О.Алтангэрэл УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандлаа

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татуулахаар Үндсэн хуулийн Цэцэд болон хариуцлага тооцуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мөн ЖДҮ-ийг хөгжлийг дэмжих дэд хороонд өргөдөл гаргасан байна. О.Алтангэрэлийн Үндсэн хуулийн Цэцэд хандсан албан бичгийг хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2018-11-12                                                                                                      Улаанбаатар хот

УИХ-ын зарим гишүүд Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл гаргах нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ:

Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр авсан тухай баримтууд олон нийтэд илэрхий болоод байгаагийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан тухай мэдээллүүд цацагдсаар байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаанар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь илрээд байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид 30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний 2 жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн.

Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөнтангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа ньҮндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна.

Хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, хүссэн зүйлээ бүх нийтээс булаан авч байгаа нийгэмд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ямар ч боломжгүй, харин ч хууль бус, шударга бус үйлдлийг өөгшүүлэхэд хүргэх хортой.

Энгийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байлаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар, хууль ёсоор олж авах эрхтэй. Энэ эрх бол шударга бусаар, хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авахгүй байх үүрэгтэй шууд холбоотой. Нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө иргэд, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, завшиж байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Ийм замаар олж авсан тэдний хөрөнгө шударга (хууль ёсны) байж чадахгүй. Тэдний хувиа бодсон үйлдлийн улмаас хэр олон энгийн иргэн, үйлдвэрлэл эрхлэгч дампуурч болохыг (магадгүй дампуурсан) ухамсарлах чадваргүй, ард иргэдээ гэх энэрэнгүй сэтгэлгүй, ховдог шунахай хүмүүсийг нийт иргэн, улсын ашиг сонирхолд илүү их хохирол учруулахаас нь өмнө эгүүлэн татах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “хувийн аж ахуй эрхлэх”-ийг үндсэн эрх болгон баталгаажуулсан байдаг. Энэ эрхээ эдлэхэд нь төрөөс уг эрхийг хангахуйц эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй иргэд (аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч)-д санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх баталгааг хуульчилсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль байдаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго нь үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах явдал юм. Уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжиж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ байдаг. Төрөөс хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бүрдүүлсэн энэ баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж шударгаар хүртэх ёстой. УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлахгүй боловч тэд энэ баталгааг хүртэх ёстой бол энгийн иргэдтэй адил нөхцөл, шаардлагыг хангаж, өрсөлдөх шаардлагатай бол шударгаар, ил тодоор өрсөлдөж олж авах ёстой байсан. Гэтэл УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь мянга мянган жирийн иргэдийн хувийн аж ахуй эрхлэх санхүүгийн баталгаа (боломж)-ыг булааж байна.

УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монголын нийт иргэнийг төлөөлөн төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулж байна. Үүгээрээ ч иргэдийн “...төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг зөрчиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг бүх нийтээр сахих үүрэгтэй, аливаа үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэх ёстой. Иргэд, сонгогчдын зүгээс нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоосоо түрүүнд тавьж ажиллаж чадна хэмээн итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн ийм ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж Үндсэн хуулийг зөрчиж байгаа тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байна. 

Иймд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,...-ийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “МУ-ын иргэн ...хөдлөх, ... хөрөнгө шударгаар олж авах эрхтэй”, 4 дэх хэсэгт заасан “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, 9 дэх хэсэгт заасан “...төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.31.110)

    2018-11-12

    энэ хаанаас гараад ирэв. Бас л нэг мөнгөний захаас зуурч дээ. Тансаг амьдралтай гар шүү.

  • зочин (122.201.21.24)

    2018-11-12

    Хулгайч хүмүүсээр хууль батлуулаад байж боломгүй