Т.Доржханд: Төр бизнесийн ажилд хутгалдвал зээл эзэндээ очихгүй нь тодорхой

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.

-Дэлхийн ихэнх улс орон жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-д ихээхэн ач холбогдол өгдөг, дэмждэг. Гэтэл манайд өдий төдий хөрөнгө зарцуулсан ч байдал дээрдсэнгүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Монгол Улс өнөөдөр 30-35 хувийн ажилгүйдэл, түүнийг дагасан ядууралтай орон болж, баян хоосны ялгаа улам алсарсаар байна. Үүнийг гэтлэхийн тулд суулийн 10-15 жилд их хэмжээний мөнгө тараасан шиг халамжийн бодлого бус тогтмол, байнгын орлоготой ажлын байр л чухал. Ажлын байр бий болгохын тулд төрөөс татварын зохицуулалт хийх шаардлагатай. Ирэх онд нэг хувийн татвартай болох юм шиг байна. Нөгөө нь санхүүжилт. Цаашдаа энэ жижиг, дунд үйлдвэрлэлийн санхуүжилтийг зогсоочихвий гэсэн болгоомжлол нийгэмд байгаа бололтой. Тиймээс энэ байдлыг үргэлжлүүлэх хэд хэдэн гарц шийдэл бий гэж бодож байна.

-Тухайлбал, ямар гарц байна вэ. Арай дэлгэрэнгүй ярьж болох уу?

-ЖДҮ-ийн санхүүжилтийг шийддэг хүн нь Засгийн газрын сайд, орон нутгийн Засаг дарга байна. Энэ нь санхүүгийн байгууллагыг удирдаж байгаа хуулийн этгээд биш учраас ийм байж таарахгүй. Төр ингэж бизнесийн ажилд хутгалдвал зээл эзэндээ очихгүй нь тодорхой. Тиймээс төрийн ажил, бизнесийн санхүүжилт хоёр тусдаа байх ёстой. Улмаар санхүүжилтийн арга механизмаа зөв сонгох нь чухал. Үүнд хоёр шатлалтай төсөл буюу ТSL хувилбар байж болох юм. Үүнийг 2006 онд Японы эдийн засагчидтай зөвлөлдөж хийсэн. Засгийн газар арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгоно. Банк үүний дээр үйл ажиллагааны зардлаа нэмээд үйлдвэрлэл эрхлэгчдэд 8.0 хувийн хүү, 10 жилийн хугацаатай зээл олгохдоо эхний гурван жилд зээлийн хүүгээс чөлөөлнө гэсэн механизм боловсруулж байлаа. Тухайн үед 2-3 жилийн хугацаа, 20-30 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Бидний боловсруулсан энэ санал РРР буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн анхны загвар байлаа. Японы Засгийн газраас 25 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг 0.75 хувийн хүүтэй авч, эрсдэлийг дөрвөн хувьдаа шингээгээд банкаар дамжуулан эргэлтэд оруулсан. Банк мэдээж үйл ажиллагааны зардлаа нэмээд найман хувийн хүүтэй зээл олгохдоо өөрсдөө эрсдэлээ үүрэхээр тооцсон юм. Харамсалтай нь, 2012 онд Засгийн газар солигдмогц журмыг өөрчилсөн.

Монгол Улсын ЖДҮ-ийн тухай хуулиар жилд 1.5 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг ЖДҮ гэж тооцохоор заасан байтал үүнийг 1.5 тэрбум болгож өөрчилсөн. Ингэснээр ЖДҮ-д зарцуулах зээлийн хөрөнгийг өөрсдөдөө ашигтай байхаар зохицуулж, асар их зээл авч шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Тиймээс одоо дээрх системийг авч хэрэглэсэн нь оновчтой болох байх. Олон улсын жишгээр нэг ажлын байрыг 10 мянган ам.доллараар бий болгодог. АНУ, Японд ч дундаж нь ийм байгаа. Тэгэхээр ЖДҮ-ийн сангийн 500 тэрбум төгрөг эргэлдэж байгаа юм бол тэднээс 20 мянган ажлын байрыг нэхэх болж байна.

-Таны санал болгох дараагийн хувилбар нь юу байна вэ?

-Тусгай зориулалтын компани гэж байдаг. Төрөөс энэ компанийг уүсгэн байгуулахад оролцох боловч үйл ажиллагааг нь хувийн секторын менежементээр авч явах юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулсан ч болно. Давуу тал нь өөрсдөө эрсдэлээ үүрч, менежментээ хийх боломжтой бөгөөд манайд ашигласан ч болохоор систем юм. Үр дүн нь Засгийн газрын хөрөнгийн зарцуулалтыг удирдаж, өсгөх явдал.

-Хувийн компаниар ажил гүйцэтгүүлэх концессын гэрээ байж болох уу?

-Гуравдугаарт, гэрээ байгуулах арга хэлбэр байж болно. Төсөв хөрөнгө дутагдалтай учраас хятадуудыг авчраад замаа бариулчихъя. Зөрүүлээд мөнгөө өгчихье гэх нь концесс мэтээр олон жил тайлбарлаж ирсэн. Гэтэл концесс нь төрийн бүтцийг багасгах, түүний эрх мэдлийг хувийн секторт гэрээний үндсэн дээр дамжуулахыг хэлээд байгаа юм. Энэ байдлыг санхүүгийн секторт ч ашиглах боломжтой. Санхүүгийн тухай хуулиар эрх зүйн боломжийг нь нээчихсэн учраас мэргэжлийн хөрөнгийн удирдлагын компаниудтай гэрээ байгуулж, "Засгийн газрын 500 тэрбум төгрөгийг хоёр хувийн хүүтэй өсгөж өгөхийн хамт 20 мянган ажлын байр бий болгоорой" гээд хязгаарыг нь тавиад ажиллуулах юм. Тухайн компани зөвхөн зээл олгоод зогсохгүй хөрөнгө оруулалт хийж болно. Жишээ нь, гарааны бизнесийн компанид 20-30, зарим тохиолдолд түүнээс дээш хувийн хөренгө оруулалт хийн ашгаас нь хуваалцаж болох юм. "Shark tank" шиг. Миний хувьд ийм гурван хувилбар системийг дэвшүүлж байна.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндо (66.181.160.3)

    2018-11-06

    ХҮН намаа сэргээх ч юмуу, өөр ямар нэг аргаар шинэ залуусын оюун бодол хүч чадалыг нь нэгтгэх ажил хиймээр байнаа. Итгэж хүндлэж, найдаж явдаг шүү, Амжилт ерөөе.