Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцана

Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр/10.22/ боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын зургаан мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаалах юм.

Еслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Нагояагийн их сургуулийн захирал Мацүо Сэйичи, Азийн сателит кампус институтийн захирал Исода Фүмио нарын албаны хүмүүс, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийн сацуу энэ жил Монголоос тус докторын тэтгэлэгт хамрагдсан докторантур оюутнуудад баяр хүргэв.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн зүгээс төрийн албан хаагчдад зориулсан докторын хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг үргэлж дээшлүүлж, мэргэшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс байнга анхаарч ирсэн. Ийм ч учраас ажлаа хийнгээ өөрийн салбартаа мэргэших, өндөр түвшний судалгааг Японы шилдэг профессоруудын удирдлага доор хийх боломжийг манай төрийн албан хаагчдад олгож байгаа Азийн сателит кампус институтийн хэрэгжүүлж буй докторын хөтөлбөр нь энэ жилээс хүрээгээ тэлж, хууль, анагаах ухаан, байгаль орчны салбараас гадна боловсролын салбарт доктор бэлтгэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг бид цаашид дэмжиж ажиллах болно” гэлээ.

Харин Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи “Нагояагийн их сургууль Азийн улс орнуудын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирлээ. Энэ үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр бол “Азийн улс орнуудын тэргүүлэх төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр” бөгөөд Монгол Улс дахь Азийн сателит кампусаараа дамжуулан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайн оронд байрлах оффисоороо дамжуулан Японд болон гадаад улсад докторын сургалт явуулах энэхүү хөтөлбөр манай орны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэлэг хөтөлбөр юм. Энэ жил 6 монгол оюутан элсэн орлоо, та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье” гэв.

Энэхүү докторын тэтгэлэгт хөтөлбөр нь Хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)