Монголын хувцас загварын дөрвөн брэнд нийлж “Mongolian brands” boutique дэлгүүрийг нээлээ

2017 оны жилийн эцсийн байдлаар хувцас үйлдвэрлэлийн салбарт 1823 хүн ажиллаж, 48,1 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд үндэсний хувцас, пальто, жинсэн хувцас, спорт хувцасны үйлдвэрлэл амжилттайгаар өргөжин тэлж, хувцас загварын урлан олноор байгуулж байна.

Зах зээлийн нэг талд импортын бөөний үйлдвэрлэл давамгайлж байгаа бол нөгөө талд дахин давтагдашгүй цор ганц гутал, хувцасыг захиалгаар нийлүүлж байна. Энэ ч үүднээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оёдлын үйлдвэрүүдийг кластераар хоршин ажиллах замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, франчайз үйлдвэрлэлийг нутагшуулан экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлж, энэ чиглэлээр "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаараа ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Mongolian brands" boutique дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд  оролцож, хэлсэн үгэндээ дурдлаа.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Өндөр зэрэглэлийн, өдөр тутмын хувцас загварын салбарт үргэлжид шинэ соргогийг эрэлхийлж, гар урлалын чимэглэлээрээ онцгойрох болсон "O.Couture" брэнд, анх өрхийн үйлдвэрлэлээс гараагаа эхэлж, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон цөөн тооны гутал хийж байгаад 2008 онд компаниа байгуулсан “Chig” брэнд, дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй гадны зах зээлд гарахаар шамдан ажиллаж буй "MS leather" брэнд, бэлэн болон захиалгын хувцасны салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа дөрвөн дизайнерын нэгдэл "SONN UP" брэнд нь нийлж, "Mongolian brands" boutique дэлгүүрийг нээж байна.

Зайсан хилл цогцолборын G давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дэлгүүрийн нээлтэд олны танил, нэр хүндтэй загвар өмсөгч, дизайнер, дээр дурдсан брэндүүдийн үнэнч хэрэглэгч гээд нэг дор 100 гаруй хүн оролцсон юм.

Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, хүний өдөр тутмын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг салбар юм. Тиймээс энэ салбарт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлага бий. Нөгөө талаас жижиг үйлдвэрүүд хоршин, төрөлжсөнөөр хамтын хүч, нөөцөөр зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжтой гэдгийг O.Couture, Chig, MS leather, "SONN UP" брэндүүд харуулж байна.

Дөрвөн брэндийг үүсгэн байгуулагчид нээлтийн тууз хайчлав 

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдоос азтан шалгаруулж, бэлэг гардуулав

"Mongolian brands" boutique дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)