Уул уулын цаадах умард нутаг

-БНАСАУ-Д ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-

НЭГ. ОНГОЦНЫ ЦОНХООР

“AIR KORYO” гэсэн бичигтэй Орос улсад хийгдсэн хуучивтар онгоц жаахан огцомдуухан сэгсрүүлсээр Пхеньянд газардлаа. Онгоцны цонхоор нов ногоон хөвчөөр бүрхэгдсэн намхан толгод үргэлжлэх агаад торлог мэтийн шигүү ургасан модод хөвөөлсөн тариалангийн талбай үзэгдэнэ. Онгоц хурдаа хасч цардмал замаар зугуухан гүйсээр урд талын хаалгыг улаан халз хивсний үзүүр дээр тааруулан зогсов.

Уртад зассан улаан хивсний зүүн гар дагуу дээхнэ үеийн соц орнуудын цэргийн нийтлэг өнгө болсон “цэрэг ногоон” хувцас бүхий хүндэт харуулын цэрэг, үлээвэр найрал хөгжим бэлэн жагссан байх бөгөөд ойролцоогоор 1000 орчим хүн хайрцаг эгнээ үүсгэн цэцэгт дохиур барин зогсжээ. Солонгос үндэсний хувцас болох өнгө өнгийн хамбугаар гоёсон бүсгүйчүүд, мөн европ хослолтой эрчүүд тэдгээр цэцгийн баглаагаар бараг нэгэн жигд шахуу даллан дохих аж.

ХОЁР. ХОТЫН ТӨВ ХҮРТЭЛ

Пхеньяны онгоцны буудлын барилга манай Чингис хаан нисэх буудлаас даруй хоёр дахин том бөгөөд БНАСАУ-ын улаан таван хошуут улаан тууз, хөх халзтай далбааг өндөрт мандуулжээ. Буудлаас гарахад зогсоолд багцаагаар 20 гараад жилийн өмнө түгээмэл байсан хуучны мерседес бензүүд элбэг. Нисэх буудлаас Пхеньяны төв хүртэл 30 гаруй минут цардмал замаар давхихад хот төлөвлөлт нь цэгцтэй, цэмцгэр. Голдуу өрнөдийн орнуудын мэдээллийн хэрэгслээс энэ улсын тухай ойлголт авдаг бидэнд бодит байдлыг нүдээр үзэх, “хаалттай” гэж нэрлэгдэх коммунист оронд зочлох нь туйлаас сонирхолтой. Юм бүгд нь өөрийн эрхгүй ажиглалт, харьцуулалтаар тусч байв.

Хотын төв хүртэл машин 60 гаруй км цагийн хурдтай давхиж явлаа. Замын баруун гар талаар тариалангийн талбай, ургамал бут ихтэй номин ногоон хөндий үргэлжилнэ. Зүүн гар талаар нийтийн зуслангийн байшин, нам дор уур амьсгалд зохицон ургадаг модод янз бүрээр эгнэсэн аж. Эрдэнэшиш, тутрагын талбай үе үе харагдах бөгөөд тариалангийн талбайд ажиллаж буй тариачид болон голдуу зам харгуй цэвэрлэсэн, цэцэг бут тэгшилсэн хүмүүс элбэг үзэгдэх нь 70 жилийн ойн бэлтгэлийн хэсэг байлаа.

“Air Koryo” онгоцонд суугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол “удирдагчийн тэмдэг”. Онгоцноос буугаад харсан үзсэн солонгос хүн бүрийн зүүн чанх энгэрт тус улсыг үндэслэгч Ким Ир Сен болон түүний хүү удирдагч Ким Чен Ир-ийн хос зурагтай тэмдэг зүүгээстэй нь анхаарал татна. Хотын төв рүү орлоо. Хүмүүс дугуй унах нь элбэг, машин сийрэг. Машины хувьд төрөл төрлөөр, ёоз ёозоор. Америк, өмнөд Солонгос машинаас бусад бүх төрлийн машин үзэгдэнэ. Голдуу германы хуучин машин элбэг бол японы тоёотагийн жийпүүд мэр сэр харагдана.

Зам дагуу хүмүүс алхах нь элбэг. Замын уулзвар бүрт эмэгтэй зохицуулагч анхаарал татна. Гялалзтал тосолсон хар ботинк, шагайнаас нэг төө хэртэй татсан цагаан оймс, өвдөгнөөс дээгүүрхэн цэнхэр банзал өмссөн цав цагаан цэрэг хүрэмтэй залуувтар бүсгүйчүүд цэх журамтай зогсож дохиураар яв цав дохиж, замын хөдөлгөөнийг удирдана. Тэдний гурван тал руу харах нь хүртэл огцом баруун, огцом урагшаа, огцом зүүн гэх мэтээр шувуу шиг үзэгдэнэ.

Иргэн, цэрэггүй мөнөөх тэмдгээ зүүсэн байх агаад эрчүүд нь хэлхгэр өргөн хар өмд, гурвалжин энгэртэй богино ханцуйтай хар бараан хүрэм дотуураа цамцгүй өмссөн байна. Энгийн нүдээр харахад илүүдэл жинтэй, удаан явдалтай хүн гэж бараг үзэгдэхгүй. Хотын гудамжаар явахад бүх бичиглэл, хаяг нь солонгос хэл дээр. Өөр орны хэл дээр нэг ширхэг ч зүйл дөрөв хоноход харагдсангүй. Орон сууц нь яг Монгол, Орос маягаар гахиур (цемент) зангидаж, тоосгоор дүүргэсэн бөгөөд тагт болгон нь цэцгийн баглаа алаглуулсан аж. Зам зургаан эгнээ, хоёр урсгалтай харьцангуй сийрэг, дээр нь хурд хэтрүүлдэггүй, явган зорчигчид яс гарцаар гардаг учир гэмт хэрэг зөрчил бага байдаг аж.

ГУРАВ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Хот төлөвлөлт нь цэгцтэй. Хотын төв цэг нь Ким Ир Сений нэрэмжит талбай. Энэ талбай 1954 оны наймдугаар сард нээгдсэн бөгөөд хожмоо дайны дараа дахин шинэчлэгдсэн. Хэмжээний хувьд 75 мянган метр квадрат. Дэлхийн хамгийн том төв талбайн жагсаалтад яг манай Сүхбаатарын талбайн дараа 48 дугаар байрт ордог. Дашрамд дурдахад, тус жагсаалтын VII Бээжингийн Тяньаньмэний талбай, 50 дугаарт Москвагийн Улаан талбай ордог. Хүмүүс эгнээд зогсохоор тус талбайд нэг зэрэг 100 мянган хүн элбэгхэн багтана. Талбайн хоймор нь ертөнцийн зүгээр бол баруун талдаа. Хоймор хэсэгт Ардын номын сан нэртэй хуучны ази маягийн шийдэлтэй үе шаталсан барилга байна.

Түүнээс чанх зүүн зүгт БНАСАУ-ын гол үзэл болсон “Жүччэ” үзлийн 170 метрийн өндөртэй чулуун цамхаг сүндэрлэнэ. Цамхагийн үүд нь гурван тоннын хос чулуун хаалга бөгөөд онгойж хаагддаг. Улсыг үндэслэгч Ким Ир Сений 70 насны төрсөн өдрөөр солонгосчууд дотоодын нөөц бололцоогоор тус цамхагийг босгосон аж. 150 метрт нь цахилгаан шатаар гарч галт бамбарын дороос хотыг бүхэлд нь харж болно. Цамхагийн баруун талд хотын төв хоймор өөд тэмүүлсэн гурван хүний дүрстэй хүрэл хөшөө сүндэрлэнэ. Нэг нь сэхээтэн ангийг төлөөлсөн бийр атгасан хүн, хоёр дахь нь тариачин ангийг төлөөлсөн хадуур барьсан эмэгтэй, гурав дахь нь ажилчин ангийг төлөөлсөн алх барьсан залуугаар нийгмийнхээ бэлгэ тэмдэг, тулгуурыг бэлгэддэг аж. Ийм бэлгэ тэмдэг хаа сайгүй чулуугаар ч, тугаар ч, хөшөө дурсгалаар ч үзэгдэнэ.

Тэедонг хэмээх мөрөн төв талбайн зүүн, мөнөөх цамхагийн баруун талаар хойноос урагш чиглэлтэй урсах буюу Пхеньян хотыг төв, баруун, зүүн хэсэгт хуваана. Хотын төв хэсгээр өндөр барилгууд сүүлийн үед эрчимтэй нэмэгдсэн аж.

ДӨРӨВ. ОРОН СУУЦ

2012 оноос барилга байгууламжийн ашиглалтад орох нь эрчимжсэн байна. Хуучны хорооллуудаа тэгшилж, оронд нь шинэ хорооллыг үе шаттай ашиглалтад оруулжээ. Хамгийн өндөр байшин нь 300 метр гаруй өндөр бөгөөд гурвалжин оройт цамхаг. Орон сууцны 30, 50 давхар барилгууд цөөн тоогоор ашиглалтад орсон аж.

Сууцыг мэдээж зарахгүй. Яг манай хуучны тогтолцоо шиг хүмүүст хуваарилж өгдөг. Жагсаалтад оруулж, тухайн хүний ажлын бүтээмж, гэр бүлийн байдал, гавшгай чанар, үлгэр дуурайлыг нь харгалзан байр хуваарилна. Сүүлийн үеийн байшингууд нь тас дөрвөлжин биш, зургаа юмуу найман талт дугуй өнцөгт, Ази маягийн хэв загвар шингээсэн аж.

ТАВ. БҮСГҮЙЧҮҮД

Улс орон бүрийн өнгө төрхийг тухайн газрын хүүхнүүдийнх нь цог жавхаа, гоо зүй, загвар, хувцаслалт илэрхийлдэг. Хүүхнүүдийн байр байдал нь улс орны дэглэмийн толь байдаг. Жишээ нь, Афганистанд бол урт цэнхэр “бурга”-тай хүүхнүүд зөвхөн гэрийн эрэгтэй хүнтэй хамт гадуур явах бөгөөд ганцаар олны хөлийн газар явах нь ховор. Дээр нь тэд шагай шүргэсэн өвч битүү цэнхэр өмсгөлийн цаана нүдээ хүртэл торон гивлүүрээр далдалдаг. 1950-иад он гэхэд хүүхнүүд нь богино банзал өмсдөг байсан улс шүү дээ, Афган. За үндсэн сэдэвтээ оръё.

Аялалд гарахын өмнө биднийг “Умардын” нутагт очоод аль болох “хойд” ба “өмнөд” гэж ялгаж битгий хэлээрэй гэж сануулсан байв. Тэр ёсоор бид аль болох “Солонгос” гэдэг ерөнхий нэрээр буюу эсвэл улсыг бүтэн нэрээр нь, гэхдээ англиар DPRK (Democratic People’s Republic of Korea) гэж дуудаж байв. За тэгэхээр “DPRK”-ийн өнгө төрх болсон бүсгүйчүүдийн байдлаас тус улсын дэглэмийн ялгааг харах гэж оролдъё.

Нас насны ангиллаар, сурагч уу, оюутан уу, ажил мэргэжлийн онцлогоос болоод үсний засалтын 10 гаруй засалтыг тогтоосон байна. Сургуулийн хүүхдүүд бол мөр шүргэсэн жигд тайрмал үстэй. Анх очихын өмнөх төсөөлөл бол хүүхнүүд нь өвдөгнөөс дээш банзал өмсдөггүй, эрээн мяраан даашинз өмсдөггүй гэсэн төсөөлөлтэй байв. Бодит байдал дээр арай өөр. Хүүхнүүд нь зүүн өмнөд Азийн бусад нийтлэг орон шиг майга биш, бие бялдар өв тэгш, гудамжаар хүртэл тэгш хамжааргатай алхана. Биеийн галбир харагдуулсан хувцастай, банзал нь өвдөгнөөс дээш төө хэртэй хүүхнүүд ч энд тэндгүй. Нэг үгээр бол бидний төсөөлөлд барууны хэвлэл мэдээллийн тусгал гүн нөлөөлснийг анзаарав. Сүүлийн жилүүдэд Умардад хүүхнүүдийн гоо сайхны хагалгаа эрчимтэй нэвтэрснийг дуулсан.

Умардын нэг онцлог бол ургамлын гаралтай эм, эмийн бэлдмэлүүдээрээ алдартай. Бусад орнууд шиг химийн олон найрлагатай бус дотоодын эко шийдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүн, тамир тэнхээ оруулдаг, олон төрлийн өвчлөлийг анагаадаг уламжлалт аргачлалаараа зарим улсаас түрүүлсэн байна. “Умардын бүсгүйчүүд, Өмнөдийн залуучууд” гэж үг бий гэж зарим хүмүүс хэлнэ лээ. Ерөнхийдөө бол Умардын бүсгүйчүүдийг өмнөдийнхөөсөө илүү царайлаг гэж таарсан хүн болгон хэлж байхыг сонссон.

ЗУРГАА. ҮЗЭЛ БА ХӨШӨӨ ДУРСГАЛ

Умард солонгосын аймаг нэгж бүрт тэдний хүндэтгэн дууддагаар “Улсын эцэг, их удирдагч нөхөр…” гэж заавал нэрнийх нь өмнөтгөл болгодог Ким Ир Сен болон, түүний хүү бөгөөд залгамжлагч Ким Чен Ирийн хөшөө дурсгалыг байгуулжээ. Тус орны хэмжээнд эцэг хүү хоёрын хамт зогсоо хөшөө 20 гаруй мянган газар байршжээ. Хаашаа л харна эцэг Ким баруун гараар алсыг зааж, хүү нь тэр зүгт нуруугаа үүрэн харж буй зохиомжтой хөшөө болон зурагт хуудас үзэгдэнэ.

Төр засгийн бүхий л барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, олны хөлийн газар дээрх зураг хүндэтгэл төгс байршсан байх бөгөөд шөнийн цагаар хүртэл зориулж гэрэл тусгасан байна. Удирдагч нарын хөшөө дурсгал, зурагт хуудаснаас гадна дайны үеийн сэдэвтэй хөшөө дурсгал олноор байгуулжээ. Харваас асар их санхүү, төсөв ийм маягийн “бүтээн байгуулалтад” зориулагдсан нь ойлгомжтой.

Социализмын жилүүдэд түгээмэл байдаг цөөн өнгийн ялгамжтай, баатарлаг дүрслэлтэй, тэмцэлт шийдэл бүхий үзэл суртал, ухуулгын ханын самбар зургууд энд тэндгүй үзэгдэнэ. Барилга байгууламжийн дээвэрт тогтоосон том том бичгийн утга нь “нэг зүрх, эв нэгдэл”, “Их удирдагч Ким Чен Ун мандтугай”, “социализм бол ялагдашгүй” гэх утга бүхий үй түмэн лоозонгууд хөвөрнө. Өөр нэг хөшөөний зохиомж бол өмнө дурдсан бийр, алх, хадуур гурвын хоршил бүхий дүрс хаа сайгүй сүндэрлэнэ.

Музей, удирдагч нарын бунханд лааны тосон баримлаар тэднийг яг амьд сэрүүн мэт бүтээсэн байх бөгөөд өмнө нь зогсож заавал бөхийн хүндэтгэл үзүүлэх горимтой. Тахин шүтэлтийн мөн чанарыг маш олон хэлбэрээр, олон арга барилаар төгс нэвтрүүлэхэд хөшөө дурсгал, түүнийг хүндэтгэх горим журам их хүч болдог бололтой. Гудамж талбайд харагдах орчин бүрт нүдэнд үзэгдэнэ, энгэрт тэмдэг нь зүүгээстэй, олны газар чанга яригчтай машинаар соц үеийн өтгөн хоолойтой хүмүүс дуулдаг дайны сэдэвтэй дуу цуурайтна. Одоогоороо дайны байдал үүсэхэд хүн бүр бэлэн мэт сэтгэгдэл төрөхүйц. БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын концерт дээр дэлгэцэнд дээрх хөшөө дурсгалыг дахин давтан үзүүлэх нь хүний тархи, оюун бодлын мэдээлэл хүлээн авах бүхий л сувгаар “социализм нэвчиж” буйг илэрхий харуулна.

2018.09.18 Улаанбаатар хот

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

 

Үргэлжлэл бий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)