Б.Батзориг: Цаг агаараас шалтгаалсан хүндрэлүүд гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүй

ОБЕГ, ХХААХҮЯ, БОХХАА-н байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг ургац хураалтын явцтай танилцаж, зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

БОХХАА-н Байнгын хорооны даргын  удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны  гишүүд,ажлын албаны ажилтнууд болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг  намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллаад ирсэн байна.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2мянган га-д тариалалт хийсэн. Хэдийгээр байгаль, цаг агаараас шалтгаалсан хэд хэдэн  хүндрэл гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүйг ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг онцолж байлаа.
Тэрбээр "Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8.48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж нийтдээ 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байгаа" гэлээ.

Долоодугаар сарын сүүлчээс наймдугаар сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн есдүгээр сарын эхэн дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орсноос 30 орчим мянган га нь ногоон тэжээл рүү шилжжээ. Үүнтэй холбогдуулан, ХХААХҮЯам ОБЕГ-т өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлснийг хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ шийдвэрлэсэн байна.

Хамтарсан ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь  “Атар трейд” ХХК-ийн  ургац хураалтын явц,  мөн суманд баригдаж буй тариалангийн талбайн хашаажуулалтын ажлын явц, “Гацуурт” ХХК-ын ургац хураалт, эрчимжсэн МАА-н үйл ажиллагаатай Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)