Газрын төлөөх дараагийн дажин буюу дахин төлөвлөлт

 Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, явган хүний зам гээд сул байсан бүхий л зай завсар дарга нарын халаасаар дамжин эзэндээ очиж тэнд нь болсон болоогүй барилга байшин бариад дуусав. Одоо байршил сайн, дэд бүтэцтэй барилга барихаар газартай болно гэвэл ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан барилгуудыг буулгах л сонголт бий болжээ.

Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт 300 орчим актлагдсан барилга байгаагийн дийлэнхи нь хотын төвд буюу их, бага тойруу, дөч, тавин мянгат, төмөр зам орчимд байна. Дээрхи байршлын байруудыг багцлаад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газараас Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 05 ны өдрийн 126-р тушаалын хавсралт журамын дагуу сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан барилгын компанид батламж гардуулан тухайн байршилд барилга барих эрх олгодог.

Харин нөгөө шалгарсан компаниудаас зарим нь тухайн байршилыг суллаж барилгын ажлаа түргэн эхлүүлэхийн тул оршин суугчдийн эрх ашгийн эсрэг илт хууль, журам зөрчсөн үйлдлүүд хийх болжээ.

Caption

Зөрчил маргаан

Фужи Холдинг ББСБ нь оршин суугч байр эзэмшигчтэй бүрэн тохиролцоонд хүрээгүй байхдаа 2018 оны хавар Хан уул дүүргийн нэхэмлийн шарын 5-р байрыг хүчээр буулгасан нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 5-р зүйлийн хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчиж 4 иргэний эд хөрөнгөнд халдсан хэрэг одоо шүүхийн шатанд явж байна. Дээрх хэрэг явдалтай төстэй хэрэг 2016 онд Баянгол дүүргийн 1-р хороо Барс захын хойд талд Давхарын 17, 18, 20-р байрыг Тэргүүн чансаа ХХК буулгах үед болсон. Байраа суллаж өгөхөөс татгалзсан 20-р байрны тэргэнцэртэй ахимаг насны эмэгтэйн орон байрыг барилгын компаний ажилчид хүч хэргэлэн буулгасан байдаг. Суумгай эхийгээ хамгаалсан хүүг нь барилгачинд халдсан хэргээр цагдаад өгөн эрүү үүсгүүлж айлган сүрдүүлснээр хэрэг явдал намжисан. Зэргэлдээх 18-р байранд 2 байрны ордер эзэмшигч эмэгтэй мөн л Тэргүүн чансаа ХХК-ний гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлснийхээ төлөө хятад хүний гар хөл болсон луйварчин, бүтээн байгуулалтыг гацаагчаар тодрон зурагт, интернэт сайтуудаар зарлуулан байраа хүчээр булаалгасан. Нэгэнт байраа нураалгасан иргэд хоосон хоцорчихгүйн тулд барилгын компанийн аяыг харж чимээгүй болдог. Хамгийн сүүлийн байдлаар зарим оршин суугчид нүүгээгүй байхад БГД-н Тоса худалдааны төвийн дэргэдэх 10-р байрны талыг нь нураажээ. Хэрэв энэ байр бүрэн нураад дотор нь амьдарч байгаа хүний амь нас эрүүл хохирвол хэн хариуцах вэ? Орон сууцны нийтийн байрны тоосго, чулуу, сангийн шугамыг дундын өмч гэж үзэх юм бол дээрх үйдлэл нь бусдын эд хөрөнгөн шууд халдаж байна гэсэн үг.

Зөрчил маргаан үүсэх шалтгаан

Нэг. Нөхөн олговор бага. Тэргүүн чансаа ХХК-н нөхөн олгож өгөх 5 метр квадрат талбайг хэтэрхий бага гэж үзсэн. Учир нь зэргэлдээх Алтан трейд ХХК бүрэн цутгамал барилга барьж өгөөд дээр нь 8 м2 талбай айл бүрт өгөх гэрээ байгуулсан байдаг.

Хоёр. Барилгын чанар.Тэргүүн чансаа ХХК-н нэг жилийн дотор маш хурдан барьж босгосон төмөр бетон карказ хийцтэй эхний 13 давхар орон сууцны оршин суугчид хана цуурсан, шал ховхорсон, сангийн шугам буудсан талаар гомдол гаргасан.

Гурав. Гэрээ хэлэлцээр ил тод биш. Барилгын зураг төсөлөө батлагдаагүй байгаа гэсэн шалтгаагаар огт танилцуулдаггүй. Ямар барилгын хэдэн давхарт хаашаа харсан байр авч байгаа нь тодорхой биш учир хардлага, сэрдлэг төрүүлдэг. Дөрөв. Журам баримталдаггүй. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 05 ны өдрийн 126-р тушаалын хавсралт журамын 3.4 дэх заалтын дагуу оршин суугчдын 80 хувьтай зөвшилцөлд хүрээгүй байхдаа барилга буулгах ажилаа эхлүүлж хаалга цонх, сантехникийн шугам сүлжээг эвдэж сүйтгэдэг. Ингэж гэрээ хэлэлцээр хийгээгүй үлдсэн иргэдэд сэтгэл санааны дарамт үзүүлдэг.

Төрийн байгууллагуудын үүрэг оролцоо

Одоо баригдаж байгаа 16 давхар барилгын ханын дүүргэлтдэээ панерь , аргелит хадаж аргацаасан харагдаж байна. Дахин төлөвлөлтөнд шалгарсан барилгын компаний эрх ашгийн төлөө хороо дүүргийн засаг даргаас эхлээд бүх төрийн байгууллагууд үйлчилдэг.

Зураг төслийн дагуу чанартай барилга баригдаж байгаа эсэхийг шалгах ёстой мэргэжлийн хяналтын байцаагчид эсрэгээрээ актлагдсан байруудаар явж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг лацдаж торгож дарамталдаг. Нэг ёсондоо байрыг нь үнэгүйдүүлнэ. Хороо дүүргийн засаг дарга нар өнгө үзэмжгүй хуучин байруудыг бушуухан буулгаад оронд нь баригдах шинэ байрны нээлт дээр тууз хайчилж хэвлэл мэдээллээр гарч од болох бодохоос иргэдэд учрах эрсдэл тэдний эрх ашгийг бодох сөгөө байхгүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар бол хараат бус байж хэн нэгэнд үйлчлэлгүй, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хууль журамын хүрээнд явуулж зохион байгуулах, иргэд хохирохгүй байх баталгаа нь байх ёстой атал чанаргүй байранд орсон иргэдийн гомдлыг авч хэлэлцэхгүй, байр орон сууцаа хууль бусаар нураалгуулсан иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр таг дуугүй. Жишээлбэл 100 айлын Жоби төвийн дэргэдэх хуучны цагаан байруудыг буулгасан компани дампуурснаар тухайн байрны оршин суугчид одоо болтол орох оронгүй айлаар амьдарцгааж байна.

Дахин төлөвлөлт зайлшгүй хийгдэж хуучирсан барилга байшинг буулгах нь ойлгомжтой. Гэхдээ эхнээс нь хууль, журамын хүрээнд хийхгүй бол цаашид улам их асуудалтай тулгарах болно.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)