчид хэдхэн жилийн дотор хэдэн мянган түшмэл, офицер, цагдааг хороожээ. Энэ мэт үйл явдлаас улбаалан II Николай хаан арга буюу эрх чөлөөт Үндсэн хуулиар засаглахад хүрэв. Улмаар 1905 оны наймдугаар сарын 6-нд төрийн Думыг байгуулах хууль, думын гишүүн сонгох тухай журмыг баталжээ. Николай хааны гарын үсэг зурсан тунхагт хүн амд хөдөлшгүй бат суурь бүхий иргэний эрх чөлөөг олгох, хувь хүний халдашгүй дархан байдал, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурал цуглаан хийх, холбоо байгуулах зэргийг зөвшөөрчээ. Ийнхүү 1906 оны дөрөвдүгээр сарын 23-нд Оросын эзэнт гүрний Үндсэн хуулийг баталсан байна. Тунхаг гарсны дараа хүний амь хөнөөснөөс бусад хоригдолд өршөөл үзүүлжээ. Орос орон 1913 онд хөх тариа, арвай, овьёос тариалалтаараа дэлхийд тэргүүлж, улаан буудайн ургацаар Канад, АНУ-ын дараа гуравт, төмс тариалалтаар Франц, Герман, Австри-Унгарын дараа дөрөвдүгээрт орж байв. Орос улс дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын тавны хоёрыг нийлүүлж байлаа. II Николай 1910 онд эзэн хааны агаарын цэргийн флотыг байгуулжээ. 1914 оны наймдугаар сарын 1-ний өдөр Герман Орост дайн зарласнаар дэлхийн нэгдүгээр дайн эхлэв. Энэ дайн нь Орос орныг улс төр, эдийн засгийн гүн хямралд оруулжээ. Оросын капитализм дайны ачааллыг даалгүй 1917 он гэхэд аж үйлдвэр, тээвэр, санхүү, улсын ардын аж ахуй задран сүйрч, улс орон өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ. Николай хааныг нэгдүгээр дайнд явсан хойгуур хүүгийнхээ өвчинд санаа зовсон эх Александра Григорий Распутиний хүүг нь эмчлэх нууцлаг зан үйлд итгэснээсээ болж улсынхаа сайдаар томилсон нь өөрийн гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын цондон болсон гэж үзэх хүмүүс ч байдаг билээ. Распутин болон түүний тойрон хүрээлэгчдийн бусармаг үйлдлээс болж Засгийн эрх баригчдын нэр хүнд унаж, нийгмийн зөрчил ихэсчээ. Улмаар 1917 оны хоёрдугаар сарын 23-нд Петрбургт бүх нийтийн ажил хаялт болж, Москвад цэргийн бослого гарав. Бослого гарсан шалтгаан нь гурил, талх тасарч, улс орныг хүнд байдлаас авч гарах чадваргүй болсон эрх баригчдад итгэл алдсанаас болжээ. Ийнхүү 1917 оны гуравдугаар сарын 2-нд II Николай хаан ширээнээсээ татгалзаж, Романовын удмын гурван зуу гаруй жилийн хаанчлал төгсгөл болсон юм. Сүүлчийн эзэн хаан шадар цэргүүдтэйгээ гуравдугаар сарын 8-нд салах ёс гүйцэтгээд Царское Селог зорьжээ.

ЦӨЛЛӨГИЙН ЭМГЭНЭЛТ ТӨГСГӨЛ

Большевикууд хааны гэр бүлийг Царское селод тав хоног гэрийн хорионд суулгажээ. Хаан ширээнээсээ татгалзсан II Николай хүүхдүүдээ ямар ч аюулгүйгээр үлдээхийг хүсч байлаа. Мөн тэрээр гэр бүлээ аврахын тулд Европын хаад руу удаа дараа захидал илгээж байжээ. Гэвч ээжийнх нь эгч болох Данийн хатан хаан, эхнэрийнх нь төрөл садан болох Англи, Германы хаад II Николайгаас нүүр буруулсан юм. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа Түр Засгийн газрын шийдвэрээр Оросын сүүлчийн хааны гэр бүлийг ард түмний уур хилэнгээс хамгаалахын тулд Сибирийн Тобольск хот руу явуулжээ. Хааны гэр бүл Тобольскт Иртыш голын эрэг дээр боломжийн тухтай амьдарч эхлэв. Тухайн бүс нутгийн даргын ордонд байрласан II Николай улс төрийн болон албаны хэрэг, арга хэмжээнд сатааралгүйгээр гэр бүлдээ илүү их цаг гарган, хүүхдүүдтэйгээ урьдынхаасаа ч илүү халуун дулаан уур амьсгалтай болжээ. Большевикууд Засгийн эрхийг хяналтдаа бүрэн авсны дараа хааны гэр бүлийн эрх ямба, эдлэх горимыг аажмаар хязгаарлаж эхэлжээ. Романовынхныг сүмд очих, тэр байтугай хашаанаасаа гарахыг хориглосон байна. Большевикууд Романовынхныг Москвад авчран шүүх шийдвэр гаргасан байна. II Николай, Александра хатан, Мария гүнж нар Улаан армийн штаб байрлах Москва руу явахын тулд галт тэргэнд суулгасан комиссар Яковлевыг “Хааны гэр бүлийг аврах оролдлого хийсэн” хэмээн баривчилж, харин Романовынхныг Екатеринбургт галт тэрэгнээс буулгажээ. Удалгүй Тобольскт үлдсэн хүүхдүүдийг нь авчирч, хамтад нь комиссар Ипатьевийн гэрт хорив. Хааны гэр бүлийг хоёр давхарт байрлуулаад, гадаад орчноос бүрэн тусгаарлахын тулд цонхыг нь хаан битүүлж, хаалганых нь дэргэд харуул тавьжээ. Романовынхныг өдөрт таван минут л салхинд гарахыг зөвшөөрдөг байжээ. Дорнод фронтод цагаан армийнхан давшиж эхэлсэн тул 1918 оны долдугаар сарын эхээр Зөвлөлтийн Засгийн газар хааны гэр бүлийг цаазлахад бэлтгэж эхлэв. Харуулд зогсох энгийн цэргүүдийг Онцгой комиссын төлөөлөгчдөөр сольсны дараа Романовынханд сүүлчийн удаа бурхны мөргөлд оролцохыг зөвшөөрч, санваартанг илгээжээ. Санваартны мэдүүлснээр, хааны гэр бүлийнхэн түүнтэй ганц ч үг солиогүй аж.

Ардын Комиссеруудын зөвлөл, засгийн эрхийг барьж байсан большевикууд Уралын цэргийн комиссар Голощекид Николайг гэр бүлийнх нь хамт устгах даалгавар өгсөн байдаг. Үүнийг Зиновьев, Свердлов, Ленин гээд бүгд дэмжсэний үндсэн дээр гүйцэтгэжээ. Тэд энэ хэргээ нуухын тулд “Нүүлгэн шилжүүлэх явцад амь үрэгдсэн" гэсэн бичиг үйлджээ. 1918 оны долоодугаар сарын 18-нд хааны гэр бүлийнхэн 22.30 цагт унтахаар хэвтэцгээсэн байна. Гэтэл 23.30 цагийн үед харгалзагч тэднийг сэрээж цагаантны цэргүүд ойртож ирсэн тул аюулгүй газар очих хэрэгтэй хэмээн II Николай, хатан Александра Фёдоровна, гүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей болон хоёр зарц, эмч Боткиний хамт хонгилын өрөө рүү орохыг тушаажээ. Тэднийг хонгилын өрөөнд оруулж ирээд эхний эгнээнд хааны гэр бүл, ард нь гурван зарцыг нь зогсоожээ. Ганцхан хатан хаан л бие муутай хүүгээ тэврэн сандалд суужээ. Уралын Зөвлөлөөс гаргасан буудан хороох тогтоолыг чангаар уншиж дуусахад сонссон зүйлдээ итгэж чадаагүй II Николай "Юу" хэмээн гайхан уулга алдсаны дараа чекист Яков Юровский хааныг шууд буудсан байна. Тэнд байсан 11 цэрэг гохоо дарснаар, хонгил Романовын гэр бүлийн цусаар будагджээ. Дараагийн өдөр нь Оросын сүүлчийн хааны гэр бүлийн цогцсыг Екатеринбургээс 19 километрт байрлах Коптяки сууринд аваачиж шатаагаад булжээ. Эмгэнэлт явдал болоход гүнж Ольга 22, Татьяна 21, Мария 19, Анастасия 17 настай байв. Санкт Петербургийн гадна байрлах баян тансаг хааны ордонд мэндэлсэн Романовын гүнж нар ийнхүү алс бөглүү хотын байшингийн хонгилд хамтдаа амь үрэгдсэн юм. Хаан, хатан болон гурван охиных нь цогцсыг 1991 онд олсон юм. Эрдэмтэд цогцсуудад шинжилгээ хийгээд Николай хааны гэр бүлийнхэн мөн болохыг тогтоожээ.

Гэвч Анастасия Алексей хоёрын цогцос олдоогүй байлаа. Энэ явдлаас ч өмнө II Николайн охидоос нэг нь аврагдсан гэсэн яриа Орос даяар тархан, 79 жилийн турш амь бөхтэй оршиж байсан юм. 46 настай барилгачин залуу Сергей Плотников гэгч Екатеринбургийн ойролцоо 2007 онд халгайгаар хучигдсан хөндийд хайлт хийж байхдаа түүний багаж нь ямар нэгэн хатуу зүйлд хүрэхийг мэдэрчээ. Тэрбээр Романовын удмын хоёр хүүхдийн булшийг хайж байсан юм. Ингээд археологичид болон шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд судалж үзээд, ДНХ-ийн шинжилгээгээр Романовын хүүхдүүдийн цогцос болохыг тогтоожээ. Мөн ондоо II Николай хаан, хатан Александра Фёдоровна, гүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей нарын цогцсыг Санкт-Петербург хотын Петропавловскийн цогчин дуган дахь Оросын хаадын бунханд хүндэтгэлтэйгээр залжээ.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (64.119.24.74)

    2018-09-26

    Харин ч Орос улс бүр өөдлөөд Америкийг айлгаад явж байгаа бус уу. Ямар нэр хүндгүй болсон хөөрхий Николай II тэртээ тэргүй меньшвик, эсер, большевикууд аль нэгэнд алуулах л байсан юм. Нийгмийн дунд нэр хүнд нь шалнаас ч доош орсон хаан байсан гэж дэлхий нийтээрээ мэддэг юм. Гэр бүлийг нь харин илүү асуудал байсан

  • ugy (182.160.34.254)

    2018-09-26

    Эзэн хаанаа гэр бүлээр алж байсан түүх дэлхий дээр үеийн үед байсан л даа. Манайхан хүртэл Модун шанью эцэг Түмэн ханаа алаад хаан ор сууж байлаа.

  • монгол залуу (150.129.140.97)

    2018-09-26

    эзэн хаанаа гэр бүлээр нь хөнөөсөн ийм улсыг дагаж л байдаг Ийм улс өөдлөхгүйээ

    2018-09-26

    Харин ч Орос улс бүр өөдлөөд Америкийг айлгаад явж байгаа бус уу. Ямар нэр хүндгүй болсон хөөрхий Николай II тэртээ тэргүй меньшвик, эсер, большевикууд аль нэгэнд алуулах л байсан юм. Нийгмийн дунд нэр хүнд нь шалнаас ч доош орсон хаан байсан гэж дэлхий нийтээрээ мэддэг юм. Гэр бүлийг нь харин илүү асуудал байсан

    ugy (150.129.140.97)

    2018-09-26

    Эзэн хаанаа гэр бүлээр алж байсан түүх дэлхий дээр үеийн үед байсан л даа. Манайхан хүртэл Модун шанью эцэг Түмэн ханаа алаад хаан ор сууж байлаа.