Сум хөгжүүлэх сангийн зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол гарчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллав.

Сүхбаатар аймгийн хувьд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй, томилсны дараа хянуулсан 12 албан хаагч, ХАСХОМ гаргаагүй болон хоцроосон 36, албан тушаалтны хууль бус шийдвэр гаргасны улмаас 2018 онд шүүхийн шийдвэрээр ажилгүй байх хугацааны нөхөн олговорт 74,7 сая төгрөг олгохоор шийдвэрлэснээс 28 сая төгрөгийг, ажлаас халагдсаны тэтгэмжинд 13,6 сая төгрөг тус тус төсвийн зардлаас олгосон байх бөгөөд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлээгүй байна. Зарим байгууллагад бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд ажилтан авч цалинжуулах, албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах зөрчлүүд түгээмэл байна.

Аймаг, сумын ИТХ болон ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоож байна. Тухайлбал, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2 шийдвэр, Наран сумын ИТХ-ын 2 шийдвэр, Аймгийн ИТХ-ын 1 шийдвэр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 шийдвэр байна. Мөн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж, иргэдээс хууль бус төлбөр хураамж авчээ.

Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, сум хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол байна. Тухайлбал, Наран сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж  байсан И нь дүү Э-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг О нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б-д  5 сая төгрөгийн зээл олгосон байна.

Засаг даргын нөөц хөрөнгөөс аймагт ирсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон дагалдан яваа 70 гаруй хүнд хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зочид төлөөлөгчдийн хоол, буудлын зардлыг даах зэргээр зориулалтын дагуу зарцуулаагүй, төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан байна.

Дээрх зөрчлүүдийг Сүхбаатар аймгийн удирдах албан тушаалтнуудад танилцуулж, зөрчлийг нэн даруй арилгах талаар Ажлын хэсгээс зөвлөмж өгч ажиллав. Цаашид хяналт шалгалтын үр дүнгийн талаар албан бичиг, зөвлөмж хүргүүлэх болно.

АТГ-ын ажлын хэсэг авлигын шинжтэй 5 үйлдлийг илрүүлсэн бөгөөд эдгээрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.114)

    2018-11-06

    cvxbaatar aimagiinxaan unshij bna u vvniig