Оюунлаг сургуулийн 195 саяар барьсан зам, байгууламжийг эвдэж, сүйтгэжээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын  Оюунлаг сургуулийн удирдлага, хамт олон  хүйтний эрч чангарахаас  өрсөн саяхан гаднах орчноо бүрэн тохижуулж  дуусгажээ.  Тус  сургуулийнхан энхэн донхол ихтэй 150  метр  авто болон явган хүний замыг  өөрсдийн 195 сая төгрөгөөр  цементэн хатуу хучилттай зам болгож шинэчлэх ажлаа дөнгөж дуусаад гуравч хоноогүй байтал  харамсалтай нь  гэнэтийн халдлагад  өртөж, хийж бүтээсэн  тэрхүү замыг нь шөнө дөлөөр бүлэглэж дайрсан  этгээдүүд юу ч үгүй болтол сүйтгэж орхисон байх юм.  Энэ тухай http://factnews.mn/   сайтад анх тавигдсан мэдээллийг лавшруулан шалгаж нягталсны санаа доор товч сийрүүллээ.

Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байр хүртэлх замууд  эвдэрч гэмтээд тоосжилт ихтэй болсон  тул автомашин байтугай явган хүн ч зорчиход  хүндрэлтэй  болоод байжээ. Иймээс  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийлэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Гантулга нар дэмжлэг үзүүлэн  хөрөнгийг нь тийнхүү тус сургуулиас  гаргуулан замыг нь засуулсан байв.  Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр  гэнэт энэ сарын 19-ны шөнө   уг зам зассан газрыг нь “Энэ чинь манай газар” хэмээн бөхчүүд тэргүүтэй  биерхүү, лагс бахим гучаад эрчүүд 195 сая төгрөгөөр босгосон тэрхүү замыг эвдэн нурааж эхэлжээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан барилга байгууламж барихыг хуулиар хориглодог.  Тэр бүх хуулийн заалтыг уландаа гишгэн  Оюунлаг сургуулийн хүч хөрөнгөөр хийсэн хатуу хучилттай замыг нь гуравхан хоногийн дараа эвдэхдээ тэнд хуучин байсан хашааг нь хүртэл нурааж, дараагийн шөнө нь дахиад шинээр хашаа барих гээд  тэр хавийн оршин суугч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар бөх байрын залуучууд иргэдийг гэмтээжээ.

  Тэдний эвдэн сүйтгэх, иргэдийг зодож дарамтлах  ажил цаашид хэрхэн өрнөхийг одоогоор таашгүй ажээ. Тиймээс тус орчны иргэд ,оршин суугчид тус үйл ажиллагааг Нийслэлийн газрын алба болон холбогдох хуулийн байгууллагууд хяналт шалгалт хийж асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаа аж.

  Засагдсан зам талбай 

Засагдахын өмнөх 

О.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)