Горхи Тэрэлжийг тусгай хамгаалалттай газар гэж хэлэхэд хэцүү болжээ

Сүүлийн жилүүдэд нийслэлд хамгийн ойр орших Горхи Тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт амрагч, жуулчдын тоо эрс өсч газрын доройтол, хөрсний элэгдэл, эвдрэл  хэрээс хэтэрлээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд тухайн үед байгуулагдаж байсан үе өнөөдрийн байдалтай харьцуулахад аялал жуулчлалын даац эрс нэмэгджээ.  Тус цогцолбор газрын нийт талбайн 80 гаруй хувь нь аялал жуулчлал болон бэлчээрт ашиглагдан хүний үйл ажиллагааны нөлөөллөөр гамшигийн байдалд хүрээд байна. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1999 онд энд 30 гаруй аялал жуулчлалын бааз байсан бол өнөөдөр энэ тоо арав дахин өсөж 360 болжээ. Бидний тусгай хамгаалалттай гэх нутагтаа аялал жуулчлал хөгжүүлж буй энэ байдлыг хараад энд ирсэн гадны жуулчид элэглэн тохуурхаж байна.

ХААИСын харьяа Агро Экологийн сургуулийн багш, доктор хөрс судлагч Б. Одгэрэл,  докторант  Б.Лхамсүрэн бид хэд хамтран  2014-2017 онуудад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын амралт, аялал жуулчлал, малтай айл өрхүүдийн гол төвлөрөл бүхий Өвөр Горхийн Баруун, Зүүн амны тус бүр 10-аас дээш жил хашиж хамгаалсан болон зэрэгцээ орших хашаагүй талбайн хөрсний шинж чанарыг тодорхойлж, харьцуулан судалсан юм. Бидний судалгаанд хамрагдсан газруудад мал бүхий айлууд жуулчны баазуудын нягтшил дэндүү их байгаа нь хөрсний доройтол, элэгдэл, эвдрэлийг бий болгох гол нөхцлийг бүрдүүлж байна.    

Тус газар байнга суурьших хүн ам ч өдрөөс өдөрт өсөж арван жилийн өмнө 200-гаад өрх айл байсан бол өнөөдөр гурав дахин өсөж 650 өрх айлд 1700 шахам хүн амьдарч байна. Энд байрших малын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж  одоо 40 шахам мянган мал  бэлчиж бэлчээрийг үлэмж хэмжээгээр тахалж байна. Тус цогцолбор газарт байгаа 100 гаруй өвөлжөө,  хаваржаанд энэ олон мал байршиж, хавар зун намартаа хаашаа ч нүүхгүй тэр хавьдаа эргэлдэж байгаа нь энэ нутгийг тусгай хамгаалалттай гэж нэрлэхийн аргагүй болжээ. 

 

Төв аймгийн Эрдэнэ сум болон Налайх дүүргээс энд нүүж ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж, бэлчээрийн даац хэрээс хэд дахин нэмэгдсэнээс уулын ар хажуу, голын хөндий халцгай элсэн цөл болон хувирсан байна. Ялангуяа гантай жилүүдэд нутаг орны байдал бүр нүд халтирам. 

 

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын үйл ажиллагаа Ар, Өвөр Горхи, Тэрэлжид төвлөрч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль энд огт хэрэгждэггүй бөгөөд өнөөдрийн байдлаар  30 мянга орчим га талбайд 360 аж ахуйн нэгж байгууллага, амралт аялал жуулч бааз төвлөрч  хүн ам, машин техникийн хөдөлгөөн, малын бэлчээрийн хомсдол, зохицуулалтгүйгээс олон салаа зам харгуй гарч хөрсөн бүрхэвч доройтон ургамлын зүйлийн бүрдэл хомсдож, шарилж, лууль зэрэг хогийн ургамал эзлэх явдал хурдацтай тэлж  байгаа нь тусгай хамгаалалттай газар нутаг гэж хэлэхэд бэрх болжээ.  

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өвөр Горхийн Баруун, Зүүн амны тус бүр 10-аас дээш жил хашиж хамгаалсан болон зэрэгцээ орших хашаагүй талбайн хөрсний физик, химийн шинж чанарыг судалж, харьцуулан дүгнэх байдлаар хэрхэн өөрчлөгдсөн байгааг тодорхойлж үзэхэд   Горхийн Баруун амны хашааны гаднах талбайн уулын хар хүрэн хөрсний ширэгт давхаргын зузаан 23 %-иар, 0-8 см дэх ялзмагийн агууламж хашааны гаднах талбайд хашааны доторх талбайнхаас 3%-иар, 10-16 см дэх үе давхаргад 2.6 %-иар, шим тэжээлийн элементүүд болох фосфор, калийн агууламж мөн хашааны гаднах талбайд дээрх үе давхаргуудад 14-24 %-иар тус тус буурсан байна. 

Хөрсний физик шинж чанарын хувьд хашааны гаднах талбайн хөрсний нягт хашааны доторх талбайнхаас дээрх үе давхаргуудад 15%-иар, элсний агууламж 10 хүртэл хувиар тус тус нэмэгдэж, шаврын агууламж 5.6 %-иар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 66 %-иар тус тус буурсан байна. Эндээс үзэхэд Горхийн Баруун амны хашааны гаднах талбайн хөрсний шинж чанар нэлээд хүчтэй доройтож, элэгдэж эвдэрч байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрх үр дүнгээс үзэхэд Горхийн Зүүн амны хашаагүй талбайн уулын нугын хар шороон хөрсний ширэгт давхаргын зузаан 25 %-иар, 0-8 см дэх ялзмагийн агууламж хашаагүй талбайд хашааны доторх талбайнхаас 4 %-иар, 1.2 %-иар, шим тэжээлийн элементүүд болох фосфор, калийн агууламж хашааны гаднах талбайд дээрх үе давхаргуудад 18-34 %-иар тус тус буурсан байна. Хашааны гаднах талбайн хөрсний нягт хашааны доторх талбайнхаас дээрх үе давхаргуудад 10-15 %-иар, элсний агууламж 29-34 %-иар тус тус нэмэгдэж, физик шаврын агууламж 9-11 %-иар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 33 %-иар тус тус буурчээ. 

 

Товчхон дүгнэхэд Өвөр Горхийн Баруун, Зүүн амны хашиж хамгаалсан болон хашаагүй талбайн хөрсний нийт 96 дээжний дунджаар хашаагүй талбайн хөрсний ширэгт давхаргын зузаан 23-25 %-иар, ялзмагийн агууламж хөрсний 0-8 см дэх үед 3.6 %-иар, фосфор, калийн агууламж дээрх үе давхаргад 34 %-иар, шаврын агууламж 9 %-иар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн дунджаар 60 хүртэл хувиар тус тус буурч, хөрсөн дэх элсний агууламж хөрсний 0-8 см үед 30 хүртэл хувиариар нэмэгдсэн байна. Эндээс үзэхэд Өвөр Горхийн Баруун, Зүүн амны амралт, аялал жуулчлал, бэлчээрт ашиглаж буй талбайн хөрсний шинж чанар эрс доройтож, элэгдэл, эвдрэлд хүчтэй өртөж байна гэж үзэх үндэстэй.  Төрөөс цаашдаа энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд болон малтай иргэдийн тоог цөөлж бүрэн утгаар нь тусгай хамгаалалтанд авахгүй бол байдал тун хэцүүхэн болжээ. 

Ш. Пүрэвсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.115.35)

    2018-11-14

    Unen shu .Uneheer asuudal hetsuu. BOAJ yamnii nuhduud yu bodoj turuus tslin avch suudgiin. Gorhi-Tereljiin Hamgaaltin zahirgaani darga n ch yu hiiij yavdgiin. Batmunh gej zalitai zaluu bdag gsen. Anh Han Hentiin darhan gazriin hamgaalaltin zahirgaand joloohc hiigeed guij bsan chin genet turulariljij Gorhi tereljiin darga bolood huvidaa l yum hiihes turd hij bui yum n haragdahgui l bna.