М.Билэгт: 20 сая толгой малаас 2 тэрбум доллар буюу 5 их наяд төгрөг орж ирэх боломж байна

УИХ энэ өдрүүдэд ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн байна гэх шүүмжлэл гарах боллоо. Төсөв тойрсон энэ мэт асуудлаар УИХ-ын гишүүн М.Билэгтээс зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутагт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан нь шүүмжлэлийн бай болж байна. Та төсвийг уншив уу, ямар байр суурьтай байна вэ?

-Хүн амын төвлөрлийг саармагжуулахын тулд төр бодлогоор зохицуулахаар оролдож байна. Аймгийн төвд иргэд ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахаар хөрөнгө оруулалтыг түлхүү хийж байгаа юм билээ. Энэ нэг талаараа зөв. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг Улаанбаатараас дутахааргүй нөхцөлд орон нутгийнхан авдаг болох ёстой. Харин хөдөө суманд хүн амын төвлөрөл тэр бүр алга. Орон нутгийн засаг захиргаа малчид байгаа учраас оршин тогтнож байна. Сүүлийн 28 жилд хөдөө эзгүйрч, суурьшил нийслэл рүүгээ төвлөрлөө. Бид энэ асуудлыг эргэж харах цаг болоод удаж байна.

-Тухайлбал, таны сонгогдсон тойрогт ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бэ, нийслэлд хэрэгжүүлэх төсөл бага байгааг гишүүд хэлж байна л даа?

-Аймгийн төвд 640 хүүхдийн сургууль, шинэ суурьшлын бүсэд 14 ортой эмнэлэг барих хөрөнгө төсөв суугдсан. Тойргуудад харилцан адилгүй төсөв хөрөнгө оруулалтууд харагдана лээ. Он дамжин хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд байгаа. Үүний санхүүжилтийг бүрэн суулгасан ч ирэх онд шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бага байх жишээтэй. Хүн амын төвлөрлийг бодсон ч тэнцвэртэй байдлаар зохицуулах ёстой. Хөдөө орон нутагт иргэд ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө явахгүйгээр бүгдийг нийслэл рүү төвлөрүүлэхийн төлөө байж болохгүй. Энэ зохицуулалтыг төр хийх ёстой.

-Малаа экспортлож төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх ёстой гэх санал өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс гарч байсан. Та орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?  

-Мал аж ахуйн салбараас гарч байгаа түүхий эд, бүтээгдэхүүнээр Монгол Улсын хүн амын 1/3 нь амь амжиргаагаа залгуулж байна. Гэтэл өнөөдөр энэ салбараас орж ирж байгаа бүтээгдэхүүн ДНБ-ий дөнгөж 10 хувьтай тэнцэх хэмжээнд болсон. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 30 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Нөхөн сэргээгддэг үндэсний баялаг бол хөдөө аж ахуйн салбар юм. Манайх 1999 он хүртэл улсын төсөв, ДНБ-ийхээ 60 хүртэл хувийг мал аж ахуйн салбараас бүрдүүлдэг байсан. Зах зээлд шилжсэнээс хойш энэ байдал арилж, өмнө байсан тогтолцоог унагахгүй авч явах бодлогоо хөсөр хаясан. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн мал аж ахуйгаа хөгжүүлэх тодорхой бодлогогүй, бэлчээрийн хэрүүл хийгээд сууж байна. Мал аж ахуйн салбараа төр бодлогоор дэмжих шаардлага гарч ирсэн. Хөдөө аж ахуйн салбар Монгол орны төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлж байсан учраас түүнийг боловсруулах бүх үйлдвэр байсан. Тэр ч утгаараа манайх өргүй, амьдралын чанар ч сайн, малаа экспортод гаргаж, зохицуулж ирсэн. Зах зээлд шилжсэн 28 жилийн хугацаанд бүх үйлдвэр дампуурсан.

 Үндсэндээ 30 хүрэхтэй үгүйтэй доллараар малчдаас авсан бог малаа гадаадын компанид 100 доллараар гаргах боломжтой. Ингэхэд 20 сая толгой малаас 2 тэрбум доллар буюу 5 их наяд төгрөг орж ирэх боломж байна. Үүний 1.4 их наяд төгрөгийг нь малчдадаа өгнө. Үлдсэн нь төсөвт орлого болно. 

2000 онд мал 30 сая толгой байжээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар 66 сая, өнгөрсөн хаврын төлтэй нийлээд энэ намар 84 сая толгой мал намаржиж байна гэх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн сайд олон нийтэд өгсөн. 2017 оны статистик мэдээллийг харахаар 10 сая мал дотоодын хэрэгцээнд, 4 сая мал гадаадад хувийн хэвшил экспортолсон байна. Нийтдээ 14 сая гэсэн үг. Малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн доройтол, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдахын хажуугаар малчдын тоо эрс цөөрсөн. 2000 онд нэг малчинд 72 толгой мал ногдож байсан бол одоо 200 гаруй мал толгой мал ногдож байна.

-Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?

-Малчны хотноос гарах бараа бүтээгдэхүүнд төр бодлогоор оролцох ёстой. Хүн ам цөөхөн учраас үйлдвэр хөгжих боломж манайд тааруу. Зах зээлд шилжээд 28-хан жил болж байна. Гаднын улсууд зах зээлд шилжээд олон жил болчихсон, хүн ам ихтэй улсын үйлдвэртэй өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж Монголд муу. Өргөн дэлгэр газар нутагтай, нүүдлийн соёл иргэншил байгаа ч борлуулалт өсөлтөө гүйцэхээ байчихлаа. Энэ тохиолдолд хувийн хэвшил зүтгээд зүтгээд 4-хөн сая малыг эргэлтэд оруулж байгаа учраас төр бодлогоор дэмжээд нэг удаадаа 20 сая бог малыг авч экспортод гаргах шаардлага байна. Төрийн өмчит компаниа байгуулаад гадаадын төрийн өмчит компанитай гэрээ байгуулчих ёстой. Ингэхийн бол малчид малаа төрийн өмчит компанид зээлээр өгчихнө. Үндсэндээ 30 хүрэхтэй үгүйтэй доллараар малчдаас авсан бог малаа гадаадын компанид 100 доллараар гаргах боломжтой. Ингэхэд 20 сая толгой малаас 2 тэрбум доллар буюу 5 их наяд төгрөг орж ирэх боломж байна. Үүний 1.4 их наяд төгрөгийг нь малчдадаа өгнө. Үлдсэн нь төсөвт орлого болно. Манайхан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд зээлсэн. Яаж төлнө дөө гэж халаглацгаадаг. Гэтэл малчдын хотноос энэ өрийг төлөх цэвэр ашиг гарч ирэхээр байна. Төр хажуугаар нь 10 сая толгой малыг иргэдийн хэрэгцээнд зарцуулахаар бодлогоор зохицуулж аваад махны үйлдвэрүүдэд нэгдсэн нэг үнээр нийлүүлдэг болчих ёстой. Тариаланчид ийм аргаар чадсан.

-Ямар?

-Атрын-III аяны хүрээнд ийм байдалд шилжсэн. Төр тариаг нь аваад гурилын үйлдвэрүүдэд нэгдсэн үнээр нийлүүлж байна. Байгаль орчныхоо тэнцвэртэй байдал талаас нь бодсон ч төр оновчтой байдлаар оролцох зайлшгүй шаардлага тулгарсан.  Гэтэл энэ хэвээр нь байлгаад бизнес хийдэг нэг хэсэг бүлэг бий болсон байна. Малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор вакцин нэрээр бүлэглэж ажиллаж байгаа. Өвс, тэжээл ч мөн адил. Малчдад ноосны урамшуулал өгч байна гэдэг, гэтэл мөнгө бус малын тэжээл, боодол өвс өгдөг. Малаа ингэж эдийн засгийн эргэлтэд оруулаад тоо толгой нь ч багасаад ирвэл малчид ч малынхаа чанар үүлдэрт анхаарч эхэлнэ. Монгол Улсын төр уламжлалт аж ахуйг аваад ирсэн малчдаа одоо л бодлогоор дэмжихгүй бол цаашдаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд алдаа гарна. Өнгөрсөн жил 28 мянган тонн мах экспортолсон байдаг. Үүний 90 хувь нь адууных. 84 сая малын 70 сая нь бог мал байна. Сүргийн бүтцийнхээ хувьд ч зохицуулалт хийх шаардлага үүсч байна шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)