Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна

Аравдугаар сарын 16-ны байдлаар 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээ ирүүллээ.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна. Ингээд ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнэээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд баруун хэсгээр, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-19-нд шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, 20-ноос шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20-нд Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-18-нд бүх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, 19-нээс хүйтэрч, шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

 

УРГАЦЫН ТӨВ ШТАБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)