Яармагийн шинэ гүүрийг арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил дуусах шатандаа орж байна. Уг төслийг Хятадын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани хэрэгжүүлж эхэлсэн юм.

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай шинэ гүүр нь хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурна гэдгийг албаныхан онцолсон.

Шинэ гүүрний ажил хэдэн хувьтай явагдаж байгаа хэзээ ашиглалтад орох талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулахад, “Яармагийн шинэ гүүрний ажил 95 хувьтай үргэлжилж байна. Цас орж цочир хүйтрэхгүй бол ирэх арваннэгдүгээр сарын 01-нд нээлтээ хийж, ашиглалтад бүрэн оруулна. Одоогийн байдлаараль нэг эгнээ зорчих хэсгийг хааж, хөдөлгөөнийг хязгаарласан зүйл байхгүй” гэлээ.

Мөн төслийн ерөнхий зохицуулагч Ц.Түмэн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, “Яармагийн гүүрний ажил төлөвлөсөн хугацаагаар явж байгаа. Харин ч наашаа гурван сарын хугацаа татсан байгаа. Хугацаагаараа 2019 оны нэгдүгээр сарын 31-нд нээнэ гэж байгаа. Аравдугаар сарын 1-нд шинэ болон хуучин гүүрний засварыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, түгжрэл үүсэхгүй гэсэн үг юм. Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд хэлж байна. Шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах юм.

Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачаааллыг даах, Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтэрч, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.184.64)

    2018-10-29

    Оросууд Крым рүү, Хятадууд Хонгконг Макаог холбосон 55 км гүүр далай дээр тавьсан. Бид хол хоцроогүй, Яармагийн гүүрээ нээх юм байна.