Оюу толгойн гүний уурхайд автомашин шатаж, 505 уурхайчинг гаргажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ талаар Оюу толгой компанийн эх сурвалж "Аравдугаар сарын 15-ны 9.30 минутын орчимд Оюу толгой компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан бөгөөд тус ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохиролыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажилласаар байна. Оюу толгой компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавидаг" гэв.

Энэ талаар ОБЕГ руу холбогдоход, "Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1383 метрийн гүнд/ дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан тухай мэдээллийг мөн өдрийн 17.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан мэдээлсэн" гэлээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)