А.Энхбаатар: Өсвөр насны цахим хэрэглээг бууруулахад технологийн дэвшлийг ашиглах нь зүйтэй

Интернэт болон цахим орчинд хүүхдүүд насанд тохироогүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн үед ихээр гарах болсон. Үүнээс улбаалан өсвөр насныхны дунд цахим халдлага, донтолтод өртөх явдал ихэсч буйг олон үйл явдал харуулж байна. Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулах үүднээс үндэсний хэмжээний томоохон судалгааг анх удаа хийжээ. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх тус судалгаанд улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92 хувь  нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол  орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсэн нь дийлэнхдээ 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэдэг вэ гэхэд 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулсан байна. Манай сурвалжлах баг өсвөр үеэ цахим халдлага, донтолтоос хамгаалахын тулд холбогдох газрууд ямар ажил зохион байгуулж, гарах арга замыг хэрхэн эрэлхийлж буйг сурвалжилсан юм.

Юуны түрүүнд дээрх судалгааг явуулсан Гэр бүлхүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-Яагаад цахим хэрэглээтэй холбоотой судалгаа хийх болсон бэ?

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн цахим хэрэглээтэй холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болох, донтох эрсдэл эрс нэмэгдсэн. Бид долоо хоногийн 24 цагаар хүүхдийн эрх, зөрчилтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл хүргэдэг хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд 237 хувиар өссөн байна. Тухайлбал, 2015 онд 58, 2016 онд 85, 2017 онд 237, 2018 онд 129 дуудлага ирснийг агуулгаар нь авч үзвэл “Хүчирхийлэл үйлдэгдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг бичлэг фэйсбүүк хуудсанд байршуулж байна”, “Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч фейсбүүкт байршуулах, хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжлох”, “Хүүхдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй, үнэ тохирч авах, сүрдүүлэх зэргээр авч фейсбүүк хуудсаар хүмүүст зарж худалдаалах болон, хүүхдийн нэр төрд халдах, сүрдүүлэх оролдогыг хийж байна” гэсэн дуудлага их иржээ. Үүний цаад талын шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээг судлан тогтоосон. Ингээд аймаг бүрээс нэг сургууль, улаанбаатар хотын дүүрэг бүрээс хоёр сургуулийг сонгон багш,эцэг, эх, хүүхдийг хамруулсан судалгаа хийлээ. Зөвхөн сурагчдыг оруулах нь хангалтгүй санагдсан юм.  

-Тухайлбал, 108 утсанд ямар агуулгатай дуудлага хүлээн авч байна вэ?

-Олон харамсалтай жишээ бидэнд байна. Нэгэн өсвөр насны охинд 20 мянган төгрөг өгнө гэж амлаж биеийн тодорхой хэсгийг ил гаргасан зургийг нь авч, түүгээрээ дамжуулж бэлгийн харьцаанд орохыг шаардаж дарамталсан тохиолдол байна. Мөн сурагч  хүүхдүүдийн зургийг  элдвээр зохиомжлон зүй бус үг, хэллэгээр доромжлох, дарамтлах тохиолдол их байгаа юм.

-Судалгаанд зөвхөн 11-18 насны хүүхдийг хамруулсан нь хангалттай гэж үзэж байна уу?

-Бидэнд ирж буй дуудлага мэдээллийн 80 орчим хувь нь сошиалд дарамт учирж байна гэх шалтгаан эзэлж байгаа юм. Үүний дундаас фэйсбүүктэй холбоотой дарамт ирж байна гэх дуудлага эзэлж байна. Гэтэл фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байгаа юм.

-Өсвөр үеэ цахим халдлагаас хамгаалах ямар арга зам байна вэ?

-Бид өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-тай хамтран судалгаа явуулсан. Гэрийн орчинд интернэт үйлчилгээ үзүүлж буй компаниуд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан цахим хэрэглээтэй  холбоотой зохицуулалтыг биелүүлдэггүй. Уг нь интернэт үйлчилгээ үзүүлэгч оператор компаниуд айл өрхөд интернэт үйлчилгээ үзүүлэх гэж буй компаниуд хэрэглэгчээс “Танай гэр бүлд 18 хүртэлх насны хүүхэд байгаа юу” гэдгийг  асуух ёстой. Хэрвээ байгаа тохиолдолд бага насны хүүхдэд тохиромжгүй контентыг хаалгах, шүүлгэдэг программ хангамжийг суурилуулах уу гэдгийг асуух үүргийг интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд хүлээдэг. Энэ үүргээ хэрхэн биелүүлж буйг судлан тогтоосон. Судалгааны үр дүнд нэгэн сонирхолтой дүн гарсан. 13-аас доош насны хүүхэд өөрийн гэсэн хаяг үүсгэх боломжгүй гэдгийг мэддэг хүн тун бага байсан. Харин эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд ормогц фэйсбүүк хаяг нээж өгдөг тохиолдол их байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд нас, бие сэтгэхүйдээ тохирохгүй мэдээллийг олж авах нь манай оронд нээлттэй байна. Үүнийг л хязгаарлах ёстой. Тэгсэн цагт аажмаар цахим халдлагад өртөж буй өсвөр насны хүүхдийн тоо буурах боломжтой. Үүнд гар утасны операторуудын оролцоо ч чухал байна. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд ороцлогчдын гурван хүүхэд тутмын нэг нь бусдын нэр дээрхи гар утасны дугаараар дата үйлчилгээг утасны операторуудаас авдаг байна. Тиймээс гар утасны оператор компаниуд хүүхдэд дугаар олгохдоо регистрийн дугаараар бүртгэлжүүлж, хүүхдийн насанд тохироогүй контент мэдээллийг хязгаарлах техникийн боломж бололцоо бидэнд байна. Мөн харилцааг зохицуулсан хууль гаргах хэрэгтэй. Хамгийн чухал нь интернэт, сошиал орчинг зөв зохистой хэрэглэх арга замыг хүүхдүүдэд  зааж өгөх ёстой. Мөн эцэг, эхчүүд үүнд хяналт тавьж, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх учиртай.

-Эцэг, эхчүүд үүнд ямар оролцоотой хандах ёстой вэ?

-Судалгаанд оролцогч хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурсан байна. Гэтэл хүүхдийнхээ интернэт орчинд хязгаар тавьж хяналт тогтоох ёстой эцэг, эхчүүдийн цахим орчноос мэдлэг мэдээлэл хүлээн авах чадвар доогуур түвшинд байна. Ийм тохиолдолд эцэг, эхчүүд өөрсдийгөө мэдлэгжүүлж, чадвахжуулах шаардлагатай байна.

-Дэлхийн бусад оронтой харьцуулахад манай өсвөр насныхны хэрэглээ хэр хэмжээнд байгаа бол?

-Цахим орчинд өсвөр насныхан халдлагад өртөх болсон нь дан ганц монголынх бус дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудал. Монгол хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байна. Энэ бол дэлхийн бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Европт 25 залуугийн нэг  нь интернэтэд холбогдоогүй,  африкт таван залуу тутмын гурав нь холбогдоогүй байдаг бол  хөгжиж байгаа оронд энэ тоо 40 хувьтай, хөгжингүй оронд 82 хувьтай байна.

-Цахим орчинд хүүхдүүдэд ямар эрсдэлтэй учирч байна вэ?

-Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэйг сурталчлан таниулж байна.

-Цахим дарамт, халдлага эрсдэлд өртсөн хүүхдэд ямар тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Манай агентлаг нь 21 аймаг ёсөн дүүрэгт салбартай. Бид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Цахим халдлагатай холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Сэтгэл зүйн заслын үйлчилгээ шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай холбон жуучлах үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэж нэрлэдэг.

Цахим халдлага, донтолтын эсрэг сургуулиуд ямар арга хэмжээ авч буйг сурвалжлахаар бид Ерөнхий боловсролын сургуулийг зорилоо. Бид эхлээд Нийслэлийн Ерөнхий боловсролын XVI дунд сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваатай уулзсан юм.

Г.Нямдаваа: Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ анхаардаггүй

-Манай сургууль цахим халдлага, донтолт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар сурагч хүүхдүүддээ байнгын сургалт зохион байгуулдаг. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургагч багш, дүүргийнхээ Гэр бүл хүүхэд залуучуудын төв, цагдаагийн хэлтэс, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Бага ангиас V ангийн хүүхдүүдийг сонгож, сургалт зохион байгуулдаг. Учир нь энэ насанд цахим тоглоомонд донтох эрсдэлтэй байдаг. Энэ намрын хувьд Ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдийг сургалтад хамрууллаа. Анги болгоноос таван эцэг, эхийг хамруулж байна. Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ анхаардаггүй. Эцэг, эхийн хуралд ч идэвхтэй оролцдоггүй сул талтай байдаг. Ажиглаад байхад хүүхдээ анхаардаг эцэг, эхийн хүүхдүүд аливаа хүнд асуудлуудад холбогдож, орооцолдох нь бага байдаг. Манай сурагч цахим халдлагад өртлөө гэсэн мэдээлэл бидэнд ирж байгаагүй. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс сургалт сурталчилгааг тогтмол явуулж байна.

XVI сургуулийн 8В ангийн сурагч Х.Одзаяа

-Сургуулиас цахим халдлагын тухай мэдээлэл өгөхөөс өмнө ээж минь фэйсбүүктээ танихгүй найзын хүсэлт авч болохгүй шүү гэж зөвлөдөг байсан. Сургуулиас зохион байгуулсан сургалтад суугаад илүү мэдээлэлтэй болсон. Тухайлбал, өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлах ёстой гэдгийг ойлгосон. Интернэтийг аль болох бага ашиглахыг  хчиээдэг. Унтахаасаа өмнө фэйсбүүк рүү ордог. Тавдугаар ангидаа эгчээрээ фэйсбүүк хаяг нээлгэж байсан. Ер нь хүүхдүүд ихэвчлэн фэйсбүүк хаягаа нээхдээ төрсөн он сараа хуурамчаар үйлддэг байх.

XVI сургуулийн 7Б ангийн сурагч Э.Анхаа

-Цахим орчинд сайн муу маш олон хүн байдаг. Тиймээс том, жижиг гэлтгүй хүмүүс танихгүй хүнтэй фэйсбүүк цахим хаягаар харилцаа тогтоох нь буруу гэж боддог. фэйсбүүк хаягтай болоод хоёр жил болж байна. Ахаараа фэйсбүүк хаяг нээлгэж байсан.  Манай аав цагдаа хүн. Тийм болохоор энэ төрлийн талаар ойлголт бий.  Танихгүй хүний найзын хүсэлтийг хүлээж авдаггүй.

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)