Шинжлэх ухаан, технологи, инноваци нь хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн суурь асуудал гэж үзэж байна

 “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний хоёрдугаар чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, мэдлэгийг баялаг болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле нээж үг хэлсэн юм.

     Дэд сайд Ж.Сауле: "Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн үүрэг байдаг. Монгол Улс эдийн засгийн бүтэц, хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын талаарх чиг хандлагаа өөрчилж буй энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Үндэсний II чуулганаа зохион байгуулж байна. Бид удахгүй судалгааны сайн

, сайн үр дүнгээ дэлхий нийтэд зарлахад манай салбарын эрдэмтэн судаачид гол үүрэгтэй байна гэдэгт салбарын шинжлэх ухааны зөвлөлийг удирдан ажиллаж байгаа дэд сайдын хувьд бат итгэлтэй байна. 

Хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн гарааны компаниуд байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байгаа нь өмнөх чуулганы явцад хөдөө аж ахуйн салбарын инновацийн дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ чуулганы өмнө бид хөнгөн үйлдвэрийн салбарын инновацийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулахад бэлтгээд байна. Энэ бүхэн нь салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна.

Энэхүү чуулган нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын агробизнесийн сүлжээнд оролцогч бүх талууд хамтын ажиллагааны үүрэг, зорилго, зорилтоо нэгэн зүгт болгож, инновацийн суурь бүтцээ оновчтой зохион байгуулах арга замуудыг тодорхойлсон Зөвлөмжийг гаргаж, мэдлэгт суурилсан инновацийн экосистемийн шинэ цагийг салбартаа эхлүүлж байгааг харуулна гэдэгт итгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

     БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат: 2018 оны статистикийн мэдээгээр шинжлэх ухааны салбарт нийт 4,534 хүн ажиллаж байгаагийн 76.7% (3.482) нь үндсэн (орон тооны), 23.2% (1,052) нь гэрээт (хавсран) ажиллагчид байна. Үндсэн ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 77, боловсролын доктор (Ph.D) 432, магистрын зэрэгтэй 682 байгаа нь 54% байна. 2017 онд эхэлсэн инновацийн төслүүдээс дурдвал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн "Экспортын зориулалтаар хурганы мах үйлдвэрлэх өсөлтийн физиологид суурилсан технологи нэвтрүүлэх" төсөл, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх" төсөл, “Гарааны ургамлын элч” ХХК-ийн "Ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй Б-СУБТИЛ-99” биобэлдмэл үйлдвэрлэл", Хөдөө аж ахуйн их сургуулийн "Баяжуулсан шингэн болон үрлэн шим бордоо үйлдвэрлэх технологи" төсөл, “Монлатмит” ХХК-ийн "Хатаасан мах (жерки) үйлдвэрлэлийн технологи шаардлагад нийцэх онцлох бүхий махны хэвшлийн үхрийн сүрэг бий болгох" төсөл, Мөнх ногоон амьдрал нийгэмлэг ТББ-ын "Өвлийн нарлаг хүлэмжинд гүзээлзгэний суулгацыг нутагшуулан үржүүлэх" төсөл хэрэгжүүлж байгаагаа мэдээллээ. 

Чуулганд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, үйлдвэрлэгчид нийлсэн 200 орчим хүн оролцож байгаа юм. Үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)