Банк бус санхүүгийн 540 байгууллага үйл ажиллагаа явуулж байна

Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. 

Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)