Стивен Хокинг: ДНК-гийн өөрчлөлттэй хүмүүс бий болох нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул занал учруулж болзошгүй

Их Британийн онолын физикч Стивен Хокингийн хүн төрөлхтний ирээдүйн талаар хамгийн сүүлд бичсэн таамаг “Brief Answers to the Big Questions” нэртэйгээр хэвлэгдэж, маргаашнаас олон нийтэд хүрэх аж. Британий Sunday Times сонин уг номны зарим сонирхолтой хэсгүүдээс эшлэл болгон нийтэлсэн байна.

-Ирээдүйд ДНК-гийн өөрчлөлттэй супер хүмүүс бий болох нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул занал учруулж болзошгүй хэмээн бичжээ. “Ирээдүйд хиймэл оюун өөрөө өөрийнхөө хүслийг биелүүлж эхэлбэл, бидний хүслээс тэдний хүсэл зөрж эхэлбэл” аюул учирна хэмээн хэлжээ. Хиймэл оюунаар тоноглосон зэвсгийг одооноос хязгаарлахгүй бол улс орнуудын дунд зэвсэглэлээр өрсөлдөх уралдаан эхлэхийг Хокинг анхааруулсан байна. 

-Ирэх 1000 жилийн хугацаанд цөмийн дайн, эсвэл байгалийн гамшиг дэлхийг сүйтгэнэ. Гэсэн хэдий ч тэр үед хүн төрөлхтөн дэлхийгээс хамааралгүй амьдрах боломжтой болсон байх тул аврагдана. Генийг засварлах, өөрчлөх технологийн тусламжтайгаар хүмүүс ой санамжаа нэмэгдүүлж, элдэв өвчинд тэсвэртэй болж, нас нь уртсах юм. Ингэсний үр дүнд сүйрсэн дэлхийг орхин явах, өөр гарагийг эзэмших чадвартай болно. “Дарвины эволюци биднийг улам ухаантай, чадвартай болгохыг хүлээж суух цаггүй болно” гэж Хокинг тодорхойлжээ.

-Харь гаригийн талаар маш олон тайлбар байж болно. Яагаад одоог хүртэл хүн төрөлхтөн харь гарагийн оюун ухаантнуудыг олж илрүүлж чадахгүй, тэд бидэн дээр ирэхгүй байна вэ? “Хүн төрөлхтөн харь гарагийн амьдралын хэлбэрийг мэдрэх, анзаарах чадваргүй байгаа” хэмээн тайлбарласан байна. 

-Бурхан байдаг уу гэдэг асуултанд Хокинг “үгүй” гэж хариулжээ. “Хорвоо ертөнц бидний сайн мэдэхгүй ямар нэг Бурхны хүсэл зоригоор үүссэн үү, эсвэл шинжлэх ухааны хуулиар бий болсон уу? Би хоёр дахь дүгнэлтэд итгэдэг. Магадгүй та шинжлэх ухааны хуулийг Бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь тантай уулзаж, ярилцаж чадах хүнлэг Бурхан биш байх болов уу” гэжээ.

-Дэлхийд учирч болох хамгийн том аюул бол астеройдтой мөргөлдөх. Яг үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн шиг. Харамсалтай нь бидэнд үүнээс хамгаалагдах арга байхгүй гэж Хокинг бичжээ. Дараагийн аюул нь цаг уурын өөрчлөлт байх гэнэ. “Далайн усны температур нэмэгдсэнээр мөснүүд хайлж, их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулна. Ингэснээр манай гарагийн цаг уур Сугар гарагийнх шиг Цельсийн 250 хэмд хүрэх боломжтой” гэжээ. “Цөмийн эрчим хүч. Цаг уурыг өөрчлөхгүй, байгаль орчныг бохирдуулалгүйгээр эрчим хүч гаргах ганц боломж энэ юм” гэж Хокинг захижээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)