Б.Эрдэнэцэцэг: Ховд, Увс, Баян-Өлгийн зарим нутагт зуд болох эрсдэлтэй

“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” сэдэвт мэдлэг солилцох чуулган болсон. Энэ үеэр Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажилтан Б.Эрдэнцэцэгээс цаг агаарын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хүйтэн өвөл болно гэж хүмүүс ярих юм. Танай хүрээлэн  зудын зураглалыг хэрхэн гаргасан уу? Зураглалаар аль бүс нутагт зуд тохиох эрсдэлтэй байгаа бол?

-Ус цаг уурын хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг жил бүр гаргадаг. Энэхүү зураглалаар өмнөх зуны ган, зуншлагын байдлын мэдээ, цасан бүрхүүл 10 гаруй мэдээллийг нэгтгэж гаргадаг. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан зудын зураглалаас үзэхэд нийт нутгийн 20 гаруй хувьд зудын өндөр эрсдэлтэй гарсан. Үүнд, баруун бүсийн нутгууд тухайлбал, Ховд, Увс, Баян-Өлгийн зарим нутагт өндөр эрсдэлтэй. Завхан Өвөрхангайн, Баянхонгорын зарим нутагт бага зэргийн эрсдэлтэй гарсан. Гангын үр дагавар зуд гэж ярьдаг. Энэ жил зуншлага оройтсон. Тиймээс ургац багаас гадна мал  тарга тэвээрэг дутуу авсан. Мал тарга тэвээрэг муу байхад цас орж хүйтэрвэл нөхцөл байдал муудна. 

-Зудад өндөр эрсдэлтэй аймгуудад мэдээллийг хүргэсэн үү. Ямар арга хэмжээ авч ажиллаж  байна вэ?

-Өнөөдөр энэ зургалалыг тайлбар мэдээллийн хамт нийтэд түгээнэ. Улсын хэмжээнд мэдээллийг шуурхай хүргэдэг. Аймгийн цаг уурын алба, онцгой байдлаар манай мэдээлэл олон нийтэд хүрдэг. Өнгөт зурган мэдээ учраас аймгаас цааш сум, багт хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Мэрси Корпс олон улсын байгууллагатай хамтран мэссэжээр зуд болон бэлчээр, цаг агаарын зэрэг 12 төрлийн мэдээллийг хүргэдэг болоод байгаа.  Тухайн иргэн багийнхаа кодыг 130150 дугаарт илгээж эдгээр  мэдээллийг 50 төгрөг төлж хүлээн авдаг. 

-Зуд болохоор л  малчдыг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадаагүй гэж   буруутгах хандлагатай ажиглагддаг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Зуд байгал цаг уурын хүчин зүйлээс гадна олон зүйлийн шалтгаантай. Дан ганц малчин хүнд буруу өгч болохгүй. Бэлчээрийн хүрэлцээ хангамж зуд болоход их чухал. Бэлчээр өвс тэжээл нь малд нь хангалттай бол хэн ч зуднаар малаа алдахыг хүсэхгүй. Гэтэл бодит байдал дээр бэлчээр өвс тэжээл бэлтгэх боломжгүй бүс нутаг их байгаа шүү дээ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ой талын бүс нутагт жилийн жилд цагаан зудын нөхцөл байдалтай байдаг. Хадлан тэжээл сайн бэлтгэдэг учраас тухайн бүс нутгийн малчид өнчин ишигний гарзгүй онд ордог. Эсрэгээрээ говь хээр талын бүс нутагт ургац хураалт бага түвшинд байдаг. Тйимээс дан ганц малчдыг буруутгах нь учир  дутагдалтай.

Б.Заяа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)