Баянхонгор аймаг "эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах хөтөлбөр" хэрэгжүүлнэ

Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах 15.2 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт, тэр дундаа хүн ам олноор суурьшсан аймгийн төвүүдэд утааны асуудал уршиг тарих хэмжээнд хүрсэн. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн газар хамтран Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. Хөтөлбөрийн хэлэлцүүлэг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож Баянхонгор аймаг дахь агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Баянхонгор аймгийн төвийн хувьд агаарын бохирдол анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрт тус аймаг идэвхтэй хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргах болно гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байлаа. 2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөжээ. Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх аж.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)