Австрали Улс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс уучлалт гуйлаа

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд, тэдний гэр бүлийн гишүүдээс уучлалт гуйхыг улс даяар уриаллаа.

Хүүхдийн хүчирхийллийн талаар таван жилийн турш үргэлжилсэн судалгааны дүнд 8000 гаруй хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс ихэнхи нь шашны болон төрийн хүүхэд хамгааллын байгууллагад гарсан нь Ерөнхий сайдыг улс даяар уриалга гаргахад хүргэсэн байна.

Ерөнхий сайд Моррисон нийслэл Канберра дахь парламентын ордонд ийнхүү хэлжээ. “Өнөөдөр манай улс сонсож, итгэж бас шударга ёсыг хэрэгжүүлж чадалгүй бүтэлгүйтсэн бодит байдалтай нүүр тулж байна. Биднийг уучлаарай. Тусалж чадаагүй хүүхдүүддээ зориулан хэлье, уучлаарай. Итгэл найдвараа уландаа гишгүүлж, асуудлыг шийдэх гэж зовж зүдэрсэн эцэг эхчүүдэд зориулан хэлье, уучлаарай”.

Улс орон даяар харамсал илэрхийлснээр Австралийн төр жигшүүрт гэмт хэргийн эсрэг хариу арга хэмжээ авч чадаагүйгээ бүрэн хүлээн зөвшөөрсний тэмдэг болсон. Харин улс даяар эмгэнэл илэрхийлж байсан явдал урьд нь 2008 онд л болж байсан удаатай юм. Тэр үед Ерөнхий сайд Кевин Рудд нутгийн уугуул иргэдийн хүүхдүүдийг уусгах буюу ижилсүүлэх бодлогын хүрээнд гэр бүлээс нь хүчээр салгаж нийгэмшүүлэх алхам хийсэндээ уучлалт гуйж байжээ.

Ноён Моррисон парламентын танхимд үг хэлж, улс даяар дамжуулсны дараа 800 гаруй хохирогчдын өмнө очиж дахин уучлалт гуйсан байна. Ерөнхий сайдыг уучлалт гуйж байхад танхимд байсан хохирогчид уйлж эхэлжээ. Тэдний нэг Австралийн Телевизийн корпорацид хэлэхдээ “Өрөөнд үнэхээр хүчтэй мэдрэмж төрж байсан. Би эргэн тойрноо хараад манай улс оронд үүнээс илүү хүчирхэг хүмүүс лав байхгүй дээ гэж бодсон. Би хохирогч гэдэгтээ бахархсан. Бас бүх хохирогчдын өмнөөс бахархах мэдрэмж төрсөн” гэв.

Ерөнхий сайд хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг бодлого, авах арга хэмжээгээ улам чангаруулна гэж амласан байна. Австрали Улс энэ жилээс эхэлж хүчирхийлэлд өртсөн хохирогчдод 150 мянган австрали доллар буюу 106 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох төслийг хэлэлцүүлж байгаа аж. Консерватив Засгийн газарт уг асуудлыг шийдвэрлэхэд өөр нэгэн сорилт тулгарч байгаа нь шашны уламжлал. Учир нь улс орон даяар хүүхдийн хүчирхийллийн талаар судалгаа авч, мэдээлэл цуглуулахад Католик шашны хуваргуудын наманчлалын дагуу олж авсан мэдээлэл хэрэгтэй бөгөөд шашны уламжлалын дагуу наманчилж хэлсэн үгсийг гуравдагч этгээдэд дамжуулж хэлэх боломжгүй билээ.

Эх сурвалж: Reuters.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)