Хятадын тал хүнээс шалтгаалахгүйгээр татан авалт хийх нөхцлийг бүрдүүлж байгаа гэв

БНХАУ их газрын боомтуудын нүүрсний импортоо ирэх хоёрдугаар сар хүртэл хязгаарлах шийдвэрийг гаргаснаас үүдэн Гашуунсухайт боомтын орчимд нөхцөл байдал хүндэрсэн гэх мэдээлэл гарсан.  Өнгөрсөн долоо хоногт нүүрс ачсан машины дараалал 140 гаруй км замд үргэлжилж байсан юм.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд ийнхүү хүндрэл гарч урт дараалал бий болсон нь дээрх мэдээлэлтэй холбоогүй гэдгийг "Эрдэнэс Монгол" ХХК-иас мэдэгдлээ.

БНХАУ-ын нүүрсний татан авалтаа багасгасан шалтгаанаа "Ганц модны боомт"-ын шалган нэвтрүүлэх цэгт “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, жолооч болон машинуудын мэдээллийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаатай холбоотой гэх тайлбарыг өгчээ. Тодруулбал, тэд шалган нэвтрүүлэх цэгийн хаалгыг автоматаар онгойлгодог болгож байгаа аж. Тэгэхийн тулд жолооч болон машины мэдээллийг компьютерт шивж байгаа аж. Нэг машины мэдээллийг оруулахад ойролцоогоор 30-40 минутыг зарцуулж байгаа юм байна.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр хэлэхдээ "Өнгөрсөн өдрүүдэд Гашуунсухайт авто замд 140 км зайд урт дараалал бий болсон. Үүнд Монголын талаас нөлөөлсөн зүйлгүй. Хятадын талын хийж буй технологийн шинэчлэлийн ажил дуусвал машинуудыг хилээр хурдан нэвтрүүлдэг болно. Дата мэдээллээ шивсэн тохиолдолд хүний хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр татан авалтыг хийдэг нөхцлийг Хятадын тал бүрдүүлж байна. Одоохондоо удаж буй ч цаашид хурдан нэвтрэх нөхцөл боломж бүрдэж байна" гэлээ.

Харин Монголын талаас цаашид ачааллыг бууруулах зорилгоор олон улсын тээврийн С зөвшөөрлийн тоонд хязгаарлалт хийнэ. Мөн уртын, урт буюу Тавантолгойн нүүрсний уурхайгаас Хятадын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг чиглэлийг өөрчилж урт, богино буюу нүүрсний уурхайгаас Цагаан хадны боомт хүртэл явах чиглэлээр тээвэр хийлгэх төлөвлөгөөтэй ажиллах юм байна. Мөн 2600 машины зогсоолтой амралтын бааз барих аж. Амралтын баазын барилга ирэх онд ашиглалтад орох бол зогсоол нь 12 сарын 1-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.

Өнгөрсөн амралтын өдөр Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайтад нүүрс тээврийн асуудлаар ажиллажээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын талтай уулзалт хийж, Хятадын талаас хил дээрх нүүрснээс татан авч эхэлсэн байна. Тэд технологийн шинэчлэлийг хийж дуустал өдөрт 200-300 машин хилээр нэвтрүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)